2006-12-12

NOVOSIBIRSK


1893 онд транс-сибирийн төмөр замыг тавьж байх явцад Обь мөрний эрэг дээр Новониколаевск нэртэй жижигхэн суурин байгуулагджээ. 1897 онд Обь мөрний дээгүүр барьсан гүүр ашиглалтад орж төмөр замын хөдөлгөөн эхлэв. Харин Новониколаевск суурин өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байв. Оросын 1-р Николай хааны нэрийг мөнхжүүлэх зорилгоор Новониколаевск гэж энэ сууринг нэрлэсэн түүхтэй юм байна. 1897 оны байдлаар Новониколаевскийн хүн ам 26 мянгад хүрчээ. Иймд уг сууринг хотын статустай болгов. Жижигхэн суурин богино хугацаанд тэлж хот гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь ашигтай газар зүйн байрлалтай нь холбоотой байв. Алс Дорнодоос баруун зүгийг, бас баруунаас Алс Дорнодыг зорьж яваа хүн бүхэн энэ хотоор заавал дамждаг болов. Ингэснээр Новониколаевск худалдааны төв болж чадав. Хотын статустай болсноос хойш Новониколаевск Сибирийн хамгийн том хот болж чадсан байна. 1917 онд тус хотод 107 мянган хүн аж төрж байв. 1921 оны 6 сард Новониколаевск хотыг Новониколаев мужын төв гэж албан ёсоор зарлажээ. Ийнхүү Сибирийн засаг захиргааны төв болов. Омск хотод төвлөрч байсан захиргааны байгуулагууд Новониколаевск хот руу шилжиж ирлээ. 1921-1925 онд Оросын Засгийн Газар засаг захиргааны нэгжид бүтцийн өөрчлөлт хийхдээ “Сибирийн хязгаар” хэмээх засаг захиргааны нэгж бий болгов. Сибирийн хязгаарын бүрэлдэхүүнд Алтай, Омск, Новониколаевск, Томск, Енисей мужууд, Ойрадын автономит муж багтжээ. Сибирийн хязгаарын нийслэлийг Новониколаевск хотоор сонгосон байна. Ингэхдээ хотын нэрийг НОВОСИБИРСК болгож өөрчилжээ. 1924 оноос энэ хотод анхны автобусны бааз, радио станц нээгджээ. 1926 оноос Сибирийн өргөн нэвтрүүлгийн радио “СИБРАДИОЦЕНТР” ажиллаж эхлэв. 1920-оод оноос Новосибирск хотод томоохон аж үйлдвэрийн комбинат баригдаж эхэлсэн гэнэ. Өнөөдөр Новосибирск хот Уралын нурууны ард дахь хамгийн том хот гэдэг статусаа хадгалсан хэвээр байна. Алс Дорнод, Азийн орнуудаас Европ руу тээвэрлэж байгаа ачааны дийлэнхи хэсэг нь Новосибирскийн төмөр замаар дамжин өнгөрдөг. Түнчлэн энэ хот Сибирийн эрдэм шинжилгээний төв. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбар энд байрладаг бөгөөд стратегийн чухал эрдэм шинжилгээний лаборатори энд ажилладаг. Новосибирск хотын нисэх онгоцны буудал долоо хоногт 500 онгоцонд үйлчилгээ үзүүлдэгийн 50 нь олон улсын чиглэлийн онгоцнууд гэнэ. Новосибирск хот нь Японы Саппора, Хятадын Меньян, АНУ-ын Миннеаполис хотуудтай ах дүүгийн холбоо тогтоожээ.
MEDENEWS

No comments: