2006-12-04


Нью-Йорк хотын төвд зассан Зул сарын баярын сүлд модны гэрлэн чимэглэлийг асаажээ. Нью-Йорчууд бүр 11 сарын 30 өдөр хотынхоо хамгийн “гол” сүлд модоо зассан байна. Дуу хуургүйгээр ямар ёслол, баяр наадам болох билээ. Сүлд модны гэрлэн чимэглэлийг асаах ёслолд олон арван дуучид, хөгжимчид оролцжээ. Тэдний заримаас нь нэрлэвэл Стинг, Джон Ледженд, Кристина Агилера, Бетт Мидлер гээд урт жагсаалт гарах гээд байна. Энэ үйл ажиллагааг Америк даяар NBC телевизийн сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Нью-Йоркийн төв талбай Рокфеллер-плазад зассан сүлд модыг 30 мянган ширхэг өнгөт чийдэнгээр гоёжээ. Түүнчлэн 2,7 метрийн диаметртэй болор од сүлд модыг чимж байгаа юм. Нью-Йорк хотын сүлд мод 2007 оны 1 сарын 6 өдөр хүртэл Рокфеллер-плазад байрлах болно. 26,8 метр өндөр 9 тонн жинтэй энэ сүлд модыг бүр өнгөрсөн 11 сарын 11-өдөр Рокфеллер-плаза талбайд байрлуулсан ажээ. Тэгээд 11 сарын 30 өдөр гэхэд сүлд модоо чимэглэж дуусчээ. Нью-Йоркийн төвд зассан сүлд модыг АНУ-ын Коннектикут мужын баруун хэсэгт байрладаг Рижфилд хотоос зөөж авч иржээ. Нью-Йорк хотын сүлд модны гэрлэн чимэглэлийг асааснаар АНУ-д зул сар, шинэ жилийн баярын “сезон” албан ёсоор эхэлдэг уламжлал нэгэнт тогтжээ. Баярын уур амьсгалд умбаж байх хугацаанд Нью-Йорк хотын сүлд модны дэргэд барагцаагаар 2 сая хүн ирж зурагаа авахуулдаг ажээ.

No comments: