2006-12-07

Оросын компаниуд Монголын уул уурхайн салбарт тэмүүлж байна.

Монгол улсын Өмнөговь аймгийн Таван толгой дахь нүүрсний орд газрыг ашиглах эрх авахаар өрсөлдөж байсан Оросын гурван компани нэгдэж консорциум байгуулах шийдвэрт хүрсэн байна. “Базовый Фонд”, “Ренова”, “Северсталь” өмнө нь тус тусдаа энэ ордыг эзэмших эрх авахаар өрсөлдөж байсан юм. Таван Толгой бол сайн чанарын нүүрстэй дэлхийд ховорхон байдаг орд газар юм. Уг орд газар нь Зүүн Өмнөд Азийн асар хурдтай хөгжиж байгаа зах зээлд ойрхон нь дэлхийн олон орны хөрөнгө оруулагчидын анхаарлыг татаж байна. “Базовый Фонд”, “Ренова”, “Северсталь” компаний удирдлагууд уулзаж Монголын Таван Толгойн орд газарт түшиглэн олборлох үйлдвэр байгуулах, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг нарийн тохиролцох юм байна. Оросын консорциум нь хүрээлэн байгаа орчин, бүс нутгийн хөгжилд анхаарна гэж мэдэгдэж байна. Базэл компаниас гаргасан мэдэгдэлд хэрэв консорциум нь эрх авч чадах юм бол Монголын засгийнгазрын итгэлтэй түнш нь болж чадна гэж онцлон тэмдэглэжээ. “Базовый Фонд” хөрөнгө оруулалтын фонд нь 1997 онд “Сибирский алюминий” нэрээр байгуулагдсан бөгөөд 2001 онд “Базовый элемент” гэж нэрээ сольжээ. Одоогоор Базэл нь эрчим хүч, машин үйлдвэрлэл, байгалийн баялаг, санхүүгийн үйлчилгээний салбарт гол активаа оруулжээ. Тус байгуулага нь 290 мянган ажилтан албан хаагчтай юм байна.
Харин Ренова компани нь 1990 онд байгуулагдсан оросын томоохон компаниудын стратегийн хөрөнгө оруулагч юм. Металлург, газрын тос, машин үйлдвэрлэл, уулын баяжуулах, хими, барилга, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Оросын 34 бүс нутагт салбартай. ТУХН, Европ болон АНУ, Африкт хөрөнгө оруулалт хийжээ.
Северсталь нь бас оросдоо томоохонд ордог аж үйлдвэрийн компани юм байна. 2005 онд тус компани нь 10,8 сая тонн ган боловсруулжээ. Тус компаний нийт хувьцааны 90,09 хувийг Алексей Мордашов эзэмшдэг юм байна.
"AK&M" сонинд 2006 оны 11 сарын 30 өдөр нийтлэгджээ.
Орчуулсан MEDENEWS

No comments: