2006-12-12

ЧИЛИЙН ДАРАНГУЙЛАГЧ ПИНОЧЕТ НАС БАРЛАА.


Аугуста Пиночет Угарте 1915 онд Вальпараисо хотод төржээ. Түүний эцэг Аугусто Пиночет Вера нь гаалийн албанд ажилладаг байв. Харин эх Авелина Угарте Мартинес гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж зөвхөн хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаардаг байв. Аугустогийн удмынхан дундаж амьдралтай хүмүүс байсан бөгөөд амжиргааны түвшингээ дээшлүүлэх цорын ганц арга нь цэрэгт алба хаах явдал байв. Иймээс 17 нас хүрээд Аугусто Пиночет Сан Бернардогийн хуурай замын цэргийн сургуульд элсжээ. Үүнээс өмнө тэр Гэгээн Рафаэлийн семинар, Кильота, Вальпараисо дахь Гэгээн Франц Эцгийн сургуулийг дүүргээд байв. Сан Бернардогийн хуурай замын цэргийн сургуульд 1933-1937 онд суржээ. Ингээд офицер цолтойгоор Когсепсьоне орчмын Чабабукогийн хороо, дараа нь Вальпараисод Майпогийн хороонд алба хаасан байна. 1948 онд Пиночет Чилийн Зэвсэгт хүчний Академид элсээд 3 жилийн дараа төгссөн байна. Академи төгссөний дараа цэргийн анги нэгтгэлүүдэд зэвсэгт хүчний нарийн мэргэжлийн багшаар ажиллав. 1953 онд Пиночет “Чили, Аргентина, Болив, Перугийн газар зүй” нэртэй анхны номоо хэвлүүлжээ. Ингээд Чилийн Эрх Зүйн Их Сургуульд орсон боловч энэ сургуулийн дипломыг авах хувь заяа байсангүй. 1956 онд түүнд Эквадорт улсын Кито хотод Цэргийн Академи үүсгэн байгуулахад туслах даалгаавар өгч явуулжээ. 1959 оны сүүлээр Пиночет Чилид эргэн ирээд цэргийн хорооны дарга, Штабын дарга, Зэвсэгт хүчний Академийн даргын орлогч зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байв. Түүнчлэн энэ хугацаанд “Чилийн геополитикийн түүх”, “Геополитика” нэртэй эссе бичиж хэвлэн нийтлэж байв. 1971 онд Пиночет Сантьяго хотын цэргийн гаринзоны захирагчын албан тушаалд дэвшив. Ийнхүү ерөнхийлөгч Сальвадор Альендегийн тэргүүлсэн Ард Түмний Эв Нэгдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орох болжээ. Тэрээр 1974 онд цэргийн хүчээр төрийн эргэлт хийжээ. 1974 оны 12 сараас 1990 оны 3-р сар хүртэл Чилийн ерөнхийлөгчөөр ажиллав. Бүх нийтийн санал асуулгын дараа ерөнхийлөгчийн суудлаа Патрисио Эйлвинд шилжүүлсэн боловч Чилийн зэвсэгт хүчний ерөнхий командлагчын албан тушаалыг өөртөө хадгалж үлдэв. 1998 оны 3 сарын 11 өдөр энэ албан тушаалаасаа огцорсон ч бүх насаараа Сенатын гишүүн байх эрхтэй үлджээ. 1998 оны 10 сард Пиночет Лондон хотын хувийн нэгэн эмнэлэгт мэс засал хийлгэжээ. Чухам энэ үед түүнийг Испаний засгийн газрын гомдлын дагуу хууль сахиулах байгуулагынхан баривчилсан байна. Испаний засгийн газрын гомдолд дурдсанаар бол Пиночетийг төр барьж байх үед олон зуун Испаний иргэд Чилид аялал жуулчлал, хувийн болон албан томилолтоор ирээд ор сураггүй алга болсон юм байна. Испаний засгийн газар Пиночетийг шүүхээр яллахын тулд Английн эрх баригчидаас авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Гэвч Пиночет Чилийн сенатын гишүүний халдашгүй дархан эрхтэй тул Испани улсад шилжүүлэн өгөх эрх Их Британи улсад байхгүй гэж Лондон хотын шүүх үзжээ. Гэтэл Лордын танхим нийслэлийн шүүхийн шийдвэрийг цуцалж Пиночетыг баривчлах нь хууль ёсны хэрэг гэв. Тухайн үеийн Чилийн эрх баригчид Пиночетыг баривчилсан нь хууль бусаар үл барам Испаний хууль сахиулагчид шилжүүлэхийг эсэргүүцсэн байна. 1998 оны 10 сарын сүүлээр Лондон хотын шүүх их хэмжээний мөнгөн барьцаагаар суллах Пиночетын өмгөөлөгчийн хүсэлтийг нь ёсоор болгожээ. 1999 оны 3 сарын 24 өдөр Лордын танхим Пиночет 1988 оноос өмнө үйлдсэн хомроглон устгах ажиллагааны хариуцлагыг хүлээх ёстой гэдэг эцсийн шийдвэр гаргажээ. Мөн 1988 оноос хойш үйлдсэн гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх ёсгүй гэдэг халдашгүй байдлыг нь цуцалжээ. Ингэснээр испани улс Пиночетыг шилжүүлэн авах эрхтэй болов. Пиночетыг 16 сарын турш гэрийн хорионд байлгасан юм. Ингээд 2000 оны 3 сарын 2 өдөр Пиночетыг гэрийн хорионоос суллав. Их Британии дотоод хэрийн сайд Жек Остро Пиночетыг эх орон руугаа буцахыг зөвшөөрлөө. Пиночет Чилид ирээд Сантьяго хотын цэргийн эмнэлэгт хэвтэв. 2000 оны 8 сард Чилийн Дээд шүүх Пиночетийн сенатын халдашгүй бүрэн эрхийг нь цуцалсан шийдвэр гаргав. Ингээд түүний эсрэг шүүх ажиллагааг эхлүүлж 100 гаруй гэмт хэрэг үйлдсэн гэдэг ял тулгав. 2001 оны 7 сард шүүх Пиночетын эрүүл мэндийн байдал муудсан тул эрүүгийн хэрэгт татах боломжгүй гэдэг шийдвэр гаргажээ. 2004 оны 8 сарын 26 өдөр Чилийн дээд шүүх Пиночетыг эрүүгийн хариуцлагад үл татагдах дархан эрхийг нь цуцлав. Ингээд мөн оны 12 сарын 2 өдөр ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг зүйл ангиар шүүх ажиллагааг сэргээжээ. 2005 оны 1 сарын 21 өдөр Пиночетын эсрэг шинэ ял тулгав. 1977 онд зүүний хэт үзэлт хөдөлгөөнийтэргүүн Хуан Рамиреса, Нельсон Эспехо нарын амийг бүрэлгэсэн хэрэгт Пиночетыг буруутай гэж шүүх үзжээ. 2005 оны 9 сарын 16 өдөр Чилийн Дээд шүүх Пиночетыг “Кондор” тусгай ажиллагаа болон бусад гэмт хэрэгт буруугүй гэж үзээд цагаатгасан байна. Пиночет 2006 оны 12 сарын 10 өдөр тархиндаа цус харвасны улмаас нас баржээ. Чилийн дарангуйлагч Аугусто Пиночет хүний эрхийн өдөр нас барсан байна.
Орчуулсан MEDENEWS

No comments: