2006-12-04

Ангир уураг


Эхийн сүү хүүхдийг ирээдүйд хэт таргалахаас хамгаалдаг болохыг тогтоожээ. АНУ-ын Цинциннати хүүхдийн эмнэлгийн дэргэдэх анагаах ухааны төвийн судлаачид эхийн сүүнд адипонектин гэдэг уураг их хэмжээгээр байдгийг илрүүлсэн байна. Уг бодис нь бие махбодид байгаа өөх тосыг дахин боловсруулахад зонхилох үүрэгтэй оролцдог юм байна. Эрдэмтэд өөрсдийн судалгааны ажлаа Сан-Франциско хотод болсон хүүхдийн эмч нарын хурал дээр зарлажээ. Хэт тарган, илүүдэл жинтэй хүмүүсийн биед, түүнчлэн чихирийн шижин, зүрх судасны өвчтэй хүмүүст Адипонектин-протеиний хэмжээ бага байдаг гэнэ. Хэрэв нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан хангалттай хэмжээний Адипонектин хэмээх уурагыг авч чадах юм бол насанд хүрсэн хойноо дээр нэр нь дурьдагдсан өвчнүүдээр шаналахгүй байх болно гэдэг дүгнэлтийг америкийн эрдэмтэд хийж байна. Үүнээс нэлээн хэдэн жилийн өмнө эхийн сүүнд лептин гэдэг өөр нэг төрлийн уураг байдгийг анагаах ухааны салбарынхан илрүүлээд байсан юм. Лептин нь илүүдэл өөх тосыг дахин боловсруулах үйл явцад бас оролцдог. Шинжилгээний багын ахлагч Лиза Мартины хэлж байгаагаар эхийн сүүний найрлагад байдаг уурагын биологийн үүргийг яг таг нотлох хэрэгтэй байгаа гэж онцлон тэмдэглэж байна. Их Британы National Obesity Forum байгуулгын даргын мэдэгдсэнээр бол эхийн сүү, илүүдэл жинтэй байх үзэгдэлийн хооронд ямар нэгэн хэлхээ холбоо, харилцан хамаарал байгааг эмч нар мэдэж байсан боловч чухам мөн чанарыг нь нарийвчилан тогтоогоогүй байсан юм. Эхийн сүүгээр бойжсон нярай хүүхэд маш олон төрлийн өвчин эмгэгээс хамгаалагдсан байдаг. Хамгийн наад зах нь хөхний сүү хүүхдийн дархлааг сайжруулдаг байна.

No comments: