2007-04-24

Орос-Хятадын харилцааны он тоолол


1949 оны 10 сарын 1. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагджээ.
1949 оны 10 сарын 2. ЗСБНХУ БНХАУ дипломат харилцаа тогтоожээ.
1949 оны 12 сарын 16. БНХАУ-ын дарга Мао Зэ Дун Москвад айлчлал хийсэн байна.
1690 оны 1 сарын 21. БНХАУ-ын ерөнхий сайд Жоу Эньлай Москвад айлчлал хийсэн байна.
1950 оны 2 сарын 14. Орос, Хятад улс 30 жилийн хугацаатай найрамдал, харилцан туслах тухай гэрээ байгуулжээ. Хэрэв талууд гэрээг цулах санал гаргахгүй бол автоматаар гэрээний хугацааг сунгана гэж заажээ.
1950 оны 4 сарын 19. Худалдааны зөвшилцөлд гарын үсэг зуржээ.
1952 оны 8 сарын 9. БНХАУ-ын иргэдийг ЗСБНХУ-ын Их Дээд сургуульд сургах тохиролцоонд хүрсэн байна.
1964 оны 10 сарын 12. Порт-Артураас зөвлөлтийн цэргүүдийг гаргах шийдвэр гаргажээ. 1955 оны 5 сараас Порт-Артур бааз БНХАУ-ын мэдэлд шилжсэн байна.
1955 оны 4 сарын 27. Хятад улсын хөдөө аж ахуйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн физикийн судалгааны ажилд ЗХУ туслах гэрээ байгуулсан байна.
1956 оны 4 сарын 7. Хятадын аж үйлдвэрийн салбарт туслах тухай гэрээ байгуулагджээ.
1958 оны 7 сарын 31-ээс 8 сарын 3. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев БНХАУ-д айлчлал хийжээ. Мао Зэ Дун, Хрущев нар цэргийн салбарын асуудлаар хэлэлцээр хийжээ.
1958 оны 8 сарын 8. Москва хотод ЗХУ, БНХАУ-д техникийн тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулагджээ.
1959 оны 9 сарын 29. Хятадын хувьсгалийн 10 жилийн ойн баярт оролцохоор Хрущев Бээжин хотод зочилжээ.
1961 оны 6 сарын 19. Шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.
1963 оны 7 сарын 5-20. ЗХУ-ын Коммунист нам, Хятадын Коммунист намын удирдлагуудын хооронд уулзалт болж үзэл баримтлалын хувьд ялгаатай байгаа асуудлаар ярилцжээ.
1969 оны 3 сарын 2-17 хооронд Даманск арлын орчимд Зөвлөлт, Хятадын хилчидийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болжээ.
1969 оны 9 сарын 11. Зөвлөлтийн Засгийн Газрын тэргүүн А.Н.Косыгин БНХАУ-д айлчал хийжээ. Нисэх онгоцны буудал дээр Хятадын Төрийн зөвлөлийн дарга Жоу Энь Лай түүнийг хүлээн авч уулзсан байна. хил дээр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх талаар тэд ярилцсан байна.
1979 оны 4 сарын 3. БНХАУ-ын гадаад хэргийн яам Бээжин дэх ЗХУ-ын элчин сайдын яаманд ноот бичиг илгээжээ. Уг ноот бичигт Бүх Хятадын Ардын төлөөлөгчидийн хурлын шийдвэрийг бичжээ. 1950 оны 2 сарын 14-нд байгуулагдсан Орос – Хятадын найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний хугацаа дууссаныг сануулаад, энэ гэрээг дахин сунгахгүй гэж мэдэгдсэн байна.
1979 оны 10 сарын 17-оос 1979 оны 11 сарын 30 өдрүүдэд Москва хотод Хятад Оросын харилцааны тухай хэлэлцээрийн нэгдүгээр үе болжээ.
1985 оны 7 сарын 10. ЗХУ, БНХАУ-ын засгийн газар хоорондын 1985-1990 хооронд хийгдэх бараа эргэлтийн тухай, Барилга, хятадын аж үйлдвэрийн салбарын шинэчлэлд туслах, техникийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулагджээ.
1986 оны 3 сарын 18. Хятадын Төрийн Зөвлөлийн дарга Жао Зыян ЗХУ-ын сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч И.Архиповыг хүлээн авч уулзсан байна. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.
1989 оны 5 сарын 15-18. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга, ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачев БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн байна.
1991 оны 12 сарын 27. ОХУ бол ЗХУ-ыг залгамжлагч мөн гэж БНХАУ хүлээн зөвшөөрсөн байна.
1992 оны 12 сарын 17-19 өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Н.Ельцин БНХАУ-д айлчлал хийжээ. ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа, харилцааны үндэсийг тодорхойлсон тунхаглалын талууд баталжээ. Хил орчмын бүсэд харилцан итгэлцэл бий болгох, зэвсэгт хүчний хэмжээгээ харилцан хорогдуулах, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглаж, судлах тохиролцоонд хүрчээ.
1994 оны 9 сарын 2-6 өдрүүдэд БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Энэ айлчлалын үеэр Орос-Хятадын хамтарсан тунхаглал баталж, ОХУ-ын ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд цөмийн зэвсэгийг хэрэглэхгүй байх, цөмийн пуужинг бие бие рүүгээ онилохгүй байх, Орос – Хятадын баруун хилийн тухай зөвшилцөлд хүрсэн тухай бичсэн байна.
1995 оны 5 сарын 7-9 хооронд. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ-ын дарга Зян Зэ Мин Москва хотод урилгаар иржээ.
1996 оны 4 сарын 24-26. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д төрийн айлчлал хийжээ. Орос Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын асуудлаар баримтлах бодлого, байр сууриа талууд тодотгожээ.
1996 оны 4 сарын 26-нд Шанхай хотод ОХУ, Казахстан, Киргизстан, Таджикстан, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хил орчимд итгэлцэл бий болгох, цэргийн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан байна.
1997 оны 4 сарын 22-26 өдрүүдэд. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д төрийн айлчлал хийжээ. ОХУ, БНХАУ олон талт дэлхий ертөнцийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.
1997 оны 4 сарын 24. ОХУ, БНХАУ, Казахстан, Таджикстан, Киргизийн төрийн тэргүүн нар хил орчимд байгаа цэргүүдийн тоог хорогдуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
1997 оны 11 сарын 9-11 өдрүүдэд. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д айлчлал хийсэн байна. Энэ үер Орос Хятадын хилийн зурвасыг шалгасан тухай баримтыг баталгаажуулж, хоёр орны найрсаг харилцааг цаашид үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулжээ.
1998 оны 2 сарын 17. Москвад албан ёсны айлчлал хийж ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Пэн ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцинд бараалхсан байна.
1998 оны 11 сарын 23-25. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-длын айлчлал хийжээ. Энэ үеэр хоёр орны түүхэнд анх удаа Орос, Хятадын төрийн тэргүүн нар албан бус байдалд уулзсан байна. “ОХУ, БНХАУ 21-р зууны босгон дээр” нэртэй баримт бичигт гарын үсэг зуржээ. Орос Хятадын баруун хилийг шалгасан ажил дууссан тухай хамтарсан мэдэгдэл хийжээ.
1999 оны 2 сарын 24-24. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Жу Жун Зи ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Жу Жун Зи ОХУ-ын ерөнхийлөгчид бараалхаж, ОХУ-ын ерөнхий сайд Евгений Примаковтой хэлэлцээр хийжээ.
1999 оны 6 сарын 5-8 өдрүүдэд Бээжин хотын концертын танхимд ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Оросын яруу найрагч А. С. Пушкины мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан концерт болжээ.
1999 оны 9 сарын 12-13 Шинэ Зеландын Окленд хотод болсон . “Ази –Номхон далайн орнуудын Эдийн Засгийн 7-р чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Зян Зэ Мин оролцжээ.
1999 оны 9 сарын 12. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин, ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин нар уулзсан байна.
1999 оны 12 сарын 9-10. ОХУ-ын ерөнхийлөгч Ельцин БНХАУ-д айлчлал хийжээ. Орос-Хятадын зүү, баруун талын хилийн тухай протоколд гарын үсэг зуржээ. Хилийн бүс орчмын арлуудыг хөдөө аж ахуйн зорилгоор хамтран ашиглах тухай тохиролцоонд хүрсэн байна.
2000 оны 7 сарын 17-19. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийжээ. Пуужингаас хамгаалах асуудлаар Орос Хятадын төрийн өндөрлөгүүд хамтарсан мэдэгдэл гаргаж, Бээжингийн тунхаглалыг баталжээ. 2001 оны 6 сарын 14-15. ОХУ- ерөнхийлөгч В.В. Путин Хятад улсад айлчилжээ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох байв.
2001 оны 7 сарын 16. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д төрийн айлчлал хийжээ. БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
2001 оны 10 сарын 18-22. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон Далайн орнуудын Эдийн Засгийн Чуулга Уулзалтад оролцохоор Шанхай хотыг зорьсон байна.
2002 оны 6 сарын 5-10. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын чуулга уулзалтад оролцохоор Оросын Санкт-Петербург хотод иржээ. 6 сарын 6-нд Зян Зэ Мин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзсан байна.
2002 оны 12 сарын 1-3. ОХУ-ын ерөнхийлөгч Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн байна. Бээжин хотод хоёр орны харилцаа, олон улсын асуудлаар баримтлаж байгаа байр сууриа тодотгож тунхаглалд гарын үсэг зурсан байна.
2003 оны 5 сарын 27-31. БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д төрийн айлчлал хийжээ. Энэ нь ХУ Жин Таогийн анхын гадаад айлчлал болсон байна. Хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засаг, газрын тосны салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцсан байна.
2004 оны 10 сарын 14-16. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Хятад улсад албан ёсны айлчлал хийжээ. Бээжин хотод Путин Ху Жин Тао нар хэлэлцээр хийсэн байна. 2005-2008 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталжээ.
2005 оны 6 сарын 30-аас 7 сарын 3. БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын эцэст Орос-Хятадын хамтарсан тунхаг гаргажээ. Уг тунхаг бичигт Олон Улсын тавцанд хамтран ажиллах, бүс нутгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байх талаар тохиролцсон байна. 2006 БНХАУ-д “Оросын жил”, 2007 оныг ОХУ-д “Хятадын жил” болгож тэмдэглэх тухай Хоёр орны Төрийн тэргүүн нар мэдэгджээ.
2005 оны 8 сард ОХУ-ын зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Арми хамтран цэргийн хээрийн сургууль хийжээ. “Энхийн эрэлд -2005” нэртэй өргөн цар хүрээний энэ цэргийн хээрийн сургууль ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Шандун мужын нутаг дэвсгэрийн хамарчээ.
2006 оны 3 сарын 21-22 өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин БНХАУ-д айлчлал хийжээ. Путин хятад улсад эхэлж байгаа “Оросын жил”-ийн нээлтэд оролцсон байна. Путин Ху Жин Тао нар хэлэлцээр хийж, ирэх 10 жилд Орос, Хятад улс стратегийн түнш болох тухай баримт бичигт гарын үсэг зуржээ.
2006 оны 5 сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидийн хурал, Оросын Төрийн Думын хамтарсан анхны хуралдаан болжээ.
2007 оны эхээр ОХУ-д “Хятадын жил” эхэлсэнийг албан ёсоор зарласан байна.
2007 оны 3 сард БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д айлчлал хийжээ.

2007-04-19

Европын холбооны түүхээс


Европын холбооны түүх 1951 оноос эхэлсэн гэж хэлж болно. 1951 онд Европын 6 орон /Бельги, Итали, Люксембург, Нидерланд, Франц, баруун Герман/ нэгдэж “Европын ган, нүүрсний нэгдэл” байгуулжээ. Уг нэгдэлд орсон орнууд ган, нүүрсний худалдаанд ямар нэг хориг хязгаар тогтоохгүй байх зөвшилцөлд хүрсэн байлаа. 1957 оны 3 сарын 25-нд Ром хотод Европын эдийн засгийн нийгэмлэг байгуулах гэрээг Европын орнууд үзэглэжээ. 1967 онд Европын ган, нүүрсний нэгдэл, Европын эдийн засгийн нийгэмлэг, Европын атомын эрчим хүчний холбоо нэгдэж Европын холбоо байгуулжээ. 1985 оны 6 сарын 14 өдөр Шенгений гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний дагуу Европын холбоонд нэгдсэн орнуудын иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа худалдааны эргэлтэд гаалийн хориг саад учруулахгүй байхыг тусгажээ. Ингэхдээ Европын холбоонд нэгдээгүй орнуудтай харилцахдаа хил дээр хяналт шалгалтыг чангатгасан байна. Энэ гэрээ 1995 оны 3 сарын 26-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.
1992 оны 2 сарын 7-нд Нидерландын Маастрихт хотод Европын холбооны тухай шинэ гэрээ байгуулагдсан бөгөөд европын орнуудын мөнгө, санхүү, улс төрийн системийг зохицуулах талаар тусгагджээ. Энэ гэрээ 1993 оны 11 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйляилж эхэлсэн байна. Европын орнуудын эдийн засгийн интеграцийг түргэтгэх үүднээс Европын холбооны орнууд ЕВРО хэмээх мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулах болжээ. Европын Холбооны нутаг дэвсгэрт Евро бэлэн бус санхүүгийн гүйлгээнд 1999 оны 1 сарын 1-ээс хэрэглэгдэж эхэлсэн бол 2002 оны 1 сарын 1-ээс еврог бэлнээр гүйлгээнд хэрэглэх болжээ. Европын холбоо нь хил гаалийн асуудал, зах зээл, хөдөө аж ахуй, загас агнууртай холбоотой асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргах болсон юм. Одоогийн байдлаар Европын холбоонд тус тивийн 27 орон нэгджээ.
Европын холбооны гишүүн орнууд: Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург, Их Британи, Дани, Ирланд, Грек, Испани, Португали, Австри, Финлянд, Швед, Унгар, Кипр, Латви, Литва, Мальта, Польш, Словак, Словени Чех, Эстони. 2007 оны 1 сарын 1-ээс Европын холбоонд Болгар, Румын улс нэгдсэн байна.
Евродын холбооны салбар байгуулага:
Европын холбооны улстөрийн байгуулага нь Европын Зөвлөл. Европын Зөвлөл нь гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт. Гишүүн орнууд хагас жилийн хугацаатайгаар Европын Холбоог тэргүүлдэг бөгөөд энэ хугацаанд тэргүүлэгч орны ерөнхийлөгч, эсхүл ерөнхий сайд нь Европын Зөвлөлийн хурлыг даргалдаг. Европын Холбооны гүйцэтгэх эрх мэдлийг Европын Комисс хэрэгжүүлдэг. Европын Комиссийн бүрэлдэнхүүнд гишүүн улс бүрээс нэг төлөөлөгч ажилладаг. Уг комисс Европын Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. вропын Комиссийн гишүүн бүр өөр өөрийн хариуцсан чиглэлээр ажил хариуцаж явуулдаг. Европын Холбооны хууль тогтоох байгуулага нь Европарламент бөгөөд 786 гишүүнтэй. Европарламентын гишүүн нь 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Парламентын гишүүд улс төрийн чиг баримжаагаараа нэгдэж болно. Шүүх засаглалыг хэрэгжүүлдэг байгуулага нь Европын шүүх. Европын шүүхэд гишүүн орон бүрээс нэг шүүгч ажилладаг. Бас 9 ерөнхий өмгөөлөгчтэй. Европын шүүх нь гишүүн орнуудын хоорондын, европын холбооны гишүүн орон ба бусад улс, олон улсын байгуулагтай холбоотой маргааныг шийдвэрлэдэг. Түнчлэн Европын Холбооны бүрэлдэхүүнд Европын Нэгдсэн Төв Банк, Европын Хөрөнгө Оруулалтын банк, Евродын тооцооны төв, Европын Хөгжлийн сан, Эдийн засаг, нийгмийн хороо, Бүс нутгийн хороо зэрэг байгуулага орлог байна.

2007-04-17

ОХУ-ын ерөнхий прокуророрын газар Борис Березовскийг шилжүүлэн авахыг хүсэж байна.


Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын ерөнхий прокурорын газар Их Британий эрх баригчдад хандан Борис Березовскийн дүрвэгчийн статусыг хүчингүй болгохыг хүссэн тухай албан тоот илгээсэн байна. Энэ мэдээллийг ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайка хэвлэлийнхэнд тараажээ. ОХУ-ын хууль сахиулагчид Их Британи улсад улс төрийн дүрвэгчийн статустай амьдардаг Борис Березовскийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Оросын бизнесмэн Борис Березовскийг “төрийн эрхийг хүч хэрэглэн авахаар завдсан” гэдэг зүйл ангиар яллаад байгаа юм. Тус улсын хуулийн дагуу түүнийг 12-20 жил хүртэл хорих ял оноох бололтой. Борис Березовский Их Британий Guardian сонинд ярилцлага өгөхдөө одоо Орост бүрэлдэн тогтсон дэглэмийг ардчилсан замаар өөрчлөх ямар ч бололцоогүй гэж хэлжээ. “Хүч, дарамтгүйгээр өөрчлөлт гарах боломжгүй” гэж бизнесмэн хэлсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Их Британий эрх баригчдад хандан Березовскийн хэлсэн үгэнд хууль ёсны үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгохыг уриалжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Дмитрий Песков: Их Британий нутаг дэвсгэрт аж төрж байгаа хүн ОХУ-д хүч хэрэглэн засгийн эрх авахыг санаархаж байгаа нь ноцтой хэрэг. Березовскийн хийсэн мэдэгдэл нь Их Британий засгийн газар, шүүх шатны байгуулагуудын анхааралыг ч бас татна байх гэж найдаж байна. Березовскийг ОХУ-ын хууль сахиулах байгуулагад шилжүүлэх асуудалд Лондон анхааралтай хандана гэдэгт итгэж байна гэж Песков тэмдэглэжээ.
Борис Берековский Орост цус урсгалгүйгээр хувьсгал хийх болно гэж БиБиСИ-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Орос ронд олон зууны турш төр ард түмнээ хүчирхийлсээр ирсэн. Үүнээс гадна тарчиг байдалд олон хүн амьдарч байна. Путины дэглэм үндсэн хуулинд харшилдаг. Үүнийг өөрчилөх цорын ганц зам бол хувьсгал. Ингэж хэлснээр Их Британид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар ч хуулийг би зөрчөөгүй гэж Березовский хэлжээ. ОХУ-ын хууль сахиулах байгуулага нэг бус удаа Березовскийг Их Британи улсаас шилжүүлэн авах гэж хичээсэн юм. Гэвч одоогоор амжилтад хүрээгүй байна. Их Британид амьдарч байсан тагнуулч Александр Литвиненко хордож үхсэний дараа Лондон дахь Оросын мөрдөгчид Борис Березовскийгоос мэдүүлэг авч байжээ.

Кремль нударга зангидав.


Их Британий “TIMES” сонинд ОМОН-ы ажилтан булиа эрийн өмнө зогсож байгаа орос эмэгтэйн зураг хэвлэгдэн гарчээ. Үүнтэй зэрэгцээд Холливудын кино од Жан Клод Ван Даммын нудрагаа зангидан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ярьж байгаа зураг гарчээ. ОМОН-ыхон жагсагчидыг хүч хэрэглэн тарааж байхад ерөнхийлөгч тулааны урлагын шоугаар алжаалаа тайлж байна гэж Москвагийн нэгэн сонины сурвалжлагч тайлбарлажээ. Жүжигчин ван Дам зөвхөн кинонд л хүч тэнцвэргүй тулаанд ханцуй шамлан ордог бол шатарчин Гарри Каспаров болон түүнтэй үзэл санаа нэгтэй нөхөд нь, Путины үйл ажиллагааг эсэргүүцдэг хөдөлгөөнүүд, “Өөр Орос” эвсэл хүч тэнцвэргүй байхын зовлонг биеэрээ мэдэрчээ гэж TIMES сонины сэтгүүлч бичжээ. Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров ерөнхийлөгч Путиныг ардчилсан эрх чөлөөг хумиж, Оросыг цагдаагийн төрт улс болгож хувиргасан гэж шүүмжилж байна. Парламент нь Путины таалалаар хууль гаргаж, Кремль бүх телевизэд хяналтаа тогтоосон тул энэ дэглэмийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх цорын ганц арга нь гудамжны жагсаал цуглаан гэж Гарри Каспаров хэлж байна. Москва хотын төвд болсон “Үл зөвшөөрөгчидийн марш” нэртэй гудамжны жагсаалын үеэр Каспаров болон түүнийг дэмжигч 170 орчим хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Хоёр мянган хүн оролцсон энэ жагсаалыг тараахаар 9000 тусгай албаны ажилтанууд гудамжинд гарсан байна. Өнөөдрийн байдлаар Путины явуулж байгаа бодлогыг тус улсын хүн амын 80 хувь нь дэмжиж байна. Тэд “Үндсэн хуулиа” зөрчиж байгаад ч хамаагүй Путиныг ерөнхийлөгчийн сэнтийд 3 дахь удаагаа суулгах бодол өвөрлөж явна. Путин 3 дахь удаагаа дарааллан сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн болохоор түүнийг залгамжлагч сонгуульд ялах нь гарцаагүй гэдэг дүгнэлтийг TIMES сонин хийсэн байна.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулага Бикшекэд өргөжинө.


Хятад улс Монголыг АНУ-ын сонирхолын бүсээс гаргана.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулага өргөжих гэж байна. Хятадын дарга Ху Жин Тао энэ тухай 2007 оны 3 сарын 20-нд сэтгүүлчдэд мэдэгджээ. Шинэ гишүүн элсүүлэх тухай албан ёсны бичиг баримтын төслийг 2007 оны 8 сард Бишкек хотод болох тус байгуулагын ээлжит чуулганы үеэр танилцуулах юм байна. Манай байгуулагад хэд хэдэн орон нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч шинээр гишүүн элсүүлэхэд ШХАБ-ын бүх гишүүн орнуудын зөвшөөрөх ёстой гэж Хятадын лидер онцлон тэмдэглэжээ. Хятад, Орос, Киргиз, Казахстан, Таджикстан, Узбекистан улсууд ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн юм. Харин Энэтхэг, Иран, Монгол, Пакистан, Афганистан улсууд тус байгуулагад ажиглагчын байр суурьтай. Ажиглагчын байр суурь эзлээд байгаа нэр дурьдагдсан эдгээр орнуудаас заримыг нь жинхэнэ гишүүн болгох юм. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев оросын “Независимая газета”-д өгсөн ярилцлагадаа ШХАБ-ыг өргөжүүлэх санал аль эртнээс бий болсон. Цаашид ямар үзүүлэлтээр гишүүнд элсүүлэх журам ч гарсан гэж хэлжээ. ШХАБ-д шинээр элсэх улс уг байгуулагаас гаргасан бүх тунхаглал, зөвшилцөл, дүрэм, журмыг заавал дагаж мөрдөж, биелүүлэх үүрэг хүлээх ёстой юм байна. Шинээр гишүүн орон элсүүлснээр ШХАБ-ын цаашидын хөгжилд ямар үр дагавар, нөлөө үзүүлж болох эсэхийг хүртэл харгалзан үзнэ гэж ноён Болат Нургалиев ярьсан байна. Оросын шинжээчидийн үзэж байгаагаар бол Иран улс ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болох магадлал хамгийн багатай нь гэнэ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Киргизийн парламентын дарга Марат Султановтой уулзахдаа “Бүс нутгийн түвшинд хамтран ажиллаж болохыг харуулж байгаа үлгэр жишээ байгуулага бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулага мөн. Тус байгуулагын хүрээг тэлэх нь бүс нутгийн энх амгалан байдалдыг бэхжүүлнэ” гэж мэдэгджээ. Пакистан улс ШХАБ-д элсэх сонирхолтой байна гэж тус улсын ерөнхий сайд Шавкат Азиз 2007 оны 3 сарын 15-нд Узбекистан улсад айлчлал хийхдээ мэдэгдсэн юм. Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн профессор, Дорно дахин судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Сергей Лузянинагийн хэлснээр бол ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болох боломж Пакистан улсад хомс. Учир нь Энэтхэг, Пакистан хоёр орныг нэгэн зэрэг ШХАБ-д элсүүлэх хэрэгтэй. Гэвч ойрын үед ийм нөхцөл бүрэлдэхгүй.
ШХАБ-д гишүүнээр элсүүлэхэд хамгийн тохиромжтой нь Монгол Улс гэж ноён Сергей Лузянин үзэж байна. “Газар зүйн хувьд Монгол нь Орос Хятадын хооронд оршдог. Бас Казахстантай ойрхон. Гэвч Улаан-Баатар эвсэлд үл нэгдэх байр суурьтай байгаа нь гадаад бодлогын үзэл баримтлалаас нь илэрхий байна. Монгол улсын гадаад бодлогын стратеги 1993 онд батлагдсан бол 1994 онд Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал нь гарсан. Эдгээр бичиг баримтуудад Орос, Хятад, Барууны орнуудын хүчний харьцааг тэнцвэртэй байлгах, эвсэлд үл нэгдэх тухай бичжээ гэж Лузянин “Независимая” сонинд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Түүнээс гадна Монгол улс нь АНУ, Японы стратегийн холбоотон нь болсноор барахгүй улс төрийн чиг баримжаа нь барууны орнуудыг чиглэжээ. Хэрэв Монголыг ШХАБ-ын гишүүн болгочих юм бол энэ нь Хятадын хувьд төдийгүй ШХАБ-ын хувьд бүхэлд нь “бяцхан” ялалт болно. Иймд ирэх 7 сард Бишкек хотноо болох ШХАБ-ын ээлжит чуулганаар Монголыг бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэх гэж Хятад Улс их хүчин чармайлт гаргах болно гэж Сергей Лузянин “Независимая” сонинд мэдээлжээ.

2007-04-16

Оросын төмөр замын тухай баримтууд

Орос улс цахилгаанжуулсан төмөр замынхаа уртаар дэлхийд 1-р байрадн орж байна. ОХУ-ын төмөр замын нийт урт нь 85 мянган км. Үүнээс цахилгаанжуулсан нь 44 мянган км төмөр зам юм байна. Цахилгаанжуулсан төмөр замынхаа уртын хэмжээгээр 2-р байранд БНХАУ / 24 мянган км/, 3-р байранд Герман улс /21 мянган км/ орж байна. 2010 он гэхэд ОХУ-ын цахилгаанжуулсан төмөр замаар нийт ачаа барааны 84 хувийг тээвэрлэх юм байна. ОХУ төмөр замаа хэд хэдэн бүсэд хуваасан байна.
Уртын хэмжээгээрээ Москва муж, Санкт-Петербург муж, Новогород, Псков, Вологодский, Мурманск, Тверь, Ярославь мужуудын, Карелийн бүгд найрамдах өөртөө засах орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан “Октябрь” нэртэй төмөр зам юм. Октябрь төсөр замыг 1851 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд 10334 км. Москва –Санкт-Петербург хотын хооронд илчит тэрэг 260 км /цаг хурдалж байжээ.
Москвагийн төмөр зам 8984 км, Свердловскийн төмөр зам 7091,3км, Калининградын төмөр зам 963 км, Сахалины төмөр зам 804,9 км урт үргэлжилдэг. ОРосын төмөр зам 2006 онд 1 тэрбум 352 сая зорчигч тээвэрлэсэн нь 2005 оныхоос 2,5 дахин их байна. Үүнээс алсын чиглэлд 135 сая 800 мянган зорчигч /0,9 хувиар өссөн/, хот доторх чиглэлд 1 тэрөум 217 сая 500 мянган зорчигч /2,7 хувиар өссөн/ тээвэрлэжээ. Калининград, Свердловск, хойд Кавказын чиглэлд зорчигчидын ачаалал их байжээ. Оросын төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 2006 онд 1тэрбум 311 сая 312 мянган тонн болсон нь 2005 оныхоос 3 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүн /228 сая 310мянган тонн/, чулуун нүүрс 287 сая 548 мянган тонн, кокс 11 сая 347 мянган тонн, төмрийн хүдэр, марганц 108 сая 350мянган тонн, хар металлын хаягдал 26 сая 639 тонн, цемент 38 сая 236 мянган тонн, ойн аж ахуйн бүтээгдэхүүн 64 саэя 154 тонн тээвэрлэжээ.

“Кремль ямар зорилгоор Сталиныг баатарлагаар дүрслэх болов?”

Швейцарийн “Цюрхер Цайтунг” сонинд ийм гарчигтай нийтлэл хэвлэгдэн гарчээ. Уг нийтлэлд Оросын телевизээр үзүүлж байгаа “Сталины амьдрал” олон ангит киноны тухай бичсэн байна. Саяхан дэлгэцээр гарч эхэлсэн энэ кинонд Сталин дарангуйлагч биш, харин эх оронч үзэлтэй ухаалаг, амьдралын туршлагатай эр хүн гэж дүрслэхийг оролдсон байна. Щвейцарийн “Цюрхер Цайтунг” сонинд Сталиныг тахин шүтэх үзэл Орост дахин сэргэж байгаагийн шинж тэмдэг юм гэж онцлон тэмдэглэжээ. Сүүлийн үед ОХУ-ын телевизээр Сталины тухай нэвтрүүлэг, баримтат кино гарах болжээ. “Сталин – христийн шашинтан”, “Сталин –сүм хийдийн найз” зэрэг нэртэй хэд хэдэн дэлгэцийн бүтээл үзэгчидийн хүртээл болжээ. Шашин, төр хоёр хоорондоо “эв найртай” байгаа ОХУ-ын эрх баригчидын үзэл санаанд уг бүтээлүүд яв цав нийцэж байгаа юм. Станины дэглэмийг сайшаасан утга санаатай ийм бүтээл олон гарч байгаа нь ардчилсан үзэл санаатай хүмүүсийн гайхшралыг төрүүлж шоконд оруулж байна. “Оросын ард түмний нэвтэрхий толь бичигт” генералиссимус Сталин большевик намд бүгээд байсан еврей гаралтай хүмүүсийг зайлуулж оросын улстөрийн аварсан. Гүрж гаралтай Сталин шудрага, үнэч орос нөхөдтэй хамтран Орос орныг дэлхийн тавцанд Их гүрэн болгож чадсан юм гэж уг нэвтэрхий тольд бичжээ. “Цюрхер Цайтунг” сонины сэтгүүлчийн үзэж байгаагаар энэ бүхэн нь хүнийг яс үндэсээр ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл төдийгүй, түүхийг илт гуйвуулахын эхлэл юм байна. Тус сонинд бичсэнээр Сталины дэглэмийг магтан сайшааж байгаа энэ үзэгдэлийг шүүмжилж байгаа хүн Орост алга байна. Оросын сэхээтэнүүд нийтээрээ Кремлийн ордонд суугаа эрх баригчидын бодлогыг шууд хүлээн зөвшөөрч аялдан дагалдах болжээ. Холбооны Аюулгүй Байдлын газар зохиолч нарт хандан тусгай албаны ажилтны тухай зохиол бүтээл туурвих уралдааныг зохиолчидын дунд ил тод зарлажээ. Тусгай албанд ажиллаж байсан Олег Алкаев “Буудуулсан баг” нэртэй дурсамж номондоо Зөвлөлтийн шоронд хэрхэн эрүүдэн шүүдэг талаар дэлгэрэнгүй бичжээ. Тэр номынхоо төгсгөлд өөрийгөө төрийн үнэнч албат гэж дүгнэлтийг бардам хийжээ. Сталины дэглэмийг сайшаах нь өнөөгий Оросын улс төрийн элитүүдийн сонирхолд нийцэж байгаа юм. Хэрэв Сталины тогтоосон дарангуйлах дэглэмийн тухай эерэг имиж бүрдүүлж чадах юм бол Кремль шүүх засаглал, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүхэлд нь хяналт тогтоож улмаар өөрөөр сэтгэдэг иргэдийг шийтгэж, урвагч, ардын дайсан гэж цоллох зам нь нээлттэй болох юм.


2007-04-06

Хотын соёл. Театр хогийн сав гэж үү?

Нэг үеэ бодвол монголчууд урлагийн үнэ цэнийг ойлгодог болжээ. 90-ээд оны дундуур хошин шогийн тоглолтоос өөр үзэх юм байсангүй. Жинхэнэ урлагийн уурхай болсон Драмын, Дуурь бүжгийн гээд Монголын урдаа баридаг театрууд үзэгчгүй болж жүжигчид нь наймаанд явж байв. Харин одоо 90-ээд оны үеийн хар өдрүүд ард хоцорч. Монголчууд театрт очиж байна. Хошин шогийн тоглолт нэртэй болхи агуулагатай утга учиргүй марзагналыг бус сонгодог урлагийг монголчууд сонгож байна. 2007 он гарсаар лав Монголын театруудын тайзнаа тавигдсан тоглолт, үзвэрийг харах юм бол ихэнхи нь сонгодог урлагийн бүтээлүүд байна. “Хунт нуур” бүжгэн жүжигээс эхлээд Мастер Маргарита хоёр хүртэл дэлхийн сонгодог бүтээлүүд тавигджээ. Драмын театрт хэд хэдэн шинэ жүжиг тавигдсан юм байна. Дуучин Долгор ДБЭТ-ын тайзнаа уран бүтээлийн тайлагаа тавихдаа 25 мянгаар тасалбараа үнэлж байлаа. Гэхдээ тасалбар нь хоромхон зуур тараад алга болсон. Театр үзэгчтэй болсон нь сайн хэрэг. Гэвч үзэгчид театрт ороод хэрхэн биеэ авч явахаа мэддэггүй бололтой. Тайзанд дээр тоглогдож байгаа үйл явдлыг харж, жүжгийн “амтанд” нь ороод сууж байтал хаа нэгтээ хэн нэгэний гар утас цочтол хангинав. Утсаа хурдхан унтраачих байхдаа гэж найдаж суутал тэгсэнгүй. За сайн уу? Сонин сайхан юутай гээд л нэг эр буу халж байна аа. Жүжигчидтэй зэрэгцээд ам уралдан чалчиж гарав. Арай ч дээ. Гар утсаа гайхуулах гэсэн юм болов уу хөөрхий гэж сүүлдээ өрөвдөх сэтгэл төрөв. Хаха. Тэр нөхөр гар утсаа гайхуулах алтан боломжыг алдахыг хүсээгүй бололтой.
Ажил хөөцөлдөж яваад Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч Түвшинтэй өнгөрсөн 2-р сард уулзаж байснаа тод санаж байна. Шинэ жүжгийнх нь талаар мэдээлэл авангаа монгол үзэгчидийн талаар бодлыг нь сонирхов. -Би их олон өлсгөлөн хүнийг л театрт олж харах юм даа гэж тэр хэлээд санаа алдаж билээ. Учир нь монголчууд театрт ороод чихэр жимс, ус ундаа гээд байж болох бүх л амттанг зооглодог байна. Энэ нь тайзан дээр ажиллаж байгаа жүжигчдэд их дарамттай. Зрителийн зал руу харахаар л өөдөөс нь үхэр шиг юм хивсэн улсууд мэлийгээд сууж байдаг гэнэ. Монголд аль ч театрын зрителийн зал тоглолтын дараа хогийн сав болж хувирдаг. Чихэр жигнэмэгийн цаас, ундаа жүүсний хоосон лонх, самрын яс шалаар нэг хөглөрдөг тухай театрынхан ярьж байна. Театр гэдэг суурин газрын соёл. Улаанбаатарчууд “хотын соёл” гээчийг хэзээ мэддэг болох бол?

ХОТЫН ТУХАЙ 7 БОДРОЛ

Нэг. Монгол хот
Хот гэдэг их айл гэж нэгэн яруу найрагч хэлжээ. Тун ч оновчтой хэлсэн байгаа биз. Айл бүхэнд бичигдээгүй “хууль” байдаг даа. Аавын суудал, аавын аяга гээд л бусад хүн хүрдэггүй, хэрэглэдэггүй эдлэл айл бүрд бий. Түүнтэй адил хотод ч бас дэг журам, нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ заавал гэж байж таарна. Манай улсад хотжих үйл явц эхэлээд удаагүй. Өвөг дээдэс маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан болохоор нүсэр том барилга байгууламж бариад байх шаардлага гараагүй байх л даа. Гол амин зуулга нь таван хошуу мал. Малд шимтэй бэлчээр хаана байна, тийшээ л гэрээ ачаад нүүдэг байсан ард түмэн юм чинь том байгууламжаар ч яах ч юм билээ. Зарим түүхчид Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан нь суурин соёл иргэншилтэй Хятад, Орос, Дундад Ази, Араб, Энэтхэгийг эзлэн түрэмгийлсэн гэж дүгнэлт хийсэн байсныг ном зохиолоос уншиж байлаа. Эх орныхоо түүх рүү эргээд харвал Монголчууд хэд хэдэн удаа хот байгуулж байжээ. Хамгийн анхны бөгөөд эртнийх нь Хар-Хорин. Энэ хот нэг хэсэг Монголын улс-төр, нийгэм, соёл, эдийн засгийн төв нь болж чадаж байлаа. Монголын эзэнт гүрэн задарахтай зэрэгцээд л нийслэл Хар-Хорин бас уруудаж, доройтож эхэлсэн байгаа юм. Хар-Хорин хотоос гадна Монголын түүхэнд тодорхойүүрэг гүйцэтгэсэн хэд хэдэн суурийн газар хот тэмдэглэгдэн үлджээ. Одоо бол тэдний ихэнхи нь газрын хөрснөөс ул мөргүй арчигдсан бол цөөн хэдийнх нь туурь, балгас үлдэж хоцорсон нь бий. Шарын шашин дэлгэрэх үед сүм хийд, дуган л суурин соёл иргэншилийн шинжийг агуулж байсан нь түүхээс тод харагддаг. 16-18-р зууны үед баригдсан Монголын сүм хийдүүдийн ихэнхийг нь гадныхан бүтээн босголцож байсан нь үнэн. 20-р зууны эхэн үед ч гэсэн Монголын хүн амын дийлэнхи нь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлсээр байсан бөгөөд хүн амын маш өчүүхэн хэсэг нь л нийслэл хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот оршин буй газар суурин байдлаар аж төрж байлаа.
Хоёр. Нэрэндээ дургүй нийслэл
Нийслэл хотынхоо түүхийн талаар бүгдээрээ л ойлголттой байдаг болохоор энд нуршаад дэмий биз. Гэхдээ Монголын нийслэл хамгийн олон удаа нэрээ сольж байсан түүхтэй. Үүгээрээ дэлхийн дээд амжилт тогтоож байлаа. Монголчууд нийслэлийнхээ нэрийг 13 удаа сольж байжээ. 1921-оноос Орос улсын дэмжлэг авч засгийн эрх барьсан коммунистууд нийслэл хотоо УЛААНБААТАР гэж нэрлэсэн түүхтэй юм билээ. Улаанбаатар гээд нэрнээсээ л “улаан коммунизм” ханхалж байгаа биз.
Гурав. Эсгий хот шавар хот болов.
Дэлхийн 2-р дайны дараа Монголд айлчилсан гадаадын нэгэн түшмэл Улаанбаатарыг эсгийн хот юм даа гэж хэлчихээд явчихжээ. Үүний дараа монголчууд эсгийн хотоо шавар хот болгох хөдөлгөөн эрчимтэй өрнүүлэв. Үүний үр дүнд Сүхбаатарын талбай цардмал замтай болж “40, 50 мянгат” хэмээх хороолол сүндэрлэсэн түүхтэй. Улаанбаатар хотод европ /орос загварын/ хороолол сүндэрлэх эхлэлээ ингэж тавьжээ. Соц нийгмийн үед гэр хорооллыг устгана гэдэг том лоозонг эрх баригчид дэвшүүлсэн боловч энэ зорилгодоо хүрээгүй. Гэхдээ орчин үеийн хотын хэв шинжийг Улаанбаатар ерөнхийдөө олсон. Одоо бидний өмнө хамраа сөхөөд байгаа япон солонгосчууд эдийн засгаа хөл дээр нь босгох гэж тэнтэр тунтар алхаж, модон гэж хэлж болохоор оромжинд хоног төөрүүлж байхад Улаанбаатар хот аж үйлдвэрийн комбинат, дөч, тавн мянгатын орон сууцны хороолол, төв цэнгэлдэх хүрээлэнтэй болчихсон байлаа.
Дөрөв.80-аад оны Улаанбаатар
Улаанбаатарчууд 80-аад оны үеэр 3,4-р хороололтой болчихсон 1-р хороололын суурийг нь тавиад завгүй хөдөлмөрлөж байв. Улаанбаатар хотыг Азийн цагаан дагина гэж гадныхан магтаад л... Манайхан үүнд нь урамшаад л... 80-аад оны дунд үе гэхэд Монгол улсад барилгийн салбар аль хэдийнэ байр сууриа олчихсон байлаа. Архитекторууд нь бүгд Орост сургууь дүүргэсэн болохоор орос загварын хороолол Улаанбаатарт сүндэрлэх нь аргагүй. Гэр хорооллыг устгах төлөвлөгөө нь хэвээрээ. Гэхдээ нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй байсаар 90 онтой золгожээ. Гэр хороололыг устгаж чадсангүй.
Тав. Миний мэдэх Улаанбаатар
90 гараад монголчуудын амьдралд асар том эргэлт гарлаа. Эхэндээ орой бусгай энэ цагт яах учраа ч олохгүй сууцгааж байв. Өмнө нь бодож, мөрөөдөж, зорьж байсан бүхэн нь нэг л өдөр хумхын тоос болчих нь тэр. Ганзагын наймааны алтан үед монголд барилгын салбар уналтад оржээ. Улаанбаатарт ганц шинэ барилга ашиглалтад ороогүй жил ч бий. Харин 2000 оноос энэ салбар сэргэж байгаа нь та бидний нүдний өмнө илт харагдаж байгаа. Улаанбаатарын хаа саагүй л байшин сав баригдаж эхлэв. Үүнтэй зэрэгцээд газрын маргаан, газрын дуудлага худалдаа гэх зэрэг шинэ ойлголт, нэр томъёо монголчуудын үгийн санд орж ирэв. Бид оршин суугаа газрынхоо ойр орчимд байшин сав бариулахгүй гэж дүвчигнэж байгаад барилгын компани, газар эзэмшигчээс нь баахан мөнгө салгадаг арга ч бий болов. Одоо ч гэсэн Улаанбаатарын хаа нэгтээ газрын маргаан хэрүүл тэмцэл хэл ам болж байгаа гэж мөрийцөх юм бол алдах юмгүй. Соц нийгмийн үед барилга хот байгуулалт хэмээх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баригдсан орон сууцны хорооллынхоо өнгө төрхийг эвдэж бусниулаад жаахан сул газар нь байшин сууц барих болов. 2000 оноос хойш Улаанбаатар хот тэлсэнгүй. Харин жаахан газар олон байшин шахаж бариад хот бөөгнөрч, шамбааралдсан гэж хэлж болно. Бас орон сууцны нэгдүгээр давхарын тагт цонхыг нь хаалга болгодог, байшингийн хана дагуу залгаж амбаар барьдаг моод борооны дараах мөөг шиг дэлгэрсэн. Замбараагүй байшин Улаанбаатарт нэмэгдэхтэй зэрэгцээд хар утаа баагиулсан гэр хороолол ч бас хүрээгээ тэлж амжсан. Ингээд өвөл болохоор Улаанбаатар маань Утаанбаатар, хавар намартаа Униарбаатар болж хувирч байгаа юм даа. Миний мэдэх Улаанбаатар нэгм иймэрхүү.
Зургаа. Би хийслэл хүү
Би жинхэнэ нийслэл хүү. Зарим хүмүүс хотод төрсөн юм байж хөдөөний өлчир хүн болох гэж оролдох нь надад инээдтэй санагддаг. Улаанбаатарын 1, эсвэл 2-р төрөх эмнэлэгт мэндэлчихээд би тэр аймгийн энэ сумынх гээд нүүр нь улайхгүй намтартаа бичих нь их гайхмаар сонин үзэгдэл. Би бол Улаанбаатарын уугуул. Төрсөн газар гэх юм бол Энх тайвны өргөн чөлөө -1-р төрөх эмнэлэг. Балчир нас, өсвөр нас маань Улаанбаатартаа л өнгөрсөн. Хөдөө орон нутагт хамаатан садан ч байхгүй гэж хэлж болно. Хөдөөний амьдрал маруухан мэднэ. Жинхэнэ хотын жаал байгаа биз.
Долоо. Хотын соёл
Монгол улсад европ загварын орон сууцыг 1950-оноос эхэлж барьж байгуулсан. Яг тэр үеэс л Монголд хотжих үйл явц эхэлсэн гэж хэлэх нь зүйтэй. Одоо хотод төрж өссөн хүмүүсийн гурав дахь үе нь төрж байгаа. Гэсэн ч хотын соёлыг монголчууд эзэмшээгүй байна даа гэж надад бодогддог. Улаанбаатарт яваа таван хүн тутмын 4 нь гудамж талбай, хаа тааралдсан газраа нус цэрээ нийж, шүлсээ хаях юм. Ой гутмаар. За тэгээд бас 3 хүн тутмын нэг нь байшин хашаа, мод бутны доор шээгээд зогсож байх юм. Арай л хүндээр бие засах нь холгүй. Хэн мэдэхэв... Зарим нэг нь гудамж талбайд явж байхдаа хүндээр бие засдаг ч юм билүү?
Хүн шүлсээ хаяхад 25м куб агаарт уг шүлс ууршдаг байна. Энэ нь агаарт урвалд орж исэлдэхдээ наад захын ханиаднаас эхлээд халдварт өвчин үүсгэгч болж хувирдаг. Ингээд бодохоор гудамж талбайн булан тохойд байгаа хүний ялгадас бидний эрүүл мэндэд эргээд ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Идсэн чихэр, татсан тамхиний иш, үнсээ чөлөөтэй хаяна даа. Улаанбаатарын гудамжаар нэг их ганган хээнцэр хүмүүс бөөн хог шороон дотор л таваргаж өгнө дөө. Хотын соёлыг бид хэзээ сурах вэ? Хэрвээ хүмүүс компьютертэй адилхан байсан бол “хог хаяхгүй байх”, “гудамжинд шүлс нусаа хаяхгүй байх”, “ил задгай газар морио харахгүй байх” гэх зэрэг программ зохиогоод тархинд нь суулгачих юм сан.