2007-04-17

Кремль нударга зангидав.


Их Британий “TIMES” сонинд ОМОН-ы ажилтан булиа эрийн өмнө зогсож байгаа орос эмэгтэйн зураг хэвлэгдэн гарчээ. Үүнтэй зэрэгцээд Холливудын кино од Жан Клод Ван Даммын нудрагаа зангидан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ярьж байгаа зураг гарчээ. ОМОН-ыхон жагсагчидыг хүч хэрэглэн тарааж байхад ерөнхийлөгч тулааны урлагын шоугаар алжаалаа тайлж байна гэж Москвагийн нэгэн сонины сурвалжлагч тайлбарлажээ. Жүжигчин ван Дам зөвхөн кинонд л хүч тэнцвэргүй тулаанд ханцуй шамлан ордог бол шатарчин Гарри Каспаров болон түүнтэй үзэл санаа нэгтэй нөхөд нь, Путины үйл ажиллагааг эсэргүүцдэг хөдөлгөөнүүд, “Өөр Орос” эвсэл хүч тэнцвэргүй байхын зовлонг биеэрээ мэдэрчээ гэж TIMES сонины сэтгүүлч бичжээ. Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров ерөнхийлөгч Путиныг ардчилсан эрх чөлөөг хумиж, Оросыг цагдаагийн төрт улс болгож хувиргасан гэж шүүмжилж байна. Парламент нь Путины таалалаар хууль гаргаж, Кремль бүх телевизэд хяналтаа тогтоосон тул энэ дэглэмийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх цорын ганц арга нь гудамжны жагсаал цуглаан гэж Гарри Каспаров хэлж байна. Москва хотын төвд болсон “Үл зөвшөөрөгчидийн марш” нэртэй гудамжны жагсаалын үеэр Каспаров болон түүнийг дэмжигч 170 орчим хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Хоёр мянган хүн оролцсон энэ жагсаалыг тараахаар 9000 тусгай албаны ажилтанууд гудамжинд гарсан байна. Өнөөдрийн байдлаар Путины явуулж байгаа бодлогыг тус улсын хүн амын 80 хувь нь дэмжиж байна. Тэд “Үндсэн хуулиа” зөрчиж байгаад ч хамаагүй Путиныг ерөнхийлөгчийн сэнтийд 3 дахь удаагаа суулгах бодол өвөрлөж явна. Путин 3 дахь удаагаа дарааллан сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн болохоор түүнийг залгамжлагч сонгуульд ялах нь гарцаагүй гэдэг дүгнэлтийг TIMES сонин хийсэн байна.

No comments: