2007-04-17

ОХУ-ын ерөнхий прокуророрын газар Борис Березовскийг шилжүүлэн авахыг хүсэж байна.


Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын ерөнхий прокурорын газар Их Британий эрх баригчдад хандан Борис Березовскийн дүрвэгчийн статусыг хүчингүй болгохыг хүссэн тухай албан тоот илгээсэн байна. Энэ мэдээллийг ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайка хэвлэлийнхэнд тараажээ. ОХУ-ын хууль сахиулагчид Их Британи улсад улс төрийн дүрвэгчийн статустай амьдардаг Борис Березовскийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Оросын бизнесмэн Борис Березовскийг “төрийн эрхийг хүч хэрэглэн авахаар завдсан” гэдэг зүйл ангиар яллаад байгаа юм. Тус улсын хуулийн дагуу түүнийг 12-20 жил хүртэл хорих ял оноох бололтой. Борис Березовский Их Британий Guardian сонинд ярилцлага өгөхдөө одоо Орост бүрэлдэн тогтсон дэглэмийг ардчилсан замаар өөрчлөх ямар ч бололцоогүй гэж хэлжээ. “Хүч, дарамтгүйгээр өөрчлөлт гарах боломжгүй” гэж бизнесмэн хэлсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Их Британий эрх баригчдад хандан Березовскийн хэлсэн үгэнд хууль ёсны үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгохыг уриалжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Дмитрий Песков: Их Британий нутаг дэвсгэрт аж төрж байгаа хүн ОХУ-д хүч хэрэглэн засгийн эрх авахыг санаархаж байгаа нь ноцтой хэрэг. Березовскийн хийсэн мэдэгдэл нь Их Британий засгийн газар, шүүх шатны байгуулагуудын анхааралыг ч бас татна байх гэж найдаж байна. Березовскийг ОХУ-ын хууль сахиулах байгуулагад шилжүүлэх асуудалд Лондон анхааралтай хандана гэдэгт итгэж байна гэж Песков тэмдэглэжээ.
Борис Берековский Орост цус урсгалгүйгээр хувьсгал хийх болно гэж БиБиСИ-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Орос ронд олон зууны турш төр ард түмнээ хүчирхийлсээр ирсэн. Үүнээс гадна тарчиг байдалд олон хүн амьдарч байна. Путины дэглэм үндсэн хуулинд харшилдаг. Үүнийг өөрчилөх цорын ганц зам бол хувьсгал. Ингэж хэлснээр Их Британид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар ч хуулийг би зөрчөөгүй гэж Березовский хэлжээ. ОХУ-ын хууль сахиулах байгуулага нэг бус удаа Березовскийг Их Британи улсаас шилжүүлэн авах гэж хичээсэн юм. Гэвч одоогоор амжилтад хүрээгүй байна. Их Британид амьдарч байсан тагнуулч Александр Литвиненко хордож үхсэний дараа Лондон дахь Оросын мөрдөгчид Борис Березовскийгоос мэдүүлэг авч байжээ.

No comments: