2007-04-19

Европын холбооны түүхээс


Европын холбооны түүх 1951 оноос эхэлсэн гэж хэлж болно. 1951 онд Европын 6 орон /Бельги, Итали, Люксембург, Нидерланд, Франц, баруун Герман/ нэгдэж “Европын ган, нүүрсний нэгдэл” байгуулжээ. Уг нэгдэлд орсон орнууд ган, нүүрсний худалдаанд ямар нэг хориг хязгаар тогтоохгүй байх зөвшилцөлд хүрсэн байлаа. 1957 оны 3 сарын 25-нд Ром хотод Европын эдийн засгийн нийгэмлэг байгуулах гэрээг Европын орнууд үзэглэжээ. 1967 онд Европын ган, нүүрсний нэгдэл, Европын эдийн засгийн нийгэмлэг, Европын атомын эрчим хүчний холбоо нэгдэж Европын холбоо байгуулжээ. 1985 оны 6 сарын 14 өдөр Шенгений гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний дагуу Европын холбоонд нэгдсэн орнуудын иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа худалдааны эргэлтэд гаалийн хориг саад учруулахгүй байхыг тусгажээ. Ингэхдээ Европын холбоонд нэгдээгүй орнуудтай харилцахдаа хил дээр хяналт шалгалтыг чангатгасан байна. Энэ гэрээ 1995 оны 3 сарын 26-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.
1992 оны 2 сарын 7-нд Нидерландын Маастрихт хотод Европын холбооны тухай шинэ гэрээ байгуулагдсан бөгөөд европын орнуудын мөнгө, санхүү, улс төрийн системийг зохицуулах талаар тусгагджээ. Энэ гэрээ 1993 оны 11 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйляилж эхэлсэн байна. Европын орнуудын эдийн засгийн интеграцийг түргэтгэх үүднээс Европын холбооны орнууд ЕВРО хэмээх мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулах болжээ. Европын Холбооны нутаг дэвсгэрт Евро бэлэн бус санхүүгийн гүйлгээнд 1999 оны 1 сарын 1-ээс хэрэглэгдэж эхэлсэн бол 2002 оны 1 сарын 1-ээс еврог бэлнээр гүйлгээнд хэрэглэх болжээ. Европын холбоо нь хил гаалийн асуудал, зах зээл, хөдөө аж ахуй, загас агнууртай холбоотой асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргах болсон юм. Одоогийн байдлаар Европын холбоонд тус тивийн 27 орон нэгджээ.
Европын холбооны гишүүн орнууд: Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург, Их Британи, Дани, Ирланд, Грек, Испани, Португали, Австри, Финлянд, Швед, Унгар, Кипр, Латви, Литва, Мальта, Польш, Словак, Словени Чех, Эстони. 2007 оны 1 сарын 1-ээс Европын холбоонд Болгар, Румын улс нэгдсэн байна.
Евродын холбооны салбар байгуулага:
Европын холбооны улстөрийн байгуулага нь Европын Зөвлөл. Европын Зөвлөл нь гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт. Гишүүн орнууд хагас жилийн хугацаатайгаар Европын Холбоог тэргүүлдэг бөгөөд энэ хугацаанд тэргүүлэгч орны ерөнхийлөгч, эсхүл ерөнхий сайд нь Европын Зөвлөлийн хурлыг даргалдаг. Европын Холбооны гүйцэтгэх эрх мэдлийг Европын Комисс хэрэгжүүлдэг. Европын Комиссийн бүрэлдэнхүүнд гишүүн улс бүрээс нэг төлөөлөгч ажилладаг. Уг комисс Европын Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. вропын Комиссийн гишүүн бүр өөр өөрийн хариуцсан чиглэлээр ажил хариуцаж явуулдаг. Европын Холбооны хууль тогтоох байгуулага нь Европарламент бөгөөд 786 гишүүнтэй. Европарламентын гишүүн нь 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Парламентын гишүүд улс төрийн чиг баримжаагаараа нэгдэж болно. Шүүх засаглалыг хэрэгжүүлдэг байгуулага нь Европын шүүх. Европын шүүхэд гишүүн орон бүрээс нэг шүүгч ажилладаг. Бас 9 ерөнхий өмгөөлөгчтэй. Европын шүүх нь гишүүн орнуудын хоорондын, европын холбооны гишүүн орон ба бусад улс, олон улсын байгуулагтай холбоотой маргааныг шийдвэрлэдэг. Түнчлэн Европын Холбооны бүрэлдэхүүнд Европын Нэгдсэн Төв Банк, Европын Хөрөнгө Оруулалтын банк, Евродын тооцооны төв, Европын Хөгжлийн сан, Эдийн засаг, нийгмийн хороо, Бүс нутгийн хороо зэрэг байгуулага орлог байна.

1 comment:

Fisher. said...

thank you хэрэгтэй мэдээлэл өгсөнд