2006-12-19

Өвөл ургасан мөөг



Энэ өвөл Орост ер бусын дулаан байна. 12 сарын 1 өдрөөс эхлээд л Москва хотын орчимд агаарын хэм “нэмэх”-рүү эргэн оров. Өвлийн эхний сарын дундаж агаарын хэм нь целийн +4 байлаа. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ 10 хэмээр дулаан байсан гэсэн үг. ОХУ-ын Европын газар нутагт агаарын хэм ингэж дулаахан байгаагын гол буруутан нь Атлантын далайн циклон, түүнчлэн баруун зүгийн салхи гэнэ. Энэ “урилгагүй” гэмээр энэ агаарын урсгал Оросын нийт нутгаар дулаан уур амьсгалыг бүрдүүлжээ. Баруун Сибирьт 12 сарын эхээр агаарын хэм 0-2 байсан нь дундаж хэмжээнээс 6-8 хэмээр дулаан байжээ. Өвлийн улирал эхэлсэн эхний долоо хоногт Сибирьт нэг сарын хугацаанд унадагтай тэнцэх хэмжээний их цас орж, зам цэвэрлэгчид нэлээн сандарсан аж. Бүр Томск мужид их цас буусны улмаас онц байдал зарлаж байсан юм. Гэтэл байгаль ээж гэнэт аашаа хувиргах нь тэр. Цасаар бөмбөгдөж байснаа эргээд дулаарсан нь ургамал амьтдыг будилуусан аж. 12 сард ичээндээ ороод гүн гүн нойрондоо автан унтаж байдаг баавгайнууд ой хөвчөөр сэлгүүцээд, зарим төрлийн мод бутны буйлс цэцэглэхэд бэлэн болжээ. 12 сар гэхэд халуун орныг зорин нисдэг усны шувууд ч нүүдэл хийх гэж яарахгүй байгаа бололтой. Агаарын хэм “нэмэх” тэмдэгтэй байгаа тул усны шувуудын тэжээл нь болдог шавьжнууд ч бас нуурын эргээр зугаалж байгаа. Ингээд л усны шувууд өмнө зүгийг зорихгүй байгаа юм гэж ОХУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Газар зүйн институтын орлогч захирал Аркадий Тишков ярьж байна. Москвагийн амьтны хүрээлэнгийн оршин суугч гималайн баавгай хоол идэхгүй мацаг барьж эхэлсэн бол хүрэн баавгайнууд унтахгүй хашаан дотороо зугаалсаар байгаа аж. Удахгүй он гараад огцом хүйтэн болох юм бол буйлс нь цэцэглэх дөхсөн ургамалууд үхэх болно гэж ургамал судлаачид ярьцгааж байна. Таримал ургамалын хувь заяа ч бас их бүрхэг болох шинжтэй. Ирэх жил улаан буудайн гарц эрс муудаж болзошгүй ажээ. Ойн захаар бүр мөөг ургасан байхыг зурагтаар үзүүлж байна. Цаг агаарын дулаарал нь амьтан ургамал төдийгүй хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэхүйд ч нөлөөлж байна. Ихэнхи хүмүүс нойр муутай болж, амьдралын хэвийн хэмнэл нь алдагдаж байгаа талаар ярьцгааж байна.

No comments: