2006-12-11

УРАН УХААНТАЙ, АЛТАН ГАРТАЙ, БУРХАН ШИГ ИНЖЕНЕРҮҮД


2006 оны 7 сарын 10 өдөр Монголын Цахилгаан Тээвэр компаний инженерүүд хэвлэлийнхэнд нэгэн баяртай мэдээг дуулгасан юм. Монголд троллейбус үйлдвэрлэх боломж байна гэж тэд мэдэгдэв. Машин хийх нь байтугай унадаг дугуй ч үйлдвэрлэж чаддаггүй юм чинь Монголд троллейбус хийнэ гэдэг сэрүүн зүүд байлгүй гэж та бодож байна уу? Ээх, энэ юу л бол гэж та эргэлзэж байна уу? Манай улсад тээврийн хөсөг үйлдвэрлэдэггүй нь үнэн. Гэхдээ троллейбусаа угсарчих боломж байна гэдгийг Монголын Цахилгаан Тээвэр компаний инженерүүд нотолсон юм. Тэд хятад улсаас нэг автобус оруулж ирээд доторх тоног төхөөрөмжийг нь ялимгүй өөрчилөөд троллейбус болгож хувиргажээ. Ингээд үүнийгээ ИХ МОНГОЛ УЛС байгуулагдсан 800 жилийн ойн баярын өмнөхөн ард түмэндээ үзүүлсэн юм. Гадаадаас троллейбус худалдан авахаас хамаагүй хямд үнэтэй болохыг Цахилгаан Тээвэр компани мэдэгдээд “ЭЛЕКТРОБУС” төслийг санхүүжүүлэх юм бол хэдэн мянган доллар хэмнэх боломжтойг дурьдсан юм. Тухайн үедээ хүн бүхэн толгой дохиж ёстой зөв зүйтэй юм хийжээ та нар минь. Монгол инженерүүд ч үнэхээр уран ухаантай, алтан гартай бурхан шиг хүмүүс юм гээд л магтаал урсгаж байсныг санаж байна. Наадам маргааш нь болох гээд хүн бүхний сэтгэл санаа өөдрөг. Хурдан морио уралдуулж, хүчит бөхөө барилдуулж, харваачид цэц мэргэнээ сорих гээд л. Бүх юм баярын уур амьсгалтай. Хамгийн сайшаалтай нь монголын гэсэн тодотголтой ТРОЛЛЕЙБУС нэг ширхэгийг хийчихсэн. Ингээд л баяр наадам ч дуусахын хамт монголд үйлдвэрлэсэн троллейбусны тухай монголчууд өөрсдөө мартаж эхлэв. Монголчууд троллейбус хийжээ гэдэг мэдээг дуулсан Оросуудын нүд орой дээрээ гарч золтой л муужирсангүй гэнэ. Учир нь монголд троллейбусны баазыг байгуулахад Орос улс тусламж үзүүлсэн юм. Троллейбусны жолооч, инженер, засварчин, цахилгаан шугам татах мэргэжилтнүүдийг Орос улсад тусгай курст 1-3 сар суулгаж, номын дуу сонсгож байсан юм. Ингээд 1987 оны сүүлээр Улаанбаатар руу 100 ширхэг будаг нь ханхалсан шинэ троллейбусыг боловсон хүчний хамт илгээсэн юм. Монголчууд троллейбус угсрахдаа хятадад үйлдвэрлэсэн автобусны эх биеийг ашиглажээ гэж сонссон хятадууд бараг л шоконд орох дөхөв. Нэлээн хэдэн сарын өмнө Улаанбаатараас ирсэн монголчуудад зарсан автобус нь дүрээрээ мөн байв. Данжаадын зарсан автобус нь дээрээ хоёр антеннатай, дотроо зурагт DVD тоглуулагчтай болчихжээ. Урд хойд хоёр хөрш маань энэ үйл явдалд гайхахын зэрэгцээ монгол инженерүүдийн ур чадварыг биширсэн гэнэ. Үнэхээр чадварлаг монгол инженерүүдийн ачаар цахилгаан тээвэр компаний эргэлтийн хугацаа нь аль эрт дууссан Орос улсад үйлдвэрлэсэн троллейбуснууд Улаанбаатарчуудын нэгээхэн хэсгийг зорьсон газар нь хүргэж өгсөөр байна. Гэхдээ бүр 100-хан төгрөгөөр шүү. Улаанбаатарчууд харин троллейбусаа их ад үзнэ ээ. Анх 1987 онд нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлэхэд нь л “уяатай нохой” гэж хочилоод амжсан юм. Цагийн эрхээр троллейбус нь хуучирмагц удаан явдаг яст мэлхийнээс ч долоон дор гэж зүхдэг болов. Одоо Монголын цахилгаан тээвэр компанид 40 орчим троллейбус байгаа ажээ. Цагийн сайханд УБ хотод 8 чиглэлд троллейбус үйлчилдэг байв. Троллейбус нь эвдэрч жагсаалтаас гарч, зах зээлээ хувийн микро автобусныханд алдах болов. Троллейбусыг удаан явдаг гэж ад үздэг. Уг нь зам нь чөлөөтэй байх үед энэ унаа цагт 160 км хүртэл хурдлах боломжтой. Одоо Монголд явж байгаа эдэлгээний хугацаа нь дууссан троллейбуснууд 30 км цагийн хурдаас хэтрэхгүй байгаа нь үнэн. Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй. Өвлийн улиралд манай нийслэл хот утаанд умбадаг. Хотын агаар муу байгааг хүн болгон л ойлгож, ярьж бичиж байгаа. Харин троллейбус хорт утаа ялгаруулахгүй сайн талтай. Хотын агаар мандал, Улаанбаатарчуудын эрүүл мэндэд учирах сөрөг нөлөөг бууруулахад троллейбус хувь нэмэрээ оруулна. Нийтийн тээвэрт хүчин зүтгэж байгаа микро автобусны кондукторууд зогсоол дээр яаж муухай орилдогийг та санаж байна уу? Даралт ихтэй хүн автобусны буудал дээр удаан зогсох юм бол цус харваж нөгөө ертөнц рүү цаг бусаар явж ч мэднэ. За тэгээд Улаанбаатарын нарийнхан замаар микронууд хоорондоо уралдана. Улаанбаатар хотын зам тэр аяараа авто-раллигийн талбар л гэсэн үг. 2008 онд Бээжин хотод болох Олимпын наадмын гол унаа нь троллейбус байх юм байна. Одоогоос 10-аад жилийн өмнө Хятадын нийслэл Бээжин хот манай Улаанбаатараас ч долоон дор агаартай байсан гэдэг. Харин одоо Бээжин утаатай хот гэдэг нэрнээсээ салсан. Агаар мандал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлээс хятадууд татгалзаж байна. Олимпын наадмаас өмнө Бээжин хот бас метроны сүлжээгээ уртасгаж байгаа гэнэ лээ. Хөрш орнуудынхаа сайн талыг нь дууриах юм сан. Монголд троллейбус үйлдвэрлэх “ЭЛЕКТРОБУС” төслийг дэмжээрэй залуусаа. Цахилгаан тээвэр компанийг амьсгал хураахаас аврах ганц боломж энэ ч юм бил үү? Манай ерөнхий сайд асан П. Жасрай гуайн хэлснээр хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. /Нэг ширхэг троллейбус эх орондоо угсарлаа./ Харин энэ цаг үед гэрэлд хүрэх хэлбэрэлшгүй сэтгэл, хүч л гаргах хэрэгтэй байна даа.

Бичсэн MEDE NEWS 2006 оны 12 сарын 10
PS: “Шимэгч хорхой” сонин хэвлэл, сайтууд зохиогчын эрхийг хүндэтгэн үзнэ гэдэгт гүнээ найдаж байна. Одоогоор би монголын ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллахгүй байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. MEDENEWS.BLOGSPOT.COM

1 comment:

tuvko said...

Мэдээлэл талаасаа сайхан мэдээ байна аа. Харин баримт ишлэл нь муу, мөн аль хэдийн дүгнэлтээ сэтгүүлч маань өөрөө хийчихжээ. Олон мянган доллар хэмнэнэ гэдэг нь тоо баримтгүйгээр бол хоосон үг шүү дээ. Мөн хийсэн тролебус маань хэр эдийн засгийн ашигтай юм, аюулгүй байдалыг хангаж чадсан юмуу, үүнийг үргэлжлүүлэхэд юу юу хэрэгтэй талаар жаахан ч гэсэн бүтээлч судалгаа хийгээд мэдээгээ гаргавал хүнд хүртээлтэй хэрэгтэй болох болов уу. Зөвхөн хүнээс дуулсан мэдсэнээ өөрийн бодолтойгоо холиод найруулан бичихийг сэтгүүл зүй гэдэггүй бизээ. дахиж блогоор тань шагайж шалгаж байна аа. амжилт хүсье.