2006-12-11

(250 х 76)+ПАРЛАМЕНТЫН ОРДОН= ХАРИУ НЬ ХЭД ВЭ?


Уншигч та энэ бодлогыг бодоод хариуг нь хэлээд өгөөч. тооны хичээлд тааруухан байсан болохоор үсэг цифр холилдсон энэ бодлогын хариуг нь гаргаж чадалгүй хэд хонож байна. Энэ бодлогын хариуг нь олж чадаагүй болохоор блог хөтөлдөг монгол залуусдаа хандаж байгаа минь энэ.
Их Хурлын гишүүд тойрогтоо зарцуулах 250 сая төгрөг улсын төсвөөс авах гэж байна гэх сураг ажиг хэвлэлээр нэг тарав. 250 сая төгрөгийн асуудал аль хэдийнэ хэрүүлийн алим болоод амжиж. Их хурлын гишүүд тойрогтоо зориулах нэрээр улсын төсөв рүү ханцуйгаа шамлаад гараа дүрэх эрх байхгүй гэж нэг хэсэг нь үзэж байна. Яадгийм 250 саяыг авна за юу гэх шийдсэн хүмүүс ч бас цөөнгүй байгаа бололтой. Түүнчлэн Кувейт улсын засгийн газрын хөрөнгөөр парламентийн ордон барина гэж чарлав. Эрхэм гишүүд идэж ууж таргалаад одоо байгаа Төрийн ордондоо багтахаа болиод хэцүүдэж байгаа юм байхаа таминь ээ. Парламентын Ордон хаана барих вэ гээд бас маргалдав. Хотын төвлөрлийг сааруулахын тулд УБ-аас зайдуухан ордонгоо сүндэрлүүлэх нь зөв гэж нэг хэсэг нь хэлэв. Их хурлын чуулгандаа суухын тулд өдөр бүр өч төчнөөн литр бензин тос гарздах нь ээ. Шал дэмий санаа байна наадах чинь. Харин одоо байгаа Төрийн Ордоноо дээш нь өндөрлөөд Парламентын Ордоноо барих нь зөв. Монгол Улс чинь парламентын засаглалтай биз дээ гэдэг санаа ч цухалзав. Төрийн Ордоны арын мод бут ургуулсан талбайд ирээдүйн парламентын орд харшаа босгох нь хамгийн зөв сонголт гэж үзэж байгаа хүмүүс ч байна. Сүүлдээ бүүр ийм “абсурд” яриа хүртэл дуулдах юм. Төрийн ордоны арын цэцэрлэгт хүрээлэнд Парламентын ордон барихдаа мод бутыг нь сүйтгэхгүй хэвээр нь хадгална гэж тэд цээжээ дэлдэж байна. Мод бутыг нь сүйтгэхгүйгээр тэр талбайд яаж ордон бариж болохыг мунхаг би бодоод бодоод олдоггүй ээ. Энд тэнд нь өндөр багана босгоод агаарт байшин барих юм болов уу? Эсвэл газар доор нүх ухаад метроны станц шиг юм хийх гээд байгаа юм болов уу гэж хүртэл эргэцүүлж үзлээ. Миний төсөөлж байгаагаар бол хаана ямар загвар хийцтэй байшин барих асуудлыг Хот байгуулалтын яам, эсвэл Нийслэлийн захиргааны эрх мэдэлтэнгүүд, үгүй дээ л хотын архитекторч нар шийддэг байлтай. Улсын Их Хуралын эрхэм гишүүд энэ асуудлыг хэлэлцэх нь зөв л юм байх даа? Үндсэн хуулинд зааснаар бол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгуулага. Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх ёстой хууль тогтоомжыг батлах үүрэгтэй хүмүүс. “Ардын элч”-ээр сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд байшин сууц хаана барихыг шийдэх ёстой гэсэн ганц ч үг, өгүүлбэр одоо мөрдөж байгаа манай улсын хуулинд байхгүй гэдэгт би 100 хувь итгэл төгс байна. Парламентын Ордон барих нь манай орны өмнө тулгараад байгаа амин чухал шийдвэрлэх асуудал мөн үү? Ордон сүндэрлүүлнэ гэдэг монгол гэр барихтай зүйрлүүлэшгүй хэцүү асуудал тул УИХ-ын 76-ийн түвшинд шийдэж байгаа юм болов уу? Энэ олон асуултанд хариулах аавын хүү байна уу?

Бичсэн MEDE NEWS 2006 оны 12 сарын 10
PS: “Шимэгч хорхой” сонин хэвлэл, сайтууд зохиогчын эрхийг хүндэтгэн үзнэ гэдэгт гүнээ найдаж байна. Одоогоор би монголын ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллахгүй байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. MEDENEWS.BLOGSPOT.COM

No comments: