2006-12-07

Ерөнхийлөгчийн айлчлалын эргэн тойронд

Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаярын Буриадад хийсэн айлчлал нь санаанд оромгүй үр дүнд хүргэжээ. Монголын ерөнхийлөгчийг Новосибирск хот руу үдэж мордуулсны дараа Буриадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд “санаанд оромгүй үр дүн” гэдэг сэдвээр дуулиан тарьсан нийтлэл бичжээ. Ингээд Буриадын сонин хэвлэлд ерөнхийлөгч Н. Энхбаярыг явмагц хэвлэгдэн гарсан “Буриадад дуулиан тариад байгаа” нийтлэлийн гол утга санааг сийрүүлье. Уг нийтлэлийг үг бүрчлэн орчуулах шаардлага байхгүй гэж үзлээ. Буриадын ерөнхийлөгч, буддын шашны хамба лам Сангхи хоёр 1998 онд айхтар муудалцсан юм байна. Бие биендээ голдоо ортол гомдох болсон шалтгаан нь “Түвдийн анаагаах ухааны атлас” гэдэг номноос болсон юм байна. Тэд өнөөг хүртэл эв зүйгээ олоогүй бөгөөд “хүйтэн дайны” байдалтай бие биетэйгээ харилцсаар өнөөдрийг хүрсэн ажээ. Тэдний хоорондын үл ойлголцол 2002 онд бүр дээд цэгтээ тулжээ. Учир нь 2002 онд Буриадын ерөнхийлөгч буддын шашинтнуудын чуулган хийх гэж оролдоод амжилтад хүрээгүй байна. Үүнээс нэг жилийн дараа буюу 2003 оны зун хамба лам хариу цохилт өгчээ. Хамба ламбугай нэгэн шашны үйл ажиллагааны үеэр Буриадын ерөнхийлөгч Потаповыг оролцуулахгүй гэж хоригложээ. Үүнийг ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын газрын нарийн бичгийн дарга Рушайло харж байв.
Буриадын ерөнхийлөгч Потаповын хувьд нь Төвөөс ирсэн том албаны хүний өмнө “царай алдсан” анхны тохиолдол нь энэ болов. Үүний дараа тус бүгд найрамдах улсын дээд удирдлагууд тэднийг эвлэрүүлэх гэж оролдсон боловч тэдний харилцаа хүйтэн хэвээр үлджээ. Монголын ерөнхийлөгчийн айлчлалд бэлтгэх явцад албан ёсны хөтөлбөрт заавал Иволгины дацанд зочилох үйл ажиллагаа тусгагджээ. Дипломат протоколын дагуу Монголын ерөнхийлөгчийн айлчлалын бүх хөтөлбөрийн турш Буриадын ерөнхийлөгч түүнийг дагаж явах ёстой. Буриадын Буддын шашны удирдлагууд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Хамба лам Итигэловын үүр нойрсож байгаа сүм рүү Монголын талаас 5 хүнийг оруулна гэж мэдэгджээ. Монголын ерөнхийлөгчийг Итигэловын сүм рүү ороход нь Буриадын ерөнхийлөгч хамт байх ёстой. Гэтэл сүмийн үүдэнд нөгөө хамба лам завилаад сууж байдаг. Буриадын засгийн газар 2003 онд болсон үйл явдал давтагдах вий гэж маш их санаа зовниж, таагүй байдал үүсгэхээс сэргийлж чадах бүхнээ хийжээ. Монголын ерөнхийлөгч ирэх үед Буриадын ерөнхийлөгч Потаповтай хэрүүл маргаан битгий үүсгээрэй гэж Буриадын засгийн газрын эрх мэдэлтэнүүд сүүлийн 7 хонгийн турш Хамбаас гуйжээ. Тэр ч бүү хэл Хамба ламын дотны найз Хиагт дүүргийн дарга Валерий Турбяновыг хүртэл энэ хамба лам руу явуулсан ажээ. Ингээд айлчлал ч эхэллээ. Монголын ерөнхийлөгчийн айлчлалын зохицуулагч ОХУ-ын ГХЯ-наас томилогдсон тусгай элч хэрэв байдал эвгүйдэхээр бол албан ёсны хөтөлбөрөөс Дацанд зочлох үйл ажиллагааг хасахад ч бэлэн байсан гэдэг цуу яриа амнаас ам дамжин яригдаж байна. Үлгэр үргэлж сайнаар дуусдагийн адилаар сүүлд нь Хамба лам Леонид Потаповыг сүм рүү оруулах зөвшөөрөл өгчээ. Тэрээр Буриадын “МК” сонинд өгсөн ярилцлагадаа Монголын ерөнхийлөгчийн “түүхэн” айлчлалыг хүндэтгэн үзэж ийм шийдвэр гаргасан гэж хэлжээ.
www.bol.ru “Интрига вокруг визита”
MEDENEWS

1 comment:

Galaarid said...

Маш сонин материал байна. чиний блогийг байнга уншиж байгаа. Мэдээлэл сайтай аятайхан блог шүү. Амжилт хүсье