2008-05-13

Дэлхийн мэдээ 2008-05-12 Даваа гараг

ЛИД1: Сербийн ерөнхийлөгч Борис Тадичийн удирдсан барууныг баримталсан эвсэл парламентын сонгуульд тэргүүлж явна. Түүний өрсөлдөгч Радикал намын удирдагч Томислав Николич Оростой харилцах харилцаагаа бэхжүүлнэ гэдгээ хэлсэн байна .
Энэ удаагийн парламентын сонгуулийг Слободан Милошевичийн дэглэмийг 2ООО онд татан унагааснаас хойш болж байгаа хамгийн чухал сонгууль бөгөөд энэ сонгуулийн үр дүнгээс Косовог алдсан Серби улс Европын холбоотой ойртон нягтрах замаар замнах үгүй нь хамаарах юм гэж ажиглагчид үзэж байна. Сонгуулийн хэсгүүд үүд хаалгаа барихаас цагийн өмнө сонгогчдын 53 хувь саналаа өгсөн байсныг шинжээчид нилээд бага хувийн ирцтэй болсон гэж дүгнэсэн байна . Косовогийн сербүүд ч санал өгөхөд оролцож болох юм байна . Косовогийн засгийн газар болон хязгаарт суугаа НҮБ ын төлөөлөгчид ингэх хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа гэнэ. Сербийн иргэд Сербийн Радикал нам болон Борис Тадичийн удирдсан европыг баримталсан хүчнүүдийн эвсэлийн аль нэгнийг сонгохоор болж байгаа гэнэ. Тадичийн өрсөлдөгч болох Радикал намын удирдагч Томислав Николич Би Би Си агентлагийн оросын албанд ярилцлага өгөхдөө Оростой харилцах харилцаагаа бэхжүүлнэ гэдгээ хэлсэн байна . Ерөнхий сайд Воислав Коштуницагийн толгойлсон эвслийн засгийн газар нуран унасны дараа Сербийн ерөнхийлөгч Борис Тадич Европын Холбоотой ойртон нягтрах асуудлаар нэгдмэл саналгүй байгаа шалтгаанаар өмнөх парламентыг тараасан байна . 2ОО8 оны 2р сард Косово бие даасан байдлаа зарлан тунхагласан нь Европын холбооны интеграцийг эсэргүүцэх үндсэрхэг үзлийг Сербид өрнүүлжээ.
4р сарын сүүлээр Европын Холбоо болон Серби улсын хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 5р сарын 6 нд Шенгений зурваст багтдаг европын 17 орны төлөөлөгчид Сербийн иргэдэд үнэгүй зорчих виз олгох талаар тохиролцсон байна .

ЛИД 2: Засгийн газрын талыг баримтлагчид болон шийтийн Хезболла бүлэглэлийн хооронд Бейрутын орчимд дайн тулаан үргэлжилсээр л байна. Ливаны дайчид Триполи хотын эзлэн авчээ.
Засгийн газрын талыг баримтлагчид болон шийтийн Хезболла бүлэглэлийн хооронд болж байгаа тулалдаан Бейрутаас урагшаа орших дийлэнх нь друзууд суурьшсан уулархаг нутаг руу шилжээд байгаа юм байна. Друзуудын удирдагч бөгөөд засгийн газрын талыг баримтлагч Валид Жумблаттын хяналтанд байгаа дүүргүүдийг Хезболлагийн зэвсэгт бүлэглэлийнхэн эзлээд байгаа гэнэ. Хүчирхийлэлд эцэс тавьж , тус бүс нутгийг армийн хяналтанд өгөх гэрээ хэлэлцээр байгуулах саналыг друзуудын доторх өөрийн гол шүүмлэгч, Хезболлагийн талыг баримтлагч Талал Арсланд Жумблатт тавьсан байна . Хэдэн цаг тулалдсаны дараа тус дүүргийг Ливаны арми эзлэн авч гал зогсоох тухай зарлажээ. Үүнээс өмнө ливаны дайчид улсын умард хэсэгт орших Триполи хотыг эзлэн авсны улмаас олон мянган хүн орон гэрээ орхин одохоос өөр аргагүб болсон байна . Ливанд болж байгаа энэ тулаан 1975 аас - 199О онд болж байсан шиг иргэний дайнд хүргэж болзошгүй гэж хүмүүс болгоомжилж байгаа гэнэ. Арабын улсуудын Лигийн гишүүн орнуудын Гадаад хэргийн Яамдын тэргүүнүүд Ливанд нэн даруй гал зогсоохыг Каирт болсон шуурхай зөвлөгөөн дээрээ уриалсан байна .

ЛИД3: Бирмд болсон хар шуурганд амь алдсан хүний тоо 28 мянгаас даваад байна Хятад ,Тайландаас ирсэн хүмүүнлэгийн тусламжийн ачаа бүхий онгоцыг газардахыг Бирмийн цэргийн дэглэм зөвшөөрсөн байна .
Бирмд болсон хар шуурганд амь насаа алдсан хүний тоо 28 мянгаас даваад байна гэж тус улсын төрийн телевизийн сувгаар өчигдөр мэдээлсэн байна . Алга болсон 33416 хүн байгаа тухай ч мөн мэдэгджээ. Хар шуурганд өртсөн хүмүүст нэн тэргүүнд шаардлагатай зүйл зөөж явсан ачааны нэг онгоц Бирмийн Иравади голын орчимд живсэн , гэхдээ хөлгийн багийн гишүүд бүгд амьд гарсан тухай Олон улсын Улаан загалмайн холбооноос мэдээлсэн байна . НҮБ ын олон улсын хүнсний хөтөлбөрийн ажилтнууд 38 тонн хүнсний бүтээгдэхүүн болон нэн тэргүүний хэрэгцээтэй зүйлсийг аль хэдийнэ хуваарилаад байгаа юм байна . Гэвч Бирмд үзүүлж байгаа энэ тусламж эмгэнэлт явдлын цар хэмжээнд тохирохгүй байгаа гэдгээ ч тэд сануулан хэлсэн байна . Бирмийн өмнөд хэсэгт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн дөрөвний нэг нь л 8 хоногийн өмнө ямар нэг тусламж авсан байна гэж НҮБ-аас дүгнэжээ. Хятад тайландаас ирсэн хүмүүнлэгийн тусламжийн ачаа бүхий онгоцыг газардахыг Бирмийн цэргийн дэглэм зөвшөөрсөн байна .

ЛИД 4: Өнгөрсөн бямба гаригаас эхлэн түлш нийлүүлэлтийг хязгаарласны улмаас Газын зурвасын цорын ганц цахилгаан станц хаагдаж олон зуун байшин гэрэл гэгээгүй байсаар байгаа гэнэ.
Сүүлийн 5 өдөр Газын зурвасын нутаг дэвсгэрт шатахуун нийлүүлэхийг Израйль хориглосноос болж энэ бүс нутагт түлш дууссан тухай орон нутгийн эрх баригчид ярьсан байна . Газын зурвасыг Израилыг пуужингаар бөмбөгдөх талбар болгон ашиглаж байнаа Палестины дайчдад шахалт үзүүлэх үүднээс өнгөрсөн жил Израилын сайд нарын танхим энэ бүс нутагт түлш нийлүүлэхээ хязгаарласан юм байна . Газын зурваст нийлүүлэх түлшний доод хэмжээг Израилын Дээд шүүх тогтоосон боловч Британийн Оксфам гэх мэтийн хүмүүнлэгийн байгууллагууд тйим юм байхгүй гэж ярьж байна. Ойрын үед Израйль шатахууныхаа хязгаарлалтыг зогсоохгүй юм бол 1.5 сая хүн амтай энэ зурвасынм нөхцөл байдал нэн хурцдана гэж хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд ярьсан байна . Аюулгүй байдлын үүднээс шатахуунтай цистернүүдийг оруулахаа азнаж байсан , удахгүй түлш нийлүүлнэ гэж Израйлын эрх баригчид мэдэгдсэн байна . Газын зурвасын цахилгаан станц нутаг дэвсгэртээ оршиж байгаа бүх байшингийн гуравны нэгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд үлдсэн нь Израилын цахилгаан хангамжаас шууд хамааралтай юм байна. Палестины нутаг дэвсгэр дээрээс пуужингаар харвасан явдлыг шударга бус явдал болоо хэмээн НҮБ ын зүгээс Израйлыг буруушаасан байна .

ЛИД 5: Нэг баррель нефть 126 долларт хүрч дэлхийн дээд амжилт тогтоожээ. Хагас жилийн дараа нефтийн үнэ 2ОО долларт хүрч болзошгүй гэж нэгэн шинжээч таамаглан хэлсэн байна .
Оны эхнээс нефтийн үнэ тасралтгүй өсөөр байна. Өнгөрсөн баасан гаригт түүхий нефтийн үнэ нэг баррель нь 126 долларт бараг дөхөж очсоноор шинэ дээд амжилт тогтоосон байна . Энэ өдрийн үд дунд гэхэд Европт америкийн хөнгөн нефть 125, 98 долларт хүрч байсан байна. Пүрэв гаригт арилжааг хааснаас хойш хар алтны үнэ 2,29 доллараар өсчээ. Үүний зэрэгцээ лондоны Брент төрлийн нефтийн үнэ нэг баррель нь 125,68 долларт хүрч дээд амжилт тогтоосон гэнэ. Хагас жилийн дараа нефтийн үнэ 2ОО д хүрч болзошгүй тухай Голдман Сайчс банкны шинжээч өнгөрсөн 7 хоногийн эхээр урдьчилан таамаглаж хэлж байжээ . Тасралтгүй өссөөр байгаа үнийг үл харгалзан ОПЕК ийн орнуудын төлөөлөгчид нефтийн үйлдвэрлэл одоогоор эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа гэж өнгөрсөн пүрэв гаригт дахин мэдэгдээд хойшид нефтийн үнэ 2ОО долларт хүрэх нь бүрэн бодитой юм гэж цохон тэмдэглэжээ. Дэлхий даяар нефтийн эрэлт хэрэгцээ өсч байгаа бөгөөд эдийн засаг нь далайцтай хөгжиж байгаа Хятад улс эрэлт хэрэгцээгээрээ эхний байранд тэргүүлж , Энэтхэг удаалж яваа юм байна . Энэ хоёр орон одоо дэлхийд үйлдвэрлэж байгаа нефтийн дийлэнх хувийг авахыг хүсдэг АНУ , Европын Холбоо, Японтой тай улам бүр өрсөлдөж байгаа билээ. Нефть дамжуулах хоолой руу цэргийн довтолгоо дахин хийсний дараагаар нефтийн үйлдвэрлэл Нигер улсад унасан юм. Үүнээс гадна Иракийн хойд мужуудыг дамжин очдог нефтийг экспортлох явдал курдуудын босогчдын эсрэг явуулж буй туркийн шинэ дайн тулаанаас болоод багасаад байгаа юм байна . АНУд замын хөдөлгөөн ихэсдэг зуны улирал ойртож байгаа нь ч нефтийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Нефтийн үнэ өсч байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулж, инфляцийн өсөлтөнд нөлөөлнө гэж эдийн засагчид урьдчилан анхааруулж байна

ЛИД6: Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн салбар төвүүд болох Жонсоны нэрэмжит сансрын төв, Эймсийн нэрэмжит Судалгааны төвийн ажилтнууд ирэх сард судалгааны шинэ бүтээлээ хэвлүүлэх гэж байгаа гэнэ.
Сансар судлаачид энэ бүтээлдээ 2ООО ЭС ЖИ 344 солир руу нислэгийн ажиллагаа зохион байгуулах гэж байгаа тухай саналаа оруулсан тухай британийн Де Гуардиан сонинд мэдээлсэн байна . Энэ солирыг дэлхийтэй мөргөлдөх байх гэж 2ООО онд гэж үзэж байсан нь 5ОО д нэгийн харьцаатай нилээд өндөр магадлалтай байсан байна . Энэхүү солир дэлхийд нэг биш удаа ойртож ирэх хэдий ч дэлхийтэй мөргөлдөх бодит аюул заналхийлэхгүй байгаа тухай сүүлийн үеийн ажиглалтаар тогтоогдсон гэнэ. 2ООО Эс Жи 344 гэдэг энэ солирыг голч нь 4О метр, жин нь 7О сая тонн гэж Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн мэдээ баримтанд дурджээ. Шаттл хөлгийн оронд бий болох Орион хөлгийг тус солир луу илгээх саналыг инженерүүд тавиад байгаа бөгөөд ирж очиход 3- аас 6 сар зарцуулж , солирын гадаргуу дээр 2 сансар судлаач 14 хоног ажиллах юм байна . 2ООО ЭС ЖИ 344 солирыг ээлжит удаа дэлхийд ойртох үед Орион хөлгийг нисгэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
ЛИД7: Италийн олон хот овоорсон хогоо зайлуулах асуудлаа шийдэж чадахгүй байсаар байна . Хогон овооноос залхсан оршин суугчид тэдгээрийг шатаахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм байна .
Италийн Кампани хотын оррн нутгийн захиргааны байгууллагууд одоо болтол асар их хэмжээний хог хаягдлаа зайлуулах асуудлаа шийдэж чадааггүй л байгаа гэнэ. Өндөр өндөр хогон овооноос залхсан оршин суугчид арга ядахдаа тэдгээрийг шатаахаас өөр аргагүйд хүрчээ. Тэнд одоогоор 27О тонн хог хаягдал хуримтлагдчихаад байгаа юм байна . Өдөр бүр хотын гудамжинд хог шатаасан олон арван голомт бүртгэгддэг болоод байгаа бөгөөд орон галын дөл орон сууцны барилгуудад авалцах аюултай байж магадгүй гэж үзсэний үндсэн дээр болгоомжлох үүднээс тус хотын галын хэсгүүд өндөржүүлсэн дэглэмээр ажиллаж байгаа юм байна . Үүний адилаар Неаполь хотод ч гэсэн хогоо зайлуулах асуудал нэн тэргүүний зорилт болоод байгаа гэнэ.

1 comment:

Anonymous said...

дандаа хар мэдээ :P