2008-07-10

Дэлхийн мэдээ 2008 07 10 Пүрэв гараг

Лид1. Өнөөдөр БНХАУ ын нийслэл Бээжин хотод Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг энхийн замаар зохицуулах 6 талт хэлэлцээр эхлэж байна.
Уулзалт албан ёсоор эхлэхээс өмнө Бээжин хотод хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хэд хэдэн уулзалтууд болжээ. Тухайлбал 7 сарын 9 нд Америкийн төлөөлөгч Кристофер Хилл хятад, өмнөд солонгосын төлөөлөгчидтэй урьдчилсан уулзалт хийжээ. Америкийн төлөөлөгч Хойд Солонгост итгэмжлэл гардуулах ажлыг яаравчлах хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдөр өглөө Орос, Америкийн төлөөлөгчидийн хоёр талт уулзалт болж өнгөрчээ. Үүний дараа Орос Хятадын хооронд уулзалт болжээ. Солонгосын хойгийн асуудлыг шийдэх тухай хэлэлцээрийн 3 р үе шат эхлэхээс өмнө БНАСУ д итгэмжлэл гардуулах хэрэгтэй гэж АНУ үзэж байна. 6 сарын 27 нд БНАСАУ Йонбен дахь цөмийн байгууламжийнхаа хөргүүрийн системийн цамхагийг нураасан юм. Үүний дараа АНУ хойд солонгосыг алан хядлагийг длэмжигч орны жагсаалтаас хасна гэж амласан юм.

Лид2. Японы Хоккайда аралд аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүн нарын чуулга уулзалт өчигдөр өндөрлөсөн. Харин үүний дараа Японы Хоккайда аралд гадаадын бусад улс орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулсан байна.
БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао, ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх, Бразилиин төрийн тэргүүн Луис Инаси Лулой да Силва нар уулзсан байна. Орос, Хятад, Энэтхэг, Бразил улс нь эдийн хөгжлийн клуб байгуулан хамтран ажилладаг юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны клубын үйл ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын зарим асуудлаар нэгдмэл байр суурьтай байх, харилцан бие биенээ дэмжиж байх талаар уулзалтад оролцсон төр засгийн удирдагчид тохиролцсон байна.

Лид3. Иран улсын Персийн буланд цэргийн хээрийн сургууль хийж шинээр зохион бүтээсэн янз бүрийн тусгалтай пуужин туршсан байна. Баруун орнууд Иран улсад хандан цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардаж байгаа энэ үед шинэ төрлийн пуужин туршсан нь гал дээр тос нэмсэнтэй адил хэрэг боллоо.
Иран улсын хийж байгаа цэргийн хээрийн сургуулилтад тус улсыйн агаарын нисэх хүчин, тэнгисийн цэргийн байлдааны усан онгоц оролцож байна. Израиль улс одоогоос хэдхэн хоногийн өмнө Ираны цөмийн байгууламж руу агаараас цохилт өгөх зорилгоор цэргийн хээрийн сургууль хийсэн юм. Тэгвэл Иран улс үүний хариуд гэнэтийн цэргийн хээрийн сургуулилт хийж байгаа хэрэг гэж цэргийн шинжээчид үзэж байна. Иран улсын туршсан дундын тусгалтай Шахаб 3 пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой, Израилийн нийслэл Тель Авив хот, Персийн булан дахь АНУ ын цэргийн баазад хохирол учруулах боломжтой юм. Иран улс шинэ пуужин туршсаны дараа дэлхийн олон орны удирдагчид байр сууриа илэрхийлжээ. АНУ ын төрийн нарийн бичгийн даргийн орлогч Уильям Бернс Конгрессийн хуралд 7 сарын 9 нд оролцох үедээ АНУ ын засгийн газар Ираны асуудлыг энхийн замаар шийдэх сонирхолтой байгаа мэдэгдээд пуужингийн туршилт хийсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ. АНУ ын засаг захиргаа Иран улсад хандан балластик пуужин зохион бүтээх ажлаа бүр зогсоохыг уриалсан байна. Иран улс пуужингийн туршилтаасаа татгалзахад ОХУ чухал үүрэгтэй гэж гэж Уильям Бернс цохон тэмдэглэжээ.
АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Болгарын Софи хотод байхдаа

Эм. Иран улс цөмийн хөтөлбөрөө үргэлжүүлж, шинэ пуужингийн туршилт хийж байгаа энэ үед зүүн европын орнуудад пуужингийн довтолгооноос хамгаалах радар байрлуулах нь зөв зүйтэй алхам гэдэгийг нотлож байна.

гэж мэдэгджээ. Чехийн нутаг дээр байрлуулах гэж байгаа америкийн радар нь Ираны агаарын орон зайг хянах, европын орнуудыг хамгаалах зориулалттай гэж АНУ тайлбарлаж байна. Харин ОХУ өөрийн хил хязгаартаа ойрхон газар америкийн цэргийн байгууламжийг байрлуулах асуудалд тун тааламжгүй хандаж байна. Иран улсын туршиж үзсэн Шахаб 3 пуужин нь 2000 км туулах хүчин чадалтай. Харин Израиль улс Иранаас ердөө 1000 кмын зайтай байгаа. Ираны батлан хамгаалах яамныхан шинэ пуужин туршсан нь Израиль болон барууны орнуудын сэтгэлийг түгшээж байна. Ирэх 11 сард болох АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан Ираны талаар баритмтлах АНУ ын байр суурь өөрчлөгдөхгүй. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ардчилсан намын гишүн Барак Обама, Бүгд найрамдах намын гишүүн Жон Маккейн нарын аль алин нь Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. АНУ ын цэргийн шинжээчид Иран улс 2015 он гэхэл АНУ ын нутаг дэвсгэрт хүрч чадах пуужин зохион бүтээнэ гэж тооцоолсон байна.
Лид4. АНУ ын тусгай албаныханд гадаадын иргэдийн утасны яриа, электрон шууданг шалгаж байхыг зөвшөөрсөн хуулийг баталсан байна.
Шинэ хуулийн төсөлд АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш гарын үсэг зурна гэдэгээ мэдэгдсэн байна.Алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн, АНУ ын эсрэг АНУ ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хэний ч утасны яриаг шүүхийн шийдвэргүй сонсож, чагнаж байхыг энэ хуулиар зөвшөөрч байна. Энэ хуулийг батлагдахыг АНУ ын утасны компаниуд аль эртнээ хүлээж байсан юм. 9 сарын 11 ний дараа АНУ ын үүрэн телефоны зарим компаниуд тусгай албаныхантай хамтран ажиллаж байжээ. Үүний дараа өөрсдийнх нь утасны яриаг зөвшөөрөлгүй чагнаж байгааг эсэргүүцсэн хүмүүс шүүхэд хандаж их хэмжээний нөхөн төлбөр шаардсан юм. Энэ хууль батлагдсанаар АНУ ын засгийн газар олон тэрбум долларын өрөнд орох эрдэлгүй болж байгаа юм.

Лид5. Суданы Дарфур мужид ажиллаж байгаа НҮБ ын энхийн сахиулагчид болон Африкийн холбооны цэргүүд бүслэлтэд орсон байна. Энхийг сахиулагчид Дарфур мужийн хойд хэсэгт миномет, гранатометийн галд өртсөн байна.
Бүтэн хоёр цагийн турш энхийг сахиулагчидийн зүг Дарфурын босогчид гал нээжээ. Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр буудалдцааны үеэр Африкийн холбооны гишүүн Гана улсын нэг, Руанда улсаас ирсэн нэг цэргийн албан хаагч, НҮБ ын мандаттай ажиллаж байгаа 22 цэрэг шархадсан байна. Тэдний 7 ийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн уламжилсанаар энхийн сахиулагчдийн 10 гаруй машин, хуягт машин устжээ. Энхийг сахиулагчид руу Арабын Жанжавид гэдэг зэвсэгт бүлэглэлийнхэн халдсан гэж цэргийн мэргэжилтнүүд таамаглаж байна. Иргэний дайн гарсан Судан улсын Дарфур мужид 26 мянган энхийг сахиулагч оруулах шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар тэнд 10 мянган энхийг сахиулагч алба хааж байна. Дарфур мужид иргэний дайн дэгдсэнээс хойш 300 мянган хүн амь насаа алдаж 2 сая хүн төрөлх нутагаа орхиж дүрвэгч болсон байна.

Лид6.Бүгд Найрамдах Турк улсын Станмбул хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг АНУ ын консулын газрын гадаа буудалцаан болж туркийн нэг цагдаа, өөр гурван алан хядагч амь үрэгдсэн байна.
Гэрчүүдийн хэлснээр цагаан машин хөлөглөсөн гурван хүн америкийн консулын газраас холгүй байдаг цагдаагийн газрын хэсэгт очиж шууд гал нээжээ. ҮҮний хариуд цагдаагийн албан хаагч тэр гурван хүнийг бууджээ. Ойролцоогоор найман минут үргэлжилсэн буудалцааны үеэр өөр гурван цагдаа шархадсан байна. Буудалцаан намжсаны дараа хүчний байгуулагийнхан хамгаалалтад гарчээ. Анкара хот дахь АНУ ын элчин сайдын яамны төлөөлөгч Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэлт илэрхийлж, одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж хэлсэн байна.Сүүлийн жилүүдэд Турк улсад хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа болж байсан. Алан хядах ажиллагааг Туркийн салан тусгаарлагчид, лалын шашныг дэмжигчид зохион байгуулж байсан юм. Харин хамгийн сүүлчийн удаа 2003 онд Турк дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газарт халдлага гарч байса юм. Америкийн консулын газрын гадаа болсон буудалцааны үеэр америкийн иргэн хэлмэгдээгүй байна.


Лид7. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Гүруж улсад хүрэлцэн ирж тус улсын ерөнхийлөгч Михаилом Саакашвилитай уулзсан байна.

Хатагтай Кондализа Райсын айлчлалын гол зорилго нь Өмнөд Осет болон Абхазын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэхэд оршиж байна. Кондализа Райсын хөлөглөсөн онгоц Тбилиси хотод газардаж байр үед Гүржийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ОХУ ын цэргийн онгоц агаарын хилийг зөрчсөн гэж мэдэгдэл гаргажээ. Гэвч одоогоор ОХУ ын тал энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. АНУ Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хүчин чармайлт тавих болно гэж мэдэгджээ. Гүржийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болохыг хүсэж байгаа Абхаз, Өмнөд Осетийг дэмжихгүй гэдгээ АНУ ын засгийн газар олон удаа илэрхийлж байсан юм. ОХУ өчигдөр НҮБ ын Аюулгүйн Зөвлөлд Гүрж Абхаз, Өмнөд Осетийн асуудлаар тогтоолын төсөл өргөн барьсан. Өнөөдөр Аюулгүйн Зөвлөл энэ тогтоолын төслийг хэлэлцэж байгаа.

Лид8. Милан хотын тангарагтаны шүүх, сүүлийн 16 жилийн турш ухаангүй байгаа хүн өвчин туссан 36 настай эмэгтэйд залгасан сэхээн амьдруулах эмнэлэгийн төхөөрөмжийг салгахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.
1972 онд төрсөн Элуана Энгларо гэдэг энэ эмэгтэй 1992 оны 1 сарын 18 нд зам тээврийн осолд орсон байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл ухаан ороогүй байгаа юм. Эмч нар түүнд гуурсаар дамжуулан ус, хоол хүнсний зүйл, эм тариа өгч байжээ. Энэ бүсгүйн эцэг Беппино Энгларо шүүхэд хандан сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа охиндоо залгасан амьдрал тэтгэх төхөөрөмжийг унтраах хүсэлтийг 1999 онд гаргажээ. Шүүгч нар түүнд хэд хэдэн удаа татгалзсан хариу өгч байжээ.
Харин энэ удаа шүүх байгуулага ухаангүй байгаа бүсгүйн аавын гаргасан хүсэлтийг ёсоор болгохыг зөвшөөрсөн байна.

Лид9. Белоруссийн хөлбөмбөгийн 13 дахь удаагийн аврага шалгаруулах тэмцээний үеэр талбайн шүүгч согтууруулах ундаа хэрэглсэн байжээ.

Белоруссийн "Витебск", "Нафтан" багуудын хооронд сонирхолтой тоглолт болж байжээ. Гэвч үзэгчид хөлбөмбөгчидөд биш, харин шүүгч Сергей Шмоликт анхаарлаа хандуулсан байна. Эхэндээ үзэгчид шүүгчийн нуруу нугас нь өвдсөн байна гэж таамагласан байна. Гэвч цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр үзлэг хийсэн эмч нар энэ таамаглалыг эрс үгүйсгэж, харин шүүгч согтуу байна гэж хэлсэн байна. Согтуу шүүгчийг талбайгаас гаргах үед тэр үзэгчид рүү хандан гараараа даллаж байжээ. Одоо тусгай хороо согтуу шүүгчийн хэргийг шийдэх гэж байна.

Лид10. ОХУ ын эрдэмтэд дэлхийхн хамгийн цэнгэг устай, хамгийн гүнзгий Байгал нуурын хөрсийг судлах гэж байна. Усанд шумбагч “Мир” төхөөрөмжийг Байгал нуурт авч ирэх бэлтгэл ажлыг судалгааны багийнхан хийж байна.

Ачааны Руслан онгоцоор “Мир” шумбагчийг тээвэрлэх гэж байна. Мир шумбагч аппарат гурван долоо хоногийн дараа Байгал нуурын усанд анхны шумбалтаа хийнэ. “Мир 1”, “Мир 2” шумбагчийг 1987 онд үйлвэрлэжээ. Өнгөрсөн жил Мир шумбагч аппарат дэлхийн хойд туйлын ерөөлд хүрч байсан юм. Байгал нуурын хөрсний бүтэцэд хийх судалгааны ажил бүтэн хоёр жил үргэлжилэх юм байна. Энэ зундаа багтаж эрдэмтэд 60 удаа Байгал нуурын ерөөлд хүрч хөрсний дээж авах юм байна. Бас ашигт малтмал байгаа эсэхийг судалж, усны бохирдолыг тогтоох юм байна.

Лид11. АНУ ын Дейтройт хотын олон зуун хүүхдүүд бүтэн өдрийн турш шавар шавхайтай хутгалджээ. Ингэж дүрсгүйчүүдийн баярыг тэмдэглэжээ.
Бага насны хүүхдүүдийг ямар нэгэн зүйл хийхэд нь томчуд байнга л хориглож байдаг. Тэгвэл бүтэн өдрийн турш шавартай холилдохыг Дейтройт хотын дарга зөвшөөрчээ. Хотын төв хэсэгт байдаг цэцэрлэгт хүрээлэнд хар шороо авч ирж устай хольжээ. Хотын захиргааныхан хүүхдүүдийг урьж тоглохыг урьсан байна. Харин эцэг эхчүүдэд хандан хүүхэд багачуудад ямар нэгэн хориг тавихгүй байхыг хүсжээ. Харин хүүхдүүдэд хандан хамгийн муухай хувцасаа өмсөж шавар шавхайд орохыг зөвлөсөн байна.

Лид12. Дэлхийн тойрог замд олон улсын сансрын станциид ажиллаж байгаа сансрын нисэгч Кононенко, Волков нар задгай сансарт гарчя ажиллаж гэж байна.
Сансрын нисэгчид олон улсын сансрын станцийг оросын Союз хөлөгтэй холбодог хэсгийг гэмтсэн эсэхийг шалгах гэж байна. Оросын сансрын Союз хөлөг сүүлийн хоёр удаагийн нислэгийн дараа эх дэлхийдээ газардахдаа осолын буулт хийсэн юм. Үүний шалтгааныг тогтоох ажил явагдаж байгаа бөгөөд олон улсын сансрын станцид ямар нэгэн гажилт үүссэн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Сансрын нисэгчид задгай сансарт 6 цагийн турш ажиллах юм байна.

Лид13. БНХАУ төв банк олимпийн наадамыг угтан 10 юаны шинэ дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байна. Олимпийн наадамд зориулсан шинэ мөнгөн дэвсгэрт хүн амын дунд эрэлт ихтэй байна.
Мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд нь Мао Зе Дуны хөрөгний оронд “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн дүрсэлсэн байна. Харин эсрэг талд нь олимпийн бэлгэ тэмдэг, спортын зарим төрлүүдийг дүрс зурагтай. Хятадын төв банкны салбарт шинэ мөнгөн дэвьсгэртийг авах гэсэн урт дараалал үүсжээ. Банкинд шинэ мөнгөнд дэвсгэртийг хуучинаар нь сольж өгч байгаа юм. Үүний хажуугаар шинэ мөнгөн дэвсгэрттэй болсон хүмүүс олимпийн наадамд зориулсан дурсгалын 10 юаны дэвсгэртийг 200 300 юань буюу ойролцоогоор 29 өөс 44 доллараар гадаадынханд зарж байна. Хятадын төв банк олимпийн наадамын дурсгалд зориулан ердөө 6 сая ширхэг 10 юаны дэвсгэртийг үйлдвэрлэсэн юм байна. Иймээс хятадын банк нэг хүнд нэг л ширхэг шинэ дэвсгэртийг өгч байжээ.

No comments: