2008-03-15

Дэлхийн мэдээ 2008-03-15 Бямба гараг

Лид1.Хятадын засаг захиргааны бүрэлдэхүүнд багтдаг Түвдэд хятадын эсрэг эсэргүүцлийн жагсаал болж өнгөрсөн байна. Хятадын засгийн газрын цэргүүд энэ жагсаалыг хүч хэрэглэн тараах үеэр 10 хүн амь насаа алдсан гэж хятадын албаны хүмүүс мэдээлжээ.
Их Британий Би Би Си телевизийн мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд хятадын Ардын чөлөөлөх армийнхан танк, хуягт машин ашиглажээ. Эсэргүүцлийн жагсаал болсон Лхас хотын гудамж замын хөдөлгөөнийг хэсэг хугацаанд хаажээ. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээнээс харвал үймээний үеэр гадаадын жуулчид хэлмэгдээгүй байна. Хятадын эсрэг жагсаал цуглааныг Түвдийн нийслэл Лхас хотод баасан гаригт 100 гаруй лам нар эхлүүлсэн юм. Дараа энэ жагсаалд Түвдийн жирийн иргэд нэгджээ. Жагсагчид хятадын цагдаагийн машиныг галдан шатааж нутгийн хятад иргэдийг зодож, хятад эзэнтэй дэлргүүр, хоршоог дээрэмдэж цонх шилийг нь хагалжээ. Хятадын түрэмгийлэлийг зогсоох цаг аль хэдийнэ болсон. Түвд оронд тусгаар тогтнол олго гэсэн уриаг жагсагчид хашгирч байжээ. Жагсагчидыг тараахын тулд хятадын цагдаа нар эхлээд агаарт хий буудсан байна. Дараа нь нулимс асгаруулах хий хэрэглэжээ. Хятадын эрх баригчид эхэндээ жагсагчдын зүг галт зэвсэг хэрэглэсэн гэдгээ эрс няцааж байсан ч сүүлдээ жагсаалыш тараахын тулд хүч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түвдийн Лхас хотод болж байгаа эмх замбараагүй байдалд одоо Энэтхэгийн Дарамсала хотод аж төрж байгаа Далай лам буруутай гэж Хятадын засгийн газар үзэж байна. Гэвч буддын шашны тэргүүн дээрхийн гэгээнтэн Далай дамын төлөөлөгч үүнд няцаалт хийсэн байна. Түвдэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахад Далай лам оролцоогүй гэж хэлжээ. Жагсаал хийж байгаа хүмүүсийн зүг галт зэвсэг хэрэглэхгүй байхыг Далай лам хятадын төр засгийн удирдлагуудад хандан уриалаад нутгийн уугуул оршин суугчидтай хэлэлцээр хийхийг зөвлөсөн байна. Хятадын засаг захиргааны мэдэлд хагас зуун жил байгаа Түвдийн асуудалд дэлхийн олон орны анхаарлыг татаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг ч бас Түвдийн уугуул иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэхгүй байж, хүлээцтэй хандахыг уриалсан байна. Хятадын засгийн газар гадаадын жуулчидыг Түвд рүү явахыг хориглосон байна. Түвд үндэстэнүүд хятадын засаг захиргаанаас гарахыг үргэлж хүсдэг. Өнгөрсөн баасан гаригт болсон эсэргүүцлийн жагсаал нь сүүлийн 20 жилд анх удаа болж байгаа өргөн хүрээтэй далайцтай үйл ажиллагаа боллоо гэж Бээжин дэх Би Би Си телевизийн сурвалжлагч Джеймс Майлс онцлон тэмдэглэж байна. Бээжингийн зуны олимпын наадам дөхөж байгаа энэ үед Түвдэд байдал хурцадсан нь Хятадын эрх баригчдын хувьд тийм ч тааламжтай хэрэг биш. Түвдийн засаг захиргааны өндөр дээд албан тушаалтнуудын ихэнхи нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хуралд оролцож Бээжин хотод ирээд байгаа. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал өнгөрсөн пүрэв гаригт өндөрлөсөн юм. Одоогоос хэдхэн хоногийн өмнө Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд оролцсон Түвдийн захиргааны албан хаагчдын хүлээн авч уулзахдаа Түвдийн иргэдийн амжиргааны түвшинг сайжруулах хэрэгтэй байгааг анхааруулж байжээ. Хятадууд Түвдийн соёлыг санаатайгаар устгаж байгаа гэж зарим Түвд хүмүүс үздэг байна.

Лид2. Бээжингийн зуны олимпын наадмын үеэр түвдүүд өөрсдийн тусгаар тогтнолын асуудлаа дэлхий нийтийн анхааралын төвд оруулахыг хичээж байгаа юм.
Олимдын наадам эхлэхэд ердөө 5 сарын хугацаа үлдээд байна. Иймд хятадын засгийн газар салан тусгаарлахаар тэмцэл хийж байгаа үндэстний цөөнхийн эсрэг гал нээж цус урсгахйг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Өнгөрсөн Бирм улсад лам нарыг жагсаалыг цэргийн хүчээр нухчин дарж олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хатуу зэмлэл хүртэж эдийн засгийн хориг арга хэмжээг ч авахуулж байсан. Нөгөө талаас хятадын эрх баригчид яливаа эсэргүүцлийн ажиллагааны өмнө сул дорой байдал гаргах нь цаашид улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Одоо хятадын төр засаг хүндхэн сонголтын өмнө тулж ирээд байна гэж Би Би Си телевизийн Бээжин дэхь салбарт ажилладаг, хятадын сэтгүүлч Ши Жун Чэнь бичжээ. Түвдийн дэд бүтэцийг сайжруулахын тулд хятадын засгийн газар 1 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Байнга газар хөдлөлт болдог Түвдийн уулархаг бүс нутагийг Бээжинтэй холбосон төмөр замыг ашиглалтад оруулаад удаагүй байгаа юм. Гэвч энэ төсөл нь зөвхөн хятадуудад л ашигаа өгч байгаа гэж Түвд үндэстэнүүд ярьцгаадаг байна.
Түвдэд эмх замбараагүй байдал гарсаны дараа Балба улсын аялал жуулчлалын яам хятадын засгийн газрын хүсэлтээр Гималайн оргилд гарахыг хоригложээ. Учир нь Олимпын бамбарыг дэлхий даяар аялуулах хөтөлбөрийн хүрээнд 5 сарын эхээр олимпын бамбарыг Гималайн оргилд гаргах асуудал тусгагдсан байгаа юм.

ТОВЧ


Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид Ху Жин Таог БНХАУ ын дарга буюу ерөнхийлөгчийн албан тушаалд улираан сонгосон байна. Энэ жилд 65 настай Ху Жин Тао 2003 оноос хойш хятадын төрийн тэргүүнээр ажилаж байгаа юм. Ху Жин Таогийн орлогчоор Си Зин Пин томилогджээ. Ху Жин Тао 2012 оныг хүртэл хятадын төрийн тэргүүнээр ажиллах болжээ.

Өнөөдөр Байконурын сансрын буудлаас Протон М загварын ачаа тээврийн пуужин хөөрсөн байна. Энэ пуужин америкийн АМС 14 загварын холбооны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулах байсан юм. Энэ хиймэлд дагуул телевизийн нэвтрүүлийг дамжуулахад ашиглах юм байна. Хиймэл дагуулын ашиглалтын хугацаа нь 15 жил. 2008 он гарсанаас хойш Протон загварын пуужин хоёр дахь удаагаа хөөрч байна.


Европын Холбооны орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалтаар газрын дундад тэнгисийн орнуудын холбоо байгуулах саналыг хэлэлцсэн байна. Францын ерөнхийлөгч Николя Саркозийн гаргасан энэ саналыг Европын орнуудын төрийн тэргүүн нар дэмжсэн байна.

Лид3. Брюссель хотод болсон Европын холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр 2020 он гэхэд хүрээлэн байгаа орчинд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээг 1990 оныхтой харьцуулах юм бол 20 хувиар хорогдуулах тохиролцоонд хүрсэн байна.
Европын орнуудын уул уурхай, автомашин, цемент, химийн үйлдвэрүүд хамгийн ихээр хүлэмжийн хийг ялгаруулдаг байна. Хүнд үйлдвэрүүдийн ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулна гэдэг нь үйлдвэрлэлийг хязгаарлана гэсэн утга нэг юм. Үйлдвэрлэлтийг хязгаарлах нь орон тооны цомхотгол хийхэд хүргэж нийгэмд тогтворгүй байдал үүсгэх сөрөг үр дагавартай гэж Герман, Францын төрийн тэргүүн нар хэлсэн байна. Хүлэмжийн хийг багасгахаас гадна Европын орнуудын эрчим хүчний салбарт шинэчлэл хийх асуудал хөндөгджээ.

Лид4. Одоогоос 3 долоо хоногийн өмнө сургуульдаа явсанаасаа хойш ор сураггүй алга болоод байсан англи охин олджээ.
9 настай, ерөнхий боловсролын сургуулийн Шэннон Мэтьюз гэдэг охиныг Бэйтли Карр хотйн нэгэн байшинд байсныг Баруун Йоркшир гүнлэгийн цагдаа нар олсон байна. Охиныг цагдаа нар олох үед тэр маш тайван байсан. Охин энх тунх эсэн мэнд байгаа гэж цагдаа нар мэдээлсэн байна. Бяцхан охиныг хулгайлсан хэрэгт 39 настай эрэгтэй хүнийг цагдаа нар буруутгаж баривчилжээ. Мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул баривчлагдсан хүний нэрийг цагдаагийнхан зарлах боломжгүй гэж мэдэгджээ. Охиныг олох эрэл хайгуулд цагдаагийн 200 офицер, 60 мөрдөгч дайчлагдсан байна. Түүнээс гадна сайн дурын олонм арван хүн охиныг хайж байсан юм. Цагдаа нар охиныг эрж гурван мянган байшин, сууцанд нэгжлэг үзлэг хийсэн юм байна. Хамгийн сүүлд охиныг 2 сарын 19 нд найзууд нь харжээ. Охины ээж Карен Мэтьюз охин нь хичээлээ тарааад гэртээ ирэхгүй удахаар нь цагдаад хандсан байна.


Лид5. Иран улсад парламентын сонгууль болж өнгөрсөн байна. Ираны мэдээллийн яамны уламжилсанаар сонгуульд тус улсын иргэд маш идэвхитэй оролцсон байна. Иймээс сонгуулийн санал авах цагийг уртасгасан байна.
Иран улсад баасан гаригт сонгуулийн санал авах цэгүүд орон нутгийн цагаар өглөөний 8 цагт нээгдэж орой 23 цагт хаагдсан байна. Уг нь бол сонгуулийн санал авах цэгийг орой 18 цагт хаана гэж мэдэгдэж байсан юм. Гэвч санал өгөх хүн олон байсан тул 23 цаг хүртэл ажиллуулсан байна. Би Би Си телевизийн Тегеран дахь сурвалжлагч сонгогчдын ирц доогуур, идэвхи муу байсан. Иймд Ираны сонгуулийн хороо санал аьвах цэгийн ажиллах хугацааг сунгасан гэдэгт итгэлтэй байгаа юм. Ираны либерал ардчилсан чиг баримжаатай, мөн шинэчлэлийг дэмжигч намын ихэнхи нэр дэвшигчдийг сонгуульд өрсөлдөхийг Ираны сонгуулийн ерөнхий хороо зөвшөөрөөгүй байна. Шинжээчдийн дүгнэлтээр бол Ираны сонгуулийн эрхтэй иргэдийн 50 хүрэхгүй хувь нь сонгуульд саналаа өгчээ. Ираны парламентын сонгуулийн урьдчилсан дүн хараахан гараагүй байна. Улс төрийн хүчний харьцаа хэрхэн хуваарилагдсанаас хамаарч 2009 онд болох Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хамаарах юм.

Лид6. АНУ ын хамгийн олон харилцагчтай Беар Стеамс банк дампуурлын ирмэгт тулж ирсэн байна.
Энэ банкыг аврахын тулд АНУ ын Холбооны нөөцийн газар санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлэх гэж байна. Хэрвээ америкийн хамгийн том банк дампуурлаа зарлах юм бол АНУ ын санхүү эдийн засгийн салбар бүхэлдээ доргиж олныг хамарсан хямрал нүүрлэх байсан юм. Холбооны нөөцийн газар 28 хоногийн турш банкинд санхүүгийн дэмлэг үзүүлнэ. Өнгөрсөн оны намар АНУ ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарсан хямралын үр дагавар нь илэрсээр байна. Нэр хүндтэй эдийн засагчид дэлхий нийтийн хамарсан эдийн засгийн хямрал гарахад ойрхон байна гэж сэрэмжлүүлж байна. Одоо Беар Стеамс банкны нэг ширхэг хувьцаа 28 долларын үнэтэй байгаа юм байна. Банкны хувьцааны ханш 53 хувиар унажээ. Сүүлийн хэд хоногт энэ банк харилцагч, хадгаламж эзэмшигчдэд бэлэн мөнгө гаргаж чадаагүй байна. Яг ийм асуудал Их Британий Northern Rock банкинд тулгарч банкыг аврахыг тулд улсын мэдэлд авч байсан билээ.

Лид7. Косовогийн нутаг дэвсгэр дээр байдаг НҮБ ын харъяа шүүхийн барилгийг 30 гаруй серб үндэстэн эзлэн авсан байна.
Цагдаа нар эсэргүүцлийн ажиллагаа хийж байгаа хүмүүстэй яриа хэлэлцээр хийж эхэлжээ. 200 гаруй Серб үндэстэн баасан гаригт шүүхийн байр руу дайран орсон юм. Тэдний 30 орчим нь тэндээ үлджээ. Хамгийн сонирхолтой нь шүүхийн барилгийг эзлээд байгаа хүмүүс хуульч мэргэжилтэй юм байна. Тэд 1999 оныг хүртэл энд ажиллаж байжээ. Бид өмнө нь ажиллаж байсан байшинд эргэж ирсэн гэж хуульч нар мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй тэд байшингийн орой дээр Сербийн төрийн далбааг мандуулжээ. Шүүхийн барилгийг эзлэн авсан явдал нь Косовод Умард Атлантын Цэргийн Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яапа де Хооп Схефферыг ирэхээс хэдхэн цагийн өмнө болжээ. НҮБ ын энхийг сахиулагчдын тэргүүн Иоахим Рукер болсон хэрэг явдлыг байж боломгүй зүйл гэж онцлон тэмдэглэжээ. Тэр шүүхийн барилгийг яаралтай суллахыг шаардсан байна. Косовод ойролцоогоор 2 сая албани үндэстэн 12? Мянган серб үндэстэн оршин суудаг юм. Сербийн засгийн газар Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ.

Лид8. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизаветта Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудлын шинэ зурвас, зорчигч үйлчлэх шинэ барилгийн нээлтэнд оролцсон байна.
Хитроу олон улсын нисэх онгоцны буудалын өргөтгөлийн нээлтийн ёслолд ойролцоогоор 800 гаруй хүн оролцсон байна. Барилгийн ажил 6 жил үргэлжилсэн бөгөөд нийтдээ 4,3 тэрбум фунт стерлинг буюу 8,6 тэрбум америк доллар зарцуулжээ. Өргөлтгөлийн хэсэг ашиглалтад оролцсоноор Хитроу ниөэх буудлыг үйл ажиллагаа улам сайжирч, зорчигчид тав тухтай байдалд үйлчлүүлэх боломж нээгдэж байна гэж Бритиш Эйрвэйс компаний төлөөлөгч хэлжээ. Шинэ нээгдсэн өргөтгөлийн хэсэг анхны зорчигчидоо 3 сарын 27 нд хүлээн авах юм байна. Энэ хэсэгт зөвхөн Бритиш Эйрвэйз компаний онгоцоор нисэх байгаа зорчигчид үйлчлүүлнэ. Хитроу нисэх буудлаас холгүй амьдардаг хүмүүс, ногоонтоны хөдөлгөөнийхөн нисэх буудлын өргөтгөлийг барьж байгуулах нь нислэгийн тоог нэмэж байгаль орчинд хортой нөлөө үзүүлнэ эсэргүүцэж байсан юм. Их Британий хатан хаан 2 р Елизаветта 1955 онд Хитроу нисэх буудлыг анхны терминалыг нээж байжээ. Хитроу буудлын шинэс өргөтгөл ашиглалтад орсноор нэгэн зэрэг 50 онгоц хүлээн авах боломж нээгдэж байгаа юм.

Лид8. Эмчлэгдэхээргүй хүнд өвчин туссан хүмүүс өөрийн хүсэлтээрээ хорвоог орхих боломж олохыг шүүхээс хүсэж байсан тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл Шанталь Себир гэдэг франц эмэгтэй яг энэ асуудлаар шүүхэд ханджээ.
Гэвч шүүх байгуулага Шанталь Себирын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Франц төдийгүй дэлхий даяар эвтанази буюу өвчтөн өөрийн хүсэлтээр хорвоог орхихийг зөвшөөрдөггүй юм. Гэхдээ Францын эмч нар өвчтөний өөрийнх нь хүсэлтээр комд оруулдаг байна. Үүнээс 14 хоногийян дараа амьсгал хураадаг. Харин Шанталь гэдэг энэ эмэгтэй гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд оюун ухаанаа алдахгүйгээр хорвоог орхихыг хүсэж байгаа юм. 2002 оноос хойш Шанталь Себирийн амьсгалын замын эрхтэнд хавдар үүсжээ. Амьсгалын замын эрхтэнд хавдартай болох нь маш ховор тохиолдол юм байна. Сүүлийн 20 жилд ийм өвчин туссан тохиолдолд ердөө 200 гарчээ.
Эм. Миний өвчнийг анагаах аргийг одоогоор шинжлэх ухаан олоогүй байна.
Надад маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг өвчин намдаах эм тариа ч тус болж чаддагүй. Сүүлийн хэдэн жилийн турш би хавдарыг ялах гэж их оролдсон.
Эмчлэгдэхгүй хүнд өвчин туссан Шанталь хорвоог орхих хүсэлтээ ерөнхийлөгч Николя Саркозид бичсэн захиандаа ч илэрхийлсэн байна.
Бас шүүхэд ханджээ.
Эм. Би амьдралынхаа сүүлийн мөчийг эмнэлэгт өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Харин би төр засаг надад хорвоог орхих зөвшөөрөл олгохыг хүсэж байна.
Тэр одоогоос таван жилийн өмнө тухай үед төрийн тэргүүнээр ажиллаж байсан Жак Ширакт Винсен Юмбер гэдэг өөр нэг хүн захиа бичиж байжээ. Жак Шираз түүнд татгалзсан хариу өгч байжээ. Үүний дараа Винсен Юмбер аав ээж, насанд хүрсэн хоёр хүүгийнхээ зөвшөөрлөөр нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж хорвоог орхиж байжээ. Үүний дараа Франц улсад өвчтөний эрхийн тухай хууль батлагджээ. Гэвч энэ хуулинд хүнд өвчтөн өөрийн хүсэлтээр хорвоог орхихийг хориглосон байна. Францын хууль зүйн сайд өвчтөн эмчилгээ хийлгэх эрхтэй гээд харин үхэх эрхгүй гэж хэлжээ.
Шанталь бүсгүй Швейцарь, Бельги, эсвэл Нидерланд руу явж магадгүй юм байна. Эдгээр орнуудад эвтаназ хийхийг зөвшөөрдөг юм байна.

Лид10. Эндовер сансрын хөлөгийн гишүүн Ричард Линнехан, Гаррет Рейзман нар долоон цагийн турш задгай сансарт гарч ажиласан байна.

Тэд Японы судалгаа шинжилгээний Кибо лабораторийг олон удсын сансрын станцитай амжилттай холбож угсралтыг ажлыг гүйцэтгэжээ. Хөлгийн гадна гарч задгай сансарт байх хугацаандаа тэд Канад улсад үйлдвэрлэсэн роботыг олон улсын сансрын станцын хажууд угсарсан байна.

Лид11. Америкийн Ф 16 сөнөөгч онгоцны нисэгч цэргийн хээрийн сургуулилт хийж байхдаа алдаа гаргаж BDU-33 загварын бөмбөгийг Оклахома мужийн Талса хотын хувийн байшингийн дээр хаясан байна.
Тэсрэх бөмбөг хувийн орон сууцнаас холгүй байдаг цахилгааны дэд станцийг оножээ. Үүний улмаас Талса хотын хэд хэдэн дүүрэг эрчим хүчгүй болжээ. Цэргийн хээрий сургууль хийж байсан нисэгч алдаа гаргаж иргэний зориулалттай объектийг оносоныг АНУ ын нисэх хүчний дээд удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна. Бөмбөгний хэлтэрхий нь ойролцоох орон сууцанд нуралт үүсгэжээ. Аз болж байшингийн эзэн гэртэ байгаагүй тул хүний амь нас эрсдээгүй байна.
Лид12. Нисдэг тавагтай адилхан хэлбэртэй байшинг АНУ ын Теннеси мужид барьжээ. Тун удахгүй энэ байшинг интернэтээр дамжуулан дуудлага худалдаанд оруулах гэж байна.
Оддын дайн киног бүтээсний дараа хэсэг хүмүүс 1970 онд энэ байшинг барьж байжээ. Дуудлага худалдааны анхны үнэ нь 100 мянган доллар юм байна. Энэ байшин тойрог хэлбэртэй, дөрвөлжин цонхтой, газараас дээш өргөгдсөн зургаан тулгууртай юм байна. Байшин руу орох шат нь эвхэгддэг бөгөөд ганц товчлуур дарахад л шат дэлгэгдэж, дахин өөр нэг товчлуур дарахмагц эрхгэж эвхэгддэг гэнэ.
Энэ байшин дотороо гурван унтлагийн өрөө, хоёр угаалтын өрөө, гал тогоо , ариун цэврийн өрөө, цэлгэр том талбайтай зочины өрөөтэй. Энэ байшинг одоо эзэмшиж байгаа хүн 4 сарын өмнө худалдан авч байжээ. Эргээд байшингаа зарах болсон шалтгаанаа тэр нууцлахыг хүссэн байна. АНУ ын Флорида, Коннектикут, Калифорни мужуудад ийм нисдэг тавагийг санагдуулахуйц байшин байдаг юм байна.

No comments: