2006-11-25

Дэлхийн хэвлэлийн тойм

Дэлхийн томоохон сонин хэвлэлүүд саяхан Вьетнамын Ханой хотод болж өнгөрсөн Ази Номхон далайн орнуудын Эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар бичиж байна. Австралийн “”Зальцбургер нахрихтен” сониний тоймч Ази тивд дэлхийн эдийн засагт жинтэй байр суурь эзэлж байгааг онцлон тэмдэглэжээ. Иймээс их гүрнүүд Ази Номхон далайн орнуудын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тус тивд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх гэж хичээж байлаа. Тухайлбал АНУ улам бүр хүчирхэгжиж байгаа Хятадын эсрэг сөрөн зогсохын тулд Ази тивд бүх салбарт маш идэвхитэй гадаад бодлого явуулж эхэлжээ. Харин Оросын Холбооны улс Ази тивийн орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилт тавьж байна. Технологи шинжлэх ухааны салбарт маш олон нээлт хийсэн Япон улс ч бас хөрш зэргэлдээ орнууддаа байр сууриа бэхжүүлэх санаатай байна. Вьетнамын Ханой хотод хуран чуулсан дэлхийн 21 орны төрийн тэргүүний уулзалтыг нэг үгээр дүгнэн хэлэх юм бол АНУ дангаараа дэлхийд ноёрхох боломжгүй гэдгийг харууллаа. Швейцарийн “Нойе цюрхер цайтунг” сониний олон улсын тоймч Ази Номхон далайн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудал хамгийн гол сэдэв байлаа гэж бичиж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Орос, Хятад, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнтэй уулзахдаа Хойд Солонгост хатуу дарамт шахалт үзүүлэхийг уриалжээ. Гэсэн ч Азийн орнууд АНУ-ын хүсэж байгаа шиг Хойд Солонгосын зүг хөмсөг зангидан нударгаа харуулах гэж яарахгүй бололтой. Хойд Солонгосын тухай энэ сэдвийг Италийн “Коррьере делла Сера” сонин үргэлжлүүлж байна. Тус сониний редакцийн дүгнэлтээс үзвэл Хойд Солонгосын асуудлыг их гүрнүүд ярилцах үед Хятадын дипломатууд бяцхан боловч ялалт байгуулсан гэнэ. Хойд Солонгосын талаар баримталж байгаа АНУ-ын хатуу байр суурь нь ямар ч амжилтад хүрэхгүй юм байна. Харин Бээжин, Сөүл Хойд Солонгостой тогтмол яриа хэлэлцээр хийсээр аажимдаа тус улсыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах төлөвлөгөөтэй байна.

No comments: