2006-11-20

11 сарын 13 Олон улсын хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр


Манай гарагийн нийт хүн амын 10 хувь нь гэрэлт ертөнцийг харж чадахгүй байна. Нүд сохрох буюу хараагүй болох нь маш олон шалтгаантай юм. Эхийн хэвлийд байхдаа генетикийн өөрчлөлтийн улмаас төрөлхийн хараагүй хүүхэд төрдөг байна. Үүнээс гадна нүдний хараа муудсаар эцэстээ хараагүй болох тохиолдол элбэг байна. Сүүлийн үед компьютерийн өмнө олон цагаар суудаг хүмүүст харааны гажиг маш ихээр илэрч байгаа ажээ. Үйлдвэрлэлийн осол байгалийн гамшигийн улмаас харах эрхтэн нь ажиллагаагүй болсноор хараагүй болсон хүмүүс ч цөөнгүй бий. Орочлонг харах боломжгүй тэдгээр хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж албан ёсоор нэрхэж байгаа. Гэвч хараагүй хүмүүсийн дотор маш олон авъяастангууд байдаг гэдгийг та мэдэх үү? Илиада, Одиссей гэдэг зохиолыг бичсэн Эртний Грекийн яруу найрагч Гомер, германы философч Евгений Дюринг, болгарын үзмэрч Ванга, уран барималч Лина По зэрэг суут хүмүүс гэрэлт ертөнцийг харах боломжгүй байсан юм. Түүнчлэн 15-р зууны үед амьдарч байсан хөгжимчин Конрода Паумана төрөлхийн сохор байжээ.Конрад Пауман Нюрнберг хотод төржээ. 1446 оноос төрөлх хотынхоо нэгэн сүмийн төгөлдөр хуурчаар ажиллаж эхэлсэн байна. 1450 оноос Мюнхен хотын герцогийн ордны хөгжимчин болсон байна. 1470 онд тэрээр хүүгийнхээ хамт Италид очиж хэд хэдэн удаа тоглолт хийсэн байна. Тухайн үед Италичууд түүнийг сохор шидтэн гэж нэрлэн шагшин ярьцгааж байжээ. Хараагүй боловч алдар цууд хүрсэн бас нэгэн хүний тухай өгүүлье. Полина Михайловна Горенштейн гэдэг орос эмэгтэй багаасаа бүжгэн жүжигээр хичээллэдэг байсан бөгөөд По Лина гэдэг нэрээр олонд алдаршжээ. Гэвч 1934 онд тэрээр “энцефалит” гэдэг өвчинд нэрвэгдэж хараагүй болсон байна. Энэ үеэс эхлэн тэрээр балетын урлагаа орхиж уран баримал хийж эхэлжээ. 1937 онд энэ эмэгтэй өөрийн уран барималын үзэсгэлэнгээ А.С. Пушкины нэрэмжит дүрслэх урлагын музейд нээж байв. Хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн олон оронд тэмдэглэдэг. Хараагүй хүмүүсийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэх болжээ.

No comments: