2006-11-02

ОРОС АМЕРИКИЙН УРАЛДААНЫ ЗОЛИОС БОЛСОН СОЛОНГОС ОРОН



Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 10 сарын дундуур цөмийн зэвсэг туршиж олон улсын хамтын нийгэмлэгийг ШОК-онд оруулсан. Албан ёсны нэрэндээ “Ардчилсан” гэдэг үгийг оруулсан боловч дэлхий дээр үлдсэн цөөн хэдэн КОММУНИСТ” дэглэмтэй орны нэг юм. Ингэхэд БНАСАУ хэрхэн бий болов гэдэг асуудалыг эхлээд авч үзье. Дэлхийн 2-р дайны сүүлээр 1945 онд Зөвлөлт буюу одоогоор Оросын Улаан Арми, АНУ-ын зэвсэгт хүчний цэргүүд Солонгосын хойгыг Японы түрэмгийлэгчидээс чөлөөлсөн юм. Газар зүйн хэллэгээр бол 38-р өргөрөгөөс өмнөх нутгийг АНУ-ын зэвсэгт хүчний цэргүүд, түүнээс хойд хэсгийн газар нутгийг Зөвлөлтийн цэргүүд хяналтандаа авчээ. Ийнхүү Солонгос улс хоёр хэсэгт хуваагдах эхлэл тавигдсан гэж хэлж болно. Солонгосын хойд хэсэгт амьдарч байгаа ард иргэдийг Зөвлөлтийн Коммунист намын дэмжлэгийг хүлээсэн хүмүүс удирдах болов. Энгийн үгээр бол Оросууд Хойд Солонгост коммунист дэглэмийг хүчээр тулгаад өгсөн хэрэг. Харин энэ үед Солонгосын өмнөд хэсэгт АНУ-ын дэмжлэгийг хүлээсэн цэргийн албан тушаалтанууд засгийн эрхийг авчээ. Дэлхийн 2-р дайны дараа 1950-аад оноос эхлээд Зөвлөлт Орос, АНУ-ын хооронд “хүйтэн дайн” гэж нэрлэгдсэн “уралдаан” эхэлсэн бөгөөд Солонгос орон “хүйтэн дайны” золиос болжээ. Орос Америк хоёр их гүрний дэлхийд давамгай байр суурьтай байх гэсэн “энэ уралдаан” даамжирч дэлхий ертөнцийг үзэл сурталын үүднээс нь хоёр хуваагдахад хүргэсэн байна. 1950 онд Хойд Солонгосын Удирдагч Ким Ир Сен Москва хотод хүрэлцэн иржээ. Ким Ир Сен тухайн үеийн Оросын удирдлагуудтай уулзаж Солонгос орныг нэгтгэх зорилгоор цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэ төлөвлөгөөг Хятадын коммунист удирдагч Мао Зэ Дун бас дэмжсэн юм. Геополитикийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Зүүн Өмнөд Азид бүхэлд нь коммунист дэглэм тогтоох нь Оросуудад чухал байв. Учир нь Оросуудын хувьд “хүйтэн дайны” гол зорилого нь АНУ-ыг ганцаардуулж аль болох олон орныг коммунист дэглэмтэй болгоход оршиж байв. Ингээд 1950 оны 6 сарын 25 өглөө Хойд Солонгосын арми Өмнөд Солонгос руу давшиж цэргийн ажиллагаагаа эхэллээ. Хойд Солонгосын цэргүүд 3 хоногийн дараа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотыг эзэлжээ. Солонгосын Хойгийг бүрэн эзэлж, Солонгос орныг нэгтгэж, КОММУНИСТ дэглэм тогтооход ялимгүй жаахан хугацаа хэрэгтэй байлаа. Гэтэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл хуралдаж Өмнөд Солонгост туслах зорилгоор Олон Улсын цэргийн багийг илгээх шийдвэр гаргажээ. Геополитикийн үүднээс Өмнөд Солонгост тогтоосон Ардчилсан дэглэмээ алдах нь АНУ-д хохиролтой байх нь мэдээж. Тиймээс ч тэд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийг ятгаж олон улсын цэргийн хүч илгээх шийдвэрийг яаравчлан гаргуулжээ. Олон улсын цэргийн хүч гээд байх юм үнэндээ байсангүй. АНУ Өмнөд Солонгос руу цэрэг нэмж илгээх эрхтэй гэдгээ олон улсын түвшинд баталгаажуулсан хэрэг юм. Ингээд 1952 оны 9-р сард АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгост туслах нэрийдлээр иржээ. Тэд Ардчилсан дэглэмийг Зүүн Хойд Азид тогтоон барихын тулд Хойд Солонгосчуудын зүг гал нээв. Солонгосын дайны эхний үе буюу 1950 оны 6 сараас 8 сар хүртэлх хугацаанд амжилт Коммунист үзэл сурталд нэвт автсан Хойд Солонгосчуудын талд байсан бол АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгост ирсэнээр байдал өөрчлөгдөж Өмнөд Солонгосчуудын талд амжилт ирлээ. Тэд Хойд Солонгосчуудыг 38-р өргөрөг хүртэл ухрааж чадав. Түүгээр ч үл барам Өмнөд Солонгос, Америкийн цэргүүд 38-р өргөрөгийг давж Хойд Солонгосын нутаг руу давшив. Энэ удаа Америкчууд Солонгосын Хойгийг бүхэлд нь эзэлж “Ардчилсан дэглэм” тогтоох зорилт тавьжээ. Ингээд Америк, Өмнөд Солонгосын цэргүүдийн давшилтын улмаас Хойд Солонгос бүхэлдээ сүйрлийн байдалд оржээ. Яг энэ эгзэгтэй мөчид Хятадын удирдагч Мао Зэ Дун Хойд Солонгосын коммунистуудыг аврах ажилд ханцуй шамлан оржээ. Хятад орон даяар АНУ-ын түрэмгийлэлд автсан Хойд Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнөв. Сайн дураараа Хойд Солонгост очих залуусыг бүртгэж эхэлжээ. Мэдээж сайн дураараа дайнд явах ХЯТАД хүн байсангүй. Сайн дураараа Хойд Солонгос руу явах цэргийн бүлэг гэдэг нэрийн доор Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргүүдийг тийш нь хүчээр илгээж эхэллээ. Хойд Солонгосын ирээдүйн төлөө Хятад залуус сайн дураараа явж байна гэдэг суртал ухуулага Хятад даяар цуурайтав. Мэдээж энэ нь бодит байдалд огт нийцэхгүй гэдгийг та ойлгосон биз дээ. Хятад цэргүүдийг хүчээр Хойд Солонгос руу явуулсан юм чинь. Хятадууд суртал ухуулгаа үнэмшилтэй болгох үүднээс “ухаантай удирдагч” Мао Зэ Дуны ганц хүүг Хойд Солонгос руу явуулав. Мао Зэ Дуны хүү Хойд Солонгост амь үрэгджээ. Хятадын цэргүүд Хойд Солонгосын талд байлдсанаар америкийн цэргүүдийг ухрааж 38-р өргөрөгийн цаана гаргаж чадав. Хятадын сайн дурынханд Оросын агаарын нисэх хүчнийхэн дэмжлэг үзүүлжээ. Ингээд 1953 оны 6 сарын 27 өдөр Хойд болон Өмнөд Солонгосын тал дайн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан байна. Дайны гал зогсоох гэрээний дагуу Хойд болон Өмнөд Солонгосын хилийн бүсэд 4 км үргэлжилсэн цэрэггүй бүс бий болгожээ. Гэрээний энэ заалт хэрэгжсэнээр Өмнөд Солонгосын газар нутаг дайны өмнөх үеийнхээс 3900 км-ээр нэмэгджээ. Америкчууд энэ гэрээг Өмнөд Солонгост ашигтай байдлаар хийсэн гэсэн үг. Харин Хойд Солонгосын газар нутаг 3900 км-ээр багассан байна. Гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор Чехословак, Польш, Швейцарь, Швед улс төлөөлөгчөө илгээжээ. Нийт 37 сар үргэлжилсэн энэ дайнд АНУ 18 тэрбум доллар зарцуулжээ. Хятад улс нэг сая цэргээ энэ дайнд “сайн дурын баг” нэрийн доор илгээсэн байна. Харин Өмнөд Солонгосын 1 сая иргэн амь үрэгджээ. Хойд Солонгосын 200 мянган цэрэг энэ дайнд оролцжээ. Хүйтэн дайны улмаас хоёр хэсэгт хуваагдсан Солонгосын хойгийн асуудал өнөө хэр шийдэгдээгүй байна. Өмнөд Солонгос буюу Бүгд Найрамдах Солонгос Улс, Хойд Солонгос буюу Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагчидын аль аль нь хэзээ нэгэн цагт нэгдэнэ гэдэг бодол өвөртөлсөөр байгаа. Гэвч үзэл суртал, Орос Америкийн хооронд үргэлжилсэн уралдааны уршигаар нэг үндэстэн хоёр хуваагдсан хэвээр байна. Солонгосын хойгийн асуудал хэрхэн бий болсоныг ул үндэсээр нь авч үзлээ. Дайны дараа юу болсон бэ?
Дайны дараа Өмнөд Солонгос буюу БНСУ нь америкийн дэмжлэгтэйгээр улс орноо өөд нь татжээ. Өмнөд Солонгос америкчуудын тулгасан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэв. Ингэснийхээ үр дүнд өнөөдөр хөгжлийн түвшингээрээ дэлхийд дээгүүр байр эзэлж байна. Харин Хойд Солонос буюу БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен “Чучхе” гэдэг нэртэй нийгэм эдийн засгийн онол зохион хэрэгжүүлж эхэлжээ. Чучхе онол дагуу Хойд Солонгос хэрэгцээтэй бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг зорилт тавьжээ. Зөвлөл Орос улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр томоохон үйлдвэр байгуулсан байна. Гэвч 1980-аад оноос эхэлсэн коммунист системийн хямрал Хойд Солонгост нөлөөлжээ. Дотоодын хэрэглээний бүх бараагаа үйлдвэрлэх боломжгүй болсон тул гадаадаас худалдан авсан бараа бүтээгдэхүүний шошгыг нь солиод зах зээлдээ нийлүүлдэг болжээ. 1990 оноос хойш Орос улс Хойд Солонгос хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлсэнгүй. Дотороо бужигнаантай байсан тул Оросууд Хойд Солонгосыг гаргуунд нь гаргав. Дэлхийд хамгийн анх коммунист дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн Орос орон ардчилсан дэглэм рүү шилжин оров. Гэвч Хойд Солонгос байр сууриа өөрчилсөнгүй. Чучхе онолоо хэрэгжүүлсээр байлаа. 1993 онд Хойд Солонгост ган дараа нь үер болж тус улсын хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ сүйрсэн байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосчууд бүсээ чангалж эхлэв. Хүн амд картын системээр хүнсний бараа олгож, бензин шатахуун хэмнэх үүднээс нийтийн тээвэрийн автобус, трамвайг зөвхөн өглөө 6 цаг, оройн 20 цагт л явуулдаг болгов. 1990 оноос хойш Америкийн эрх баригчид Хойл Солонгост хандан ардчилсан дэглэмд шилжихийг удаа дараалан уриалсан боловч энэ саналыг нь хүлээн авахаас татгалзсан байна. Хойд Солонгосын төрийн мэдлийн радио сонин телевиз нь Их удирдагчын суу алдарыг магтах, АНУ тэргүүтэй капиталист орныг муулахад гол анхаарлаа хандуулдаг байна. Америкийн эсрэг суртал ухуулгын нэг хэсэг нь АНУ гэдэг мангаа хэдийд ч манай улс руу довтолж болзошгүй гэдэг утга санаа. Иймд бид эх орноо найдвартай хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэдэг сурталчилгаа үргэлж цуурайтна. Үүний дагуу цөмийн хөтөлбөр боловсруулж атомын бөмбөгийн гол түүхий эд “уран” олборлож боловсруулж эхэлсэн байна.
Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зарласны дараа Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Хойд Солонгост үзүүлж байсан хүнсний тусламжаа зогсоожээ. Ким Чен Ир саяхан санасандаа хүрсэн бөгөөд юутай ч цөмийн зэвсэг туршиж дэлхий дахинд сүр хүчээ гайхуулсан юм. Солонгосын асуудлыг бий болгосон Америк Орос хоёр одоо байдлыг хяналтнаасаа алдаж эхлээд байна.

1 comment:

erchuud said...

chinii niitleluud yakh argagui minii unshikhiig khusdeg sedvuud , akhid update khiigeed baigaarai , unshikh geed khuleej baiya.