2006-11-28

ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ УЛСЫН ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Туурга тусгаар аливаа улс өөрийн нөлөөгөө бүс нутаг, цаашлаад дэлхий дахинд бэхжүүлэхийн тулд улс төрийн, эдийн засгийн мэдээллийн салбарт тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлдэг. Жишээ нь Арабын Нэгдсэн Эмират улс мэдээллийн яамтай. Тус яам нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажилагааг зохицуулдаг байна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинээр байгуулах өргөдөл хүсэгчидэд зөвшөөрөл олгож, гадаадаас ирсэн сэтгүүлчдэд хууль ёсоор ажиллах зөвшөөрөл өгнө. Түүнчлэн улс орны дотоодод цацагдаж байгаа мэдээ мэдээллийн -ерөнхий бодлогыг баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавьдаг. Арабын Нэгдсэн Эмират Улсын мэдээллийн яамны бас нэг гол чиглэл нь тус улсыг гадаадад сурталчилах, улс орны тухай эерэг ойлголт, имижыг хилийн чанадад бүрдүүлэх зорилого юм. Манай өмнөд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улс л гэхэд энэ чиглэлд чамлахааргүй амжилт олжээ. Хятадын төв телевизийн 4-р суваг нь хятад хэлээр Дэлхий даяар нэвтрүүлэг цацдаг бөгөөд энэ суваг нь хилийн чанадад амьдарч байгаа хятад иргэдийг мэдээллээр хангах, соёл заншилаас нь хөндийрүүлэхгүй байлгах зорилгоор нэвтрүүлэг бэлтгэж 24 цаг ажилладаг. Дэлхий даяар цацагддаг Хятадын телевизийн өөр нэг суваг бол 9-р суваг юм. Хятадын төв телевизийн 9-р суваг нь англи хэлээр нэвтрүүлгээ явуулдаг. Олон улсын түвшинд Хятадын гадаад бодлогыг сурталчилах, Хятадын үндэсний эрх ашгийг олон улсын хэмжээнд хамгаалах үндсэн зорилогыг энэ суваг өмнөө тавьсан юм байна. Түүнээс гадна хятад хэл, соёлыг сурталчилсан нэвтрүүлгүүд үзүүлдэг. Манай хойд хөрш ОХУ олон улсын хэмжээнд нэвтрүүлэг бэлтгэн явуулах арвин туршлагатай улс. Оросын Олон Нийтийн Телевиз нь 2 сувгаар нэвтрүүлэг явуулдаг. “ОРТ- МЕЖДУНАРОДНЫЙ” суваг нь хилийн чанадад амьдарч байгаа оросын цагаач нарт зориулагдсан гэх боловч олон улсын харилцаанд Орос улсын албан ёсны байр суурийг илэрхийлдэг байна. “ОРТ-Первый канал” нь Орос оронд амьдарч байгаа иргэддээ зориулан нэвтрүүлэг явуулдаг байна. “ОРТ-Первый канал” нь ОХУ-ын цагийн 11 бүсэд тохируулан 5 хиймэл дагуулын сансрын антеннаар нэвтрүүлэгээ дамжуулдаг. Өөрөөр хэлбэл Владивосток хотод амьдарч байгаа хүн орон нутгийн цагаар өглөөний 6 цагаас “Өглөөний мэнд” нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Энэ үед Москвад өмнөх өдрийнх нь шөнийн 23 цаг болж байх жишээтэй. Москвагийн цагийн бүсэд амьдардаг хүмүүс оройны уран сайхны киногоо үзүүд сууж байх жишээтэй. Монголын үзэгчид Солонгосын “Ариранг” телевизийн нэвтрүүлгийг одоо ч үздэг. “Ариранг ТВ” ч бас Солонгосыг дэлхийд сурталчилах, солонгосын соёлыг түгээх зорилоготой. Харин Монголыг дэлхийд таниулан сурталчилдаг телевиз байна уу? Хятадын Өвөрмонголын Өөртөө Засах Орны “Монгол Одон” телевиз дэлхийн 60 оронд нэвтрүүлгээ цацдаг байна. Хятадын Засгийн газрын мөнгөөр Өвөрмонголчуудын телевиз ийнхүү олон улсын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг болсон ажээ. Оросын Буриад, Тува, халимагийн залуучуудад зориулсан www.elista.org сайтын хэлэлцүүлэг дээр Өвөрмонголын телевизийн нэвтрүүлгүүдийн талаар бичсэн маш олон санал сэтгэгдэл байхыг олж уншлаа. Дэлхий дахинд Монголыг төлөөлж нэвтрүүлгээ цацаж байгаа цорын ганц телевиз нь Өвөрмонголын “Монгол Одон” телевиз болж таарч байгаа юм. Гэтэл Нэгдсэн Үндэстний Байгуулагад данстай тусгаар тогтносон Монгол улсад “дэлхийн даяар” нэвтрүүлгээ цацдаг телевиз байдаггүй ээ. Өрөвдөлтэй ч юм шиг. Гэтэл Монголд одоо олон нийтийн, нийслэлийн, арилжааны гээд өмчийн олон хэлбэрийн 14 телевиз тогтмол нэвтрүүлэг явуулж байна шүү дээ. Түүнээс гадна аймаг бүр өөрийн гэсэн телевизтэй. Дархан, Эрдэнэт хотод хувийн хоёр ч телевиз тогтмол ажилладаг.
Олон улсын мэдээллийн зах зээлд Монгол улс өөрийн байр сууриа эзлэх цаг болчихоод байна. Түүнээс гадна хилийн чанадад байнгын сэтгүүлч сурвалжлагчтай телевиз Монголд ганц ч алга. Гадаадын телевизүүд олон улсын харилцаа, дэлхий нийтийг хамарсан чухал үйл явдлын тухай мэдээ сурвалжлагыг хилийн чанадад суугаа сурвалжлагч нараараа бэлтгүүлдэг. Гадаадад суугаа сурвалжлах баг нь бэлтгэсэн дуу дүрстэй мэдээгээ сансрын хиймэл дагуул ашиглан эх орон руугаа илгээж байна. Харин монголчууд маань гадаад мэдээгээ тун эмгэнэлтэй байдлаар аргалж байгаа юм. Кабелийн телевизээр гардаг, орос, хятад, герман, английн телевизийн бэлэн мэдээг зөвшөөрөлгүй хуулан, орчуулаад үзүүлж байна. Том Терри гэдэг америк эзэнтэй “EAGLE TV” АНУ-ын FOX NEWS сувагтай гэрээ байгуулж гадаад мэдээг хүлээн авдаг. Бэн Мойл гэдэг англи эрийн байгуулсан “С1” телевиз Их Британий Gillette гэдэг теле сувгаас албан ёсоор гадаад мэдээ хүлээн авч байна. Бусад телевизүүдийн хувьд гэвэл кабелийн телевизийн хүлээн авагчид гэмтэл гарах эсвэл цахилгаан эрчим хүч тасарвал тэр өдөр гадаад мэдээ үзүүлэх боломжгүй болж байгаа юм. Монголын телевизүүдийн гадаад мэдээ хариуцан ажилладаг орчуулагч, редакторууд нь өглөө ажилдаа ирэхдээ кабель, тог битгий тасраасай гэж залбирдаг байлгүй. Ийм байдлаар удаан үргэлжилж яав ч болохгүй. Дэлхийн бүх оронд биш юмаа гэхэд Орос, Хятад, Япон, Солонгос, Герман, Их Британи, Турк, Египет, АНу зэрэг орнуудын ядаж нийслэл хотод нь, бас Нэгдсэн Үндэстний Байгуулагын төв штаб байрладаг Нью-Йорк, Дэлхийн дипломатуудын хот гэгддэг Женевт манай улсын телевизүүд өөрийн гэсэн сурвалжлах багаа тогтмол ажиллуулах шаардлагатай байгаа юм. Хэрэв ингэвэл Олон улсын харилцааны асуудлаар Монгол улс өөрийн гэсэн өнгө аястай мэдээ сурвалжлага үздэг болно. Орчуулгын мэдээнүүд нь бүгд гадаад орнуудын эрх ашгийн үүднээс хийгдсэн байдаг. Турхайлбал Иракын дайны асуудлаар ОХУ, АНУ, Хятад, Их Британи, Герман зэрэг их гүрнүүдийн баримтлаж байсан байр суурь эрс тэс байв. Иймд Иракын талаар цацсан мэдээлэлүүд аль улсын телевизээс авч орчуулж байгаагаас хамаарч үзэл сурталын хувьд эрс тэс байсан юм. Харин монголын телевизүүдийн орчуулагчид “тэнэг хүн тэс дундуур нь” гэдэг шиг энд тэндээс хүлээн авсан эрс тэс утгатай мэдээнээс алтан дундажыг нь олдох гэж зүдэрч ч байгаа нь ажиглагдсан. Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга нар гадаадоронд төрийн, ажлын, албан ёсны гээд янз бүрийн түвшний айлчлал хийх үед л цөөн хэдэн телевизийн сэтгүүлч нар дагаж явдаг. Тэд айлчлал дуусаж, эх орондоо эргэж ирсний дараа л хилийн чанадаас бэлтгэсэн сурвалжлагаа үзүүлдэг. Энд мэдээллийн шуурхай байдал алдагдаж байгаа юм. Олон улсын мэдээллийн зах зээлд Монголын телевизүүд хэзээ орон зайгаа эзлэх вэ? Эсвэл Коммунист Хятадын бодлогыг сурталчилдаг дэлхийн 60 орчим оронд нэвтрүүлгээ үзүүлдэг Өвөрмонголын өөртөө засах орны “Одон” телевиз Монгол Улсын нэрийн өмнөөс дуугарсаар байх уу?
MEDE NEWS

1 comment:

Цагаанаа said...

Saihan article bichjeee.
Arirang ch yum uu cctv9 shig english deer yabdag neg suvagtai bolood tsatsuul te ? Bas tanii heldegeer ter uls oron hotuudad medeelliin bagaa ajiluulah hehe
Cable bitgii tasraasai !!