2006-11-13

Хятад улс Африкийн орнуудад үзүүлэх тусламжаа 2 дахин нэмэгдүүлэх гэж байна.


Ирэх гурван жилд Хятад улс Африкийн харуудад хандив тусламж харамгүй өгөх юм байна. Тухайлбал 2009 оныг хүртэл Хятад улс 5 тэрбум долларыг Африкийн орнуудад хөнгөлттэй зээл болгон өгнө. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ху Жин Тао энэ мэдэгдэлийг Бээжин хотод гурван өдөр үргэлжилсэн Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт эхэнд хийжээ. Бээжин хотод 11 сарын эхний долоо хоногт болж өнгөрсөн Хятад Африкийн орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтад Африк тивийн 50 гаруй орны ерөнхийлөгч, засгийн газрын сайд нар хүрэлцэн ирсэн байна. Гурван хоног үргэлжилсэн уулзалтын үеэр Хятадын эрх баригчид Африкийн орнуудын удирдагчидтай 2000 гэрээнд гарын үсэг зурж амжсан байна. Бидний энэ уулзалт түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Хятад улс Африкийн орнуудын хамгийн дотны найз, хамгийн сайн түнш, бас хамгийн өглөгч ах нь байх болно гэж Ху Жин Тао гуай чуулга уулзалтын сүүлийн өдөр хэлжээ. 2009 он гэхэд Хятад улс Африкт үзүүлж байгаа тусламжын хэмжээгээ одоогийнхоосоо хоёр дахин нэмэгдүүлэх юм байна.
Хятад улс их дээд сургуульдаа 15 мянган африк залуусыг үнэ төлбөргүй сургахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Африкийн хөгжлийг дэмжих тусгай сан байгуулах юм байна. Хятадын Африкийн хөгжлийг дэмжих сан нь ядуу буурай хөгжилтэй африкийн орнуудад эмнэлэг, сургууль, орон сууц барихад зориулан мөнгө гаргах юм байна. Африкийн орнуудын удирдагчид Хятад улсын тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд худалдааны салбар асар хурдан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна гэж онцлон тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд Хятад улсын түүхий эдийн гол цэг нь Африк тив болоод байна. Ангол улс л гэхэд Хятадын түүхий нефьтийн хэрэгцээний дийлэнхи хувийг хангаж байгаа юм. 2005 онд Хятад болон Африкийн орнуудын хооронд хийсэн худалдааны бараа эргэлт мөнгөн дүнгээр 42 тэрбум долларт хүрсэн байна. Гэвч Африкт явуулж байгаа Хятадын гадаад бодлогыг шүүмжлэх хүн олон байна. Хятад эзэнтэй зарим нэг үйлдвэрийн эзэд африк ажилчидтай маш бүдүүлэг харьцдаг байна. Тухайлбал 2006 оны 6-р сард Замби улсад Хятадын мэдэлд байдаг уурхайн ажилчид эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж шуугиан тарьж байлаа. Түүнчлэн Намиби улсад хятад эзэнтэй үйлдвэрүүд цалин хөлсөө цаг тухайд нь өгөхгүй байна гэсэн гомдол тасардаггүй гэнэ. Хятад улс Африк тивд зам барих, харилцаа холбооны шугам татах, цахилгаан станц барих, түүнчлэн хүмүүнлэгийн салбарт зориулан жил бүр тэрбум доллар зарцуулж байна. Барууны хөрөнгө оруулагчидын эрсдэлтэй гэж үздэг олон салбарт Хятадууд зоригтойгоор хөрөнгө оруулалт хийж байна. Зарим эдийн засагчид Африкт хийж байгаа Хятадын хөрөнгө оруулалт одоохондоо африкчудад ашигтай гэж үзэж байна. Харин эцсийн дүндээ энэ нь Африк тивд Хятадууд байр сууриа бэхжүүлэхэд чиглэгдсэн юм гэдэгтэй бүгд санал нэгтэй байгаа юм.

BBC NEWS
Орчуулсан MEDE NEWS

No comments: