2006-11-13

Оросод Фашизм бий. Гэхдээ түүнийг олж чадахгүй байна.


Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын харъяат өнгөт арьстан нэгэн бүсгүйтэй би найзалдаг байлаа. Түүний эцэг эх нь Багамын аралд насаараа амьдарсан хүмүүс. Тэр үнэхээр дур булаам сайхан бүсгүй байсан болохоор би ухаангүй дурласан юм. Ингээд хайрт бүсгүй минь Москвад ирлээ. Нисэх буудлаас гараад би нийтийн унаанд суусан юм. Энэ үед найз маань орос хэл мэддэгүйд нь би бурханд талархав. Яагаад гэвэл оросуудын түүний зүг хэлсэн хамгийн гайгүй үг нь “сармагчин” гэдэг үг байлаа. Үүнээс өмнө манай нийгэм арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд ямар их автсаныг огт би төсөөлөөгүй явжээ. Москвагийн залуус, өсвөр үеийнхэн төдийгүй өндөр настанууд хүртэл өөрсдийнгөө генетикийн хувьд өнгөт арьст бүсгүйгээс ямагт дээд зиндааных гэдэгтээ бүрэн итгэлтэй байгааг би олж харлаа. Хайртай бүсгүйг маань доромжилж байгаа хүмүүст хандаад та арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гээд хэлчихвэл юу болох нь ойлгомжтой. Зөвлөлтийн хүмүүс дэлхийн хоёрдугаар дайнд фашистуудын эсрэг зэвсэг барин тулалдаж, Орос орон тэр чигээрээ интернационалист гэж уг нь би боддог байлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ зөвлөлтийн нийгэм тэр чигээрээ фашист үзэл сурталаар амьсгалж байсан юм байна гэдгийг хожим ойлгосон. Арьс өнгөөр ялгаварлах тухай сони хэвлэлээр бичлэггүй байсан ч гал тогооны өрөөндөө, шар айрагны газар, албан тасалгаандаа энэ тухай чөлөөтэй ярьдаг байжээ.Одоо Орост арьс өнгөөр ялгаварлан гадурхах үзлийг сурталчилдаг сонин сэтгүүлийн эзэд цөөнгүй байна. Харин эрх баригчид арь с өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл газар авч байгаад сэтгэл зовниж байгаа ч ямар тодорхой арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа юм. Москва, Лондоны номын дэлгүүрүүд юугаараа ялгаатай гээч? Лондонд ч, Москвад ч 3-р РЕЙХ-ын тухай ном зөндөө. Гэхдээ Англид фашизмын эсрэг ном хэвлэл бий. Харин Орост жинхэнэ фашистуудыг өөгшүүлсэн ном пиг дүүрэн байна. Ямар утга агуулгатай ном зарж байгаагаа худалдагч нь байтугай дэлгүүрийн эзэд ч ойлгодоггүй бололтой. Фашистуудыг бут цохисон Орос оронд хэзээ ч фашизмын эсрэг хүмүүжил олгож байгаагүй юм. Харин ч эсрэгээрээ Сталиныг төрийн эрх барьж байх үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл сурталыг дэлгэрүүлж байлаа. Эр баригчид арьс өнгө, үндэстэн ястнаар нь ялгаварласан бодлого явуулж байв. Оросод амьдарч байсан Еврейчүүдийг гадуурхаж байснаас гадна ард түмний дайсан хэмээн цоллогдсон хэд хэдэн угсаатан байлаа. Зарим үндэстнүүдийг нутаг заан цөллөж байсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэг илрэл нь байв. 1952 онд дрофессор Р. Белкин Сталинд хандан захиа бичжээ. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсын иргэний паспорт дээр үндэстэн ястаныг нь бичихгүй байхыг санал болгожээ. Жишээ нь оросын еврейчүүд жинхэнэ оросуудаас юугаараа ч ялгарахгүй болсон гэж онцолсон байна. Сэхээтэн еврейчүүд оросын нийгэмд дасан зохицсон нь бүр ч илэрхий болж байна. Тэд Зөвлөлт Оросын соёлоор хүмүүжсэн тул ахуйн хувьд уугуул оросуудаас огт ялгархгүй байна гэж бичжээ. Тэд өөрсдийгөө орос хүн гэж үзэж байгаа ч ганц пасспортын баримтаар л ялгараад байгааг анхааруулжээ. Р. Белкины захиаг Сталины туслах Александр Николаевич Поскребышев хүлээн авч уншаад Сталинд үзүүлсэнгүй. Харин Комунист намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Георгий Максимилианович Маленковт хаяглаад илгээжээ. Маленков Г. М Төв Хорооны аппаратад хариу бичих даалгавар өгсөн байна. Оросын Коммунист Намын Төв Хорооны Их дээд сургуулиудын түүхийн шинжлэх ухаан, эдийн засгийн хэлтэс энэ даалгаварыг хүлээн аваад ЗХУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Хэл судлал, Философи-Түүхийн дээд сургуульд лавлагаа захиалжээ. Хэл судлалын дээд сургууль Төв Хороонд зориулан бичсэн баримт бичигтээ “орос үндэстэн өөрийн харъяандаа өөр угсаатаныг багтаах боломжгүй” гэж бичсэн байна. Харин Философ-Түүхийн дээд сургууль профессор Белкинд хандан доор х хариуг илгээжээ.
“Профессор Белкин та еврей болон оросуудыг зохиомолоор, зориуд ядгаварлаж байна гэж буруу бодож байна. Орос Үндэстэн бол ЗХУ-ын үндэстэн угсаатанууд дундаас байнга тэргүүллэгч манлайлагч нь байх ёстой. Нөхөр Сталин орос бол аугаа үндэстэн гэж хэлж байсан. Еврей үндэстэн бол оросуудаас паспортоороо ялгарахаас өөр аргаггүй гэжээ.”
1960-аад оны дунд үеэс эхлэн фашизмыг сурталчилсан ном зохиол Орос оронд нэвтэр эхэлжээ. Эхэндээ энэ нь гар бичмэл, чанар муутай хуулбар байсан юм. Харин одоо ийм төрлийн ном зохиол үерийн ус мэт чөлөөтэй хэвлэгдэж, тараагдаж байна.


РИА –НОВОСТИ мэдээллийн агентлагийн Шинжээчидын Зөвлөлийн гишүүн, ТВЦ телевизийн улс төрийн тоймч Леонид Млечины бичсэн нийтлэлээс товчлон орчуулав.

No comments: