2006-11-02

Сансрын жуулчин


2007 оны 3 сарын 9 өдөр Microsoft компаний Word, Excel программын зохион бүтээх, шинэчлэх салбарыг хариуцан ажилладаг унгар гаралтай 58 настай тэрбумтан Чарльз Симони сансарт нисэх гэж байна. Хэрэв нислэг амжилттай болох юм бол тэрээр манай гарагийн 450 дахь сансрын нисэгч, дэлхийн 5 дахь сансрын жуулчин болох юм. Чарльз Симони Оросын “Союз” пуужинг хөлөглөн сансарт аялана. Ч. Симони АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд ирэх оны хавар Казакстан улсын Байконур дахь сансрын буудлаас 15 дахь Олон улсын сансрын багийн хоёр гишүүний хамт нисэх юм байна. Ч. Симони сансарт нисэхийн тулд 20 сая долларыг урьдчилан төлсөн гэнэ. Сансрын жуулчлалыг Space Adventures компани зохион байгуулж байгаа юм. Чарльз Симонигийн нислэг 9 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд түүний хөлөглөсөн Союз сансрын пуужин Дэлхийн 160 удаа тойрох юм. Энэ нь 6,5 сая км газар туулж байна гэсэн үг юм. Ч. Симони одоо сансарт ажиллаж байгаа 14-р олон улсын сансрын багийн гишүүдтэй хамт эх дэлхийдээ эргэж ирнэ. Симони эх дэлхийд газардахад ердөө 2 цагийн хугацаа зарцуулна. Сансарт нисэх болсон шалтгаанаа Симони тайлбарлахдаа
-Би 3 зорилт өмнөө тавьж байна. 1-рт иргэний сансрын нислэгийн хөгжилд хувь нэмэр оррулах, 2-рт дэлхийн тойрог замд байгаа сансрын станцид шинжилгээ судалгааны ажил хийх, 3-рт хүүхдүүдийг сансрын уудмыг шинжлэн судлах үйлсэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлэлтэй болгоно гэж BBC-д ярьжээ. Тэрээр эдгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд интернэтэд
www.charlesinspace.com сайт нээжээ. Чарльз Симони олон улсын сансрын станцид номын сан нээх бодолтой байгаа гэнэ. Иймд тэрээр сансарт нисэхдээ зохиолч Гётегийн “Фауст”, Роберт Хенлейний “Сар-догшин амраг” гэдэг хоёр ном авч явна.
Чарльз Симони нь өмнөх сансрын жуулчидыг бодвол илүү чадварлаг байж болох талтай гэнэ. Учир нь тэр онгоц жолоодох эрхтэй бөгөөдамьдарлынхаа 2 мянган цагийг онгоцоор нисэх өнгөрүүлжээ. Гэсэн ч тэрээр сансарт нисэхийн тулд биен хүчний болон техникийн тусгай хичээл заалгаж байгаа юм. Чарльз Симон одоо орос хэл сурч байгаа бөгөөд Союз сансрын хөлгийн эд анги, тоног төхөөрөмжийн талаар мэргэжлтнүүдээр хичээл заалгаж байна. Сансарт нисэхийн тулд тэр илүү олон шинэ мэдлэг олж авч байгаадаа их олзуурхаж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн анхны сансрын жуулчин нь АНУ-ын иргэн Деннис Тито. Түүний дараа өмнөд африк гаралтай Марк Шатллворт сансарт жуулчилсан. Харин өнгөрсөн жил бас л АНУ-ын иргэн Грег Олсен сансарт ниссэн юм. 2006 оны 9 сард Ираны иргэн Анюша Ансари гэдэг бүсгүй сансарт ниссэн. Тэрээр хамгийн анхны эмэгтэй сансрын жуулчин гэдэг тодотголтой. Сансрын нислэгийг зохион байгуулж байгаа Space Adventures компаний төлөөлөгчийн хэлснээр бид олон хүний мөрөөдлийг биелүүлж эхэллээ. Цаашид сансрын жуулчлалыг үйлчилгээний салбар болгон хөгжүүлэх бодолтой байна гэж мэдэгдэж байна.

No comments: