2006-11-07

Галлей гэж хэн байв?


1656 оны 10 сарын 29 өдөр Лондон хотоос зайдуухан байдаг Хаггерстон тосгонд нэгэн шинэ хүү мэндэлжээ. Эцэг эх түүнд Эдмунд гэдэг нэр хайрласан байна. Эдмунд Галлей 1676 онд Оксфордын Их Сургуулийн 3-р дамжаанд сурч байхдаа анхны эрдэм шинжилгээний бүтээлээ нийтэлсэн байна. Эдмунд Галлей анхны эрдэм шиншилгээний бүтээлдээ нарны аймгийн гаригуудын тойрог замын тухай бичжээ. Эдмунд Галлей нарны аймгийн удаан оршин тогтнож байгаа тухай онцлон тэмдэглээд Сатурн болон Юпитер гаригийн харилцан тэнцвэрийн тухай нээлтээ бичсэн байна. Юпитер гарагийн тэнхлэгээрээ эргэх хурд байнга нэмэгдэж байгаа бол Сатурн гарагийн хөдлөх хурд тэр хэмжээгээр удааширч байгааг Эдмунд Галлей ажиглаж мэджээ. 1676 онд Эдмунд Галлей их сургуулиа орхин Лондоны хатан хааны нийгэмлэг болон хатан хааны биечлэн өгсөн зөвшөөрлийн дагуу анхны эрдэм шинжилгээний зорилготой аялалдаа гарсан байна. Тэрээр Гэгээн Елены арал дээр очжээ. Галлей оддын байршилыг тогтоох телескоп ашиглан хийсэн одод тэнгэрийн зурагаа 1679 онд хэвлүүлсэн байна. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрээ үнэлүүлж Оксфордын Их Сургуулийн эрдмийн цол хүртэж, улмаар Лондоны Хатан Хааны нийгэмлэгийн гишүүн болжээ. Энэ нэр хүндтэй цол хэргэмийг хүртэхдээ Эдмунд Галлей ердөө 22 настай байсан юм. 1677 онд Галлей нар хүртэлх орон зайг тогтооход шинэ арга хэрэглэхийг санал болгож байв. Сансар судлалын шинжлэх ухаанд хийсэн чухал нээлтийн нэг нь тогтмол үзэгддэг сансрын кометийн тухай бүтээл юм. 1716 онд тэрээр сансарт тогтмол комет байдаг гэж бичээд дараагийн удаа уг кометыг 1758, эсвэл 1759 онд дэлхийгээс ажиглаж олно гэж хэлжээ. Шинжлэх ухаанд уг сансрын биетийг Галлейгийн комет гэж нэрлэджээ. Түүний хэлсэн хугацаанд үнэхээр Галлейгийн кометийг эх дэлхийгээс ажигласан бөгөөд түүний урьдчилсан хэлсэн нь биелсэнийг өөр эрдэмтэд нотолжээ. Галлей 20 орчим тогтмол кометийн тойрог замыг тодорхойлжээ. Түүнчлэн Галлей газрын соронзон орны талаар судалгааны ажил хийж байсан юм. 1703 оноос Галлей Оксфордын Их Сургуулийн геометрийн тэнхимийг тэргүүлэх болов. Дараа нь 1713 оноос Лондоны Хатан Хааны нийгэмлэгийн эрдэм шинжилгээний нарийн бичгийн дарга, 1720 оноос Гринвичийн судалгааны төвийн нарийн бичгийн албан тушаалд томилогдож байв. 1742 оны 1-р сарын 14 өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
MEDENEWS

No comments: