2006-11-20


Энэ хижээл насны америк өвөөг дэлхий даяараа мэднэ. Саяханыг хүртэл АНУ-ын батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан энэ хүнийг харах болгонд яагаад ч юм бэ бүү мэд надад тэр зохиолч, эсвэл философич юм шиг санагдаад байдаг юм. Цэрэг, хүчний байгууллагад хүчин зүтгэдэг гэж миний санаанд буудаггүй юм. Дональд Рамсфельдын тухай хувийн бодлоо орхиод, туулсан зам, амьдралынх нь талаар хайж судалсан юм. Мэдсэн дуулсанаа MEDENEWS-ийн уншигчидтайгаа бас хуваалцах нь зүйтэй гэж бодлоо.
Дональд Рамсфельд 1932 оны 7 сарын 9 өдөр Чикаго хотод төржээ. 1954 онд Принстоны Их Сургуулийг төгссөн юм байна. 1954-1957 онуудад АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх хүчинд алба хаажээ. Цэргээс халагдаж ирээд Огайо мужаас нэр дэвшсэн конгрессын гишүүний туслахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ цагаас эхлэн түүнийг улс төр гэдэг хатуу тоглоомд оролцож эхэлсэн гэж хэлж болно. 1962-1969 онуудад Иллинойс мужаас нэр дэвшиж Төлөөлөгчидийн танхим ажиллажээ.Дональд Рамсфельд 1969 онд парламентыг орхив. Шаггүй боловсролтой, парламентад 7 жил суусан ажилсаг залууг ерөнхийлөгч Никсон өөрийн багтаа авчээ. Никсон түүнийг Эдийн Засгийн асуудал эрхэлсэн хэлтэсийн захиралын албан тушаалд томилсон байна. Дараа нь 1971-ээс 1972 он хүртэл Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллажээ. Ричард Никсоны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө, америкийн түүхэнд “уотрергейтын хэрэг” гэдэг нэрээр үлдсэн дуулиантай улс төрийн хэрүүл дэгдэхээс өмнө Умард Атлантын Цэргийн Эвсэл дэхь /НАТО/ АНУ-ын суурин төлөөлөгчөөр томилогджээ. Ийнхүү Дональд Рамсфельд 1973-1974 онуудыг буурал Европын Брюссель /Бельги улс/ хотод өнгөрүүлжээ. Томилолтын хугацаа дуусахад эх орондоо эргэн ирж 1975 оныг хүртэл Ерөнхийлөгч Фордын тамгийн газарт ажиллажээ. 1975-1977 онуудад Рамсфельд АНУ-ын Батлан Хамгаалахын сайдаар томилогджээ. НАТО-д ажиллаж байсан туршлагатай хүнийг Батлан хамгаалах яамаа тэргүүлүүлэх болсондоо Ерөнхийлөгч Форд олзуурхаж байв. Хамгийн сонирхолтой нь Дональд Рамсфельд АНУ-ын түүхэнд хамгийн залуу батлан хамгаалахын сайд гэдэг тодотголтой мөнхөржээ. Үүнээс өмнө, одоо ч гэсэн АНУ-ын түүхэнд 43 настайдаа Батлан Хамгаалахын сайд болсон хүн үгүй гэнэ. 1976 оны сонгуульд Бүгд Найрамдах нам ялагдал хүлээсний дараа Дональд Рамсфельд 1977-1985 онуудад эм үйлдвэрлэдэг G.D.Searle & Company компаний гүйцэтгэх захирал, захиралуудын зөвлөлийн дарга, компаний тэргүүнээр ажиллажээ. Дараа нь 1990-1993 онуудад тоон системийн өндөр чанартай телевиз үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлсэн General Instrument корпорацийн гүйцэтгэх захирал, даргын албан тушаал хашив. Бизнесийн салбарт хүчээ сорьж байсан ч улс төрийг бүр мөсөн орхисонгүй. Ерөнхийлөгч Рейганы үед Батлан хамгаалах яамны сайдын зөвлөх, Төрийн департаментын зөвлөх, Ерөнхийлөгчийн дэргэдэх Зэвсэгт хяналт тавих хорооны гишүүний албан тушаалыг хашиж байв. 1983-1984 онд Ерөнхийлөгч Рейганы тусгай элчээр томилогдон Ойрхи Дорнодын бүс нутагт ажиллажээ.
1993-1998 оны хооронд Рамсфельд гуай хаана юу хийж явсан нь тун бүрхэг юм. Энэ талаар тодорхой мэдээлэл алга. Бизнесийн салбарт ажиллаж байсан гэж бодоод өнгөрөхөөс.... /Миний л бодол л доо. Нээрээ 1993-аас 1998 он хүртэл юу хийж манаргаж байсан юм бол гэдэг таавар хэвээр үлдэж байна. Мэддэг хүн байвал бичээрэй./
1998-1999 оны хооронд АНУ-ын пуужингийн заналхийллийн эсрэг хорооны даргаар ажиллажээ. Дональд Рамсфельд уг хороог тэргүүлж байхдаа Иран, Хойд Солонгос улсын зүгээс пуужингийн довтолгоог АНУ-д хийх аюул заналхийлэл бодитой байна гэдэг дүгнэлтийг хийсэн юм. Пуужингаас хамгаалах системийг сэргээх нь зүйтэй юу гэдэг сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг АНУ-д өрнөж байв. 2000 онд Дональд Рамсфельд Жорж Буштай дахин энэ талаар нухацтай ярилцаж байв. 1999-2000 онд Худалдааны алдагдалын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр ажилжээ. 2000 онд Gilead Sciences, Inc компаний захиралудын зөвлөлд ажилласан байна. Түүнчлэн Үндэсний Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Конгрессийн шинжээчдийн багт, Сансарын уудмыг шинжлэн судлах үндэсний хөтөлбөрийн даргын ажлыг давхар хашиж байв. 2000 оны 12 сарын 28 өдөр Дональд Рамсфельд АНУ-ын Батлан Хамгаалахын сайдын зөөлөн суудалд дахин тухлах боломжыг бага Жорж Буш түүнд олгов. Ингэснээр батлан хамгаалахын сайдын албан тушаалд хоёр удаа томилогдсон анхны хүнээр томилджээ. Ийнхүү Америкийн түүхэнд бас нэгэн шинэ тодотголтой болж бичигдэж байгаа юм. Афганистан, Иракт алба хааж байгаа америк цэргүүд шоронгийн хоригдлуудыг тамлаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа ноцтой баримт илэрлээ. Энэ үед хүний эрхийг хамгаалах байгууллагууд Батлан Хамгаалахын сайд Дональд Рамсфельдыг шүүхэд өгчээ.
2006 оны 11 сарын 8 өдөр Жорж Буш Дональд Рамсфельдийг албан тушаалаас нь огцруулах болсон тухай зарласан юм. Дональд Рамсфельдыг огцруулах болсон нь 2006 оны 11 сарын эхээр болж өнгөрсөн сонгуультай шууд холбоотой гэж улс төр судлаачид, улс төрийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид үзэж байна. Үүнд үнэний хувь байгаа нь гарцаагүй. Дональд Рамсфельд маш олон төрлийн ажил эрхэлж байсныг та анзаарсан байх. Төрийн албан хаагч, конгрессийн гишүүн, бизнесмэн, олон улсын байгууллагад суурин төлөөлөгч гээд л... Түүнээс гадна тэр яруу найрагч гэдгийн нь мэдэх хүн цөөхөн байх. /Энэ хүнийг би зохиолч, философич байвал илүү тохирох дүр төрхтэй гэж боддог байсан маань эндүүрэл болсонгүй. Филофийн сэдвээр нийтлэл бүтээл бичдэггүй, ч шүлэг тэрлэж суудаг байх нь./ Дональд Рамсфельд өөрийн бичсэн шүлгээ ном болгон хэвлүүлж байгаагүй боловч улс төрийн яриа хэлэлцээр, хүлээн авалтын үед хүндхэн асуулт тулгарвал шууд хариу хэлж чадахгүй болсон үедээ өөрийнхөө шүлгээс уншиж өгдөг байна. Дональд Рамсфельд 1954 онд гэрлэсэн бөгөөд 3 хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд нь ч өрх тусгаарлан Дональд Рамсфельдийг 6 ачтай өвөө болгожээ.
Орчуулсан MEDENEWS

No comments: