2006-10-09

Hun amiin osoltiin asuudal


Hun amiin osoltiin asuudal
Өнгөрсөн 20-р зууны 20-оод оны үед хэдхэн зуугаар тоологдож байсан Монголчууд 1989 оны хүн амын тооллогоороо 2 сая болсон байлаа. Харин 1990 оноос хойш төрөлт багасаж, монгол улсын хүн амийн өсөлтийн хурд саарч эхэлжээ. Монголд ч төдийгүй Оросын Холбооны улсад хүн амын өсөлт буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Оросын төрийн тэргүүн Владимир Путин Холбооны зөвлөлийн хуралд явуулсан илгээлтэндээ хүн амийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой алхам хийхийг уриалжээ. Оросын шинжлэх ухааны академийн гишүүн, хүн ам судлаач Виктор Переведенцев BBC-д ярилцлага өгсөн байна. Би-би-си: Хөдөлмөрийн хүчний нөөц багасаж, хүн амын тоо буурч байгаад Оросын удирдагчид санаа зовних болжээ. Хүн амын өсөлт үнэхээр муу байгаа хэрэг үү?Виктор Переведенцев: Хүн амын өсөлт үнэхээр муу байгаа. Мэргэжилтнүүд энэ тухай 1990 оноос л ярьж эхэлсэн. 1990 оноос төрөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч эхэлсэн юм. 1987 онд Орост 2,5 сая хүүхэд мэндэлсэн бол 1999 онд энэ тоо 1 сая 215 мянгад хүрээд байгаа юм. 1998 оны эдийн засгийн хямрал үүнд их нөлөөлсөн. Одоо Орост олон хүүхэдтэй өрх байхгүй шүү дээ. Олон хүүхэдтэй айлууд 1980-аад онд л байлаа. 1981 онд Коммунист намын Төв Хороо төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авснаар хүн амын өсөлтийг 10 хувиар нэмэгдүүлсэн юм. Дараа нь өөрчлөн байгуулалт эхэлээд хүн амын өсөлт буурах хандлагатай болж ирсэн. Одоо Оросын хүн ам жилд 1 саяар багасаж байна. 2010 оноос эхлээд хүн амын тоо жилд 1 саяас ч илүү гарна гэдэг тооцоо байна. Улс оронд хөдөлмөрийн хүч алга болж байна шүү дээ. Би-би-си: Орос айлууд цөөхөн хүүхэдтэй байгааг хэрхэн тайлбарлаж болох вэ?В.П.: Цөөн хүүхэдтэй байх нь хөгжингүй орнуудад байгаа түгээмэл үзэгдэл. Япон, Итали, Испани, Германд төрөлт бага байдаг. Хүн амын төрөлт Орос улсад хамгийн доогуур үзүүлэлттэй байна. Тоталитар дэглэм ноёрхож байсан орнуудад хүн амийн төрөлт эрс бага байгаа ньт ажиглагдаад байгаа юм. Тоталитаризм хүүхэд төрүүлэхгүй байгаатай ямар холбоотойг хэн ч хэлж мэдэхгүй. Орост хүн амийн төрөлт буурч байгаа нь хөдөөний иргэд хот руу нүүх болсонтой холбоотой. Хөдөө орон нутгийн өрхүүд олон хүүхэдтэй байдаг бол хотын иргэд цөөхөн хүүхэдтэй байдаг. Би-би-си:Өнгөрсөн зууны 30-аад онд аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, хотжих үйл явцыг түргэтгэсэний гай одоо гарч гэж байгаа үзэж болох уу?В.П.: Тийм ч байж болох юм. Хотын айл олон хүүхэдтэй байх нь тийм ч тохиромжтой биш байх л даа. Хоёр өрөө байранд 3 хүүхэдтэй айл хэцүү биз дээ. Орос маягийн нийтийн орон сууц олон хүүхэдтэй байх нөхцөлийг нь хааж байгаа юм. Хоёроос олон хүүхэдтэй айл одоо ховордсон доо. Хойд Кавказын зарим нэг угсаатан, ястанууд л олон хүүхэдтэй байгаа даа. Хүн ам зүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл 5 аас дээш хүүхэдтэй айлыг “олон хүүхэдтэй өрх” гэж тооцдог байлаа. Харин одоо бол гурван хүүхэдтэй айлыг “олон хүүхэдтэй өрх” гэж нэрлэж байна. Нэг айл доод тал нь гурван хүүхэдтэй байж улс орны хүн ам өсдөг. Гурван хүүхэдтэй айлын тоо бага байгаа улс хэзээ ч өсөхгүй. Хатуухан хэлэхэд мөхөл рүүгээ л мөлхөж байна гэсэн үг. Би-би-си: Владимир Путин хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн ажил зохиохыг санал болгосон байна шүү дээ. Үр дүнг нь ямар байх бол?В.П.: Түр зуурын хугацаанд хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх л байх. 80-аад онд ЗХУ-ын Коммунист нам тодорхой алхам хийж хүн амын өсөлтийг өөрчлөн байгуулалтаас өмнө нэмэгдүүлж чадсан. Путины авах арга хэмжээ яг л үүн шиг байна. Эдийн засаг сайн байвал хүн ам өснө гэдэг буруу ойлголт хүмүүсийн дунд их тархаад байна. Хүн амын төрөлт манай дэлхийн хамгийн ядуу Африкийн орнуудад өндөр байдаг. Европын хөгжингүй орнууд, Японд төрөлт бага. Хүн ам зүйчид үүнийг сайн мэднэ. Одоогоос найман жилийн өмнө гаргасан НҮБ-ын тайлан илтгэлд 2050 онд Оросын хүн ам 122 сая байна гэж тооцоолж байсан юм. НҮБ-аас энэ жил гаргасан тайланд 2050 он гэхэд Оросын хүн ам 111 сая болно гэж бичсэн байх юм. Одоо Орос улс 143 сая хүн амтай шүү дээ. Хүн амын бүтэцчбас сэтгэл зовоож байгаа асуудлын нэг. 2050 он гэхэд 10 орос хүний 4 нь өндөр настангууд байх болно. Хөдөлмөрийн хүчний хүмүүсийн нөөц багасаж байна гэсэн үг. BBC Орчуулсан MEDENEWS 2006-10-06

No comments: