2006-10-09


10 сарын 2 өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгийн гишүүн 5 орон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пан Ги Муныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилахад татгалзах шалтгаан алга гэж мэдэгдсэн билээ. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа энэ эр Кофи Аннаны гараас тамгыг нь гардан авч ойрын хэдэн жил манай гаригийн хамгийн өндөр албан тушаалыг хаших нь тодорхой болоод байна. Энэ жил 62 нас хүрсэн Пан Ги Мун нь сүүлийн 2,5 жилийн турш Бүгд Найрамдах Солонгос Улсын гадаад харилцааг тодорхойлж төрийн алтан цулбуураас атгалцаж яваа юм. Олон улсын харилцааны салбарт тэрбээр 36 жил тасралтгүй хүчин зүтгэжээ. Ямар ч хүнд нөхцөл байдалд орсон ч эвтэйхэн аргалдаад хүний эв зүйг нь олж чаддаг гэж түүний тухай томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд дэлхий даяар зарлаж байна. Хөндлөнгөөс хараад намайг шаардлага султай “зөөлөн” хүн юм гэж дүгнэдэг. Гэвч шаардлагатай үед байр сууриа хатуу хамгаалж чаддаг, шийдмэгий хүн шүү гэж Пан Ги Мун хэлснийг Франс Пресс агентлаг мэдээндээ иш татсан байх юм. Пан Ги Мун нь Сөүлийн их сургууль, дараа нь Харвардын их сургуулийг төгссөн юм байна. Пан Ги Мун хэрэв НҮБ-ын ерөнхий нарийнбичгийн дарга болмогцоо тус байгууллагын дотоод зохион байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх юм байна. НҮБ бага амлаж, ихийг хийх хэрэгтэй гэж тэр хэлжээ. Пан Ги Мун сүүлийн хоёр жил ээлжийн амралтаа аваагүй ажилласан байна. Ихэнхи солонгосчууд түүнийг хамгийн шилдэг, үлгэр жишээч төрийн албан хаагч гэж үздэг юм байна.

No comments: