2006-10-13

Хойд ээж

СССР буюу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Ард Улс гэж том гүрэн байлаа. Эргэн тойрныхоо жижигхэн улс үндэстнүүдийг “эхийн хайраар” хайрлаж залуу үеийг нь хүмүүжүүлж, Ломоносовын нэрэмжит МГУ тэргүүтэй нэр хүндтэй их дээд сургуулиуддаа үнэгүй шахам сургаж, үйлдвэр байгуулж өгч байв. 1985 онд Михаил Горбачевын эхэлүүлсэн өөрчлөн байгуулалт амжилтгүй болсны дараа энэ гүрэн задарчээ. Энгэр, хормойноос нь зүүгдэж 80 орчим жил явсан жижиг үндэстнүүд толгой даан амьдарна гэцгээн тугаа мандуулж тусгаар тогтнол гээч чухал юмыг олж тунхаглав. Өмнө нь нэг хашаанд байсан бол одоо тус тусдаа улсын “хил” хэмээх торон хашаа хороо босгоод амь амиа даацгаах болов. Бас өөр хоорондоо хашаагаараа орж гарахдаа визтэй зорчдог, хашаа болгоныхоо үүдэнд нохой дагуулсан буутай цэрэг зогсоодог болгов. Туурга тусгаарлаад 16 жил өнгөрч байтал тусгаар тогтносон 15 улсын ихэнхид нь /Укриана, Гүрж, Киргиз гэх мэт /ээлж дарааллан өнгө өнгийн гоёлтой барууны орнуудын мөнгөөр бүтсэн хувьсгал гараад мандаад эхэллээ. Улбар шар, улаан ногоон өнгөтэй хувьсгалын мөн чанар нь юу байсан бэ? Өнгөт хувьсгал гарсан улсуудын засгийн эрх мэдэл барууны бодлогыг баримтлагч залуу үеийнхэнд шилжээд ирэх нь тэрээ. Ийм хэрэг явдал гарсанд урьд нь халамжлан хүмүүжүүлж байсан Орос ээж нь ихээр гомдов гэнэ. Яриад ятгаад дийлэхгүй болохоор нь жинхэнэ хойд эхийн зан авир гаргахаар шийджээ. Гүрж улс тусгаар тогтнолоо зарлахдаа Хойт болон Өмнөд Осети гэдэг хоёр өөртөө засах мужыг өөрийнхөө нутаг дэвсгэрт багтаажээ. Гэтэл Хойд болон Өмнөд Осети нь нийлж бид бас тусгаар улс болох ёстой гэж зүтгэв. Гүржүүдэд Осетичүүдийн энэ хүсэл мэдээж таалагдсангүй. Хариан оросууд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд руугаа нүднийхээ булангаар хяламхийсээр л байлаа. Гүржид хямрал үүсэж байгааг ажиглаад байдал хурцдахаас сэргийлж энхийг сахиулагчын үүрэгийг өөртөө хүлээн цэргүүдээ илгээв. Гэтэл Гүржийн тал Оросын офицерүүдийг тагнуулын ажиллагаа явуулсан гээд баривчилж хар гэртээ хорилоо. Оросын албаны хүмүүс үүнийг эрс няцааж офицерүүдийг нэн даруй суллахыг шаардаж Гүржтэй харилцаа холбоогоо таслана гэж сүрдүүлэв. Гэвч Гүржийн тал байр сууриа өөрчлөхгүй гүрийсээр. Оросууд Гүрж рүү явдаг бүх хэлбэрийн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг зогсоож шуудангийн захиа, мөнгөн гуйвуулагын үйлчилгээ ч хаагдав. Нисэх онгоц, галт тэрэгний харилцаа зогсох сураг гармагц Гүржийн тал Оросын офицеруудыг суллаж харилцаагаа хэвийн байдалд нь оруулах гэж оролдов. Гэвч Орос “хойд ээж” нь үнэхээр голдоо ортол гомдсон тул Гүржийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ цуцалсангүй. ОХУ-д Гүржийн олон мянган иргэд хууль буссар оршин сууж барилга хот байгуулалт, үйлчилгээний газар, хар зах дээр ажилладаг юм. Оросын Холбооны Улс хууль бус цагаачидтай хийх тэмцэлээ чангатгах болж юуны түрүүнд Гүржүүдээс эхэллээ. Хар зах, барилага дээр ажилладаг гүржүүдийг албадан гаргах ажиллагааг эрчимтэй өрнүүлж байна. Түүнчлэн Гүрж эзэнтэй казинод шалгалт хийж эхэллээ. 10 сарын эхний долоо хоногт Гүрж эзэнтэй 6 казиногийн үйл ажиллагааг зогсоожээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Гүржийн гэсэн тодотголтой бүх юмыг муулж гарав. Казиногийн шалгалт маань эцэстээ урлаг соёлын байгууллагын шалгалт болж хувирчээ. Оросын зураачдын холбоог нэг гүрж эр даргалдаг юм байж. Тэрээр ОХУ-ын иргэн. Бүгдээрээ эв найрамдалтай нэгэн хашаанд амьдарч байх үеэс л бүх холбоот улс даяар түүнийг авъяас суу билигийг шагшин магтаж байв. Гүрж эрийн даргалдаг байгууллагын шалгаад шалгаад дутагдал илэрсэнгүй. Аргаа барсан тусгайгийнхан ажилчидын цалин их байна гэсэн шүү утгатай юм хэлээд өнгөрчээ. Оросын Холбооны улсад хууль бусаар амьдардаг Гүрж байтугай Вьетнам, хятад иргэд хэдэн саяараа байна. Алс Дорнодод амьдарч байгаа хятадуудын тоо аль хэдийнэ 16 сая давсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хууль бусаар амьдарч байгаа гадныханыг албадан гаргах нь зөв зүйтэй боловч мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа гүрж зураачыг яллах гэж оролдох нь хэтэрхий туйлширал болж байна даа.

1 comment:

erchuud said...

hey,
Ethnic identity-gaa l jinkhene oros eej gargaj baikh shivdee, gekhdee jijig ulsuud garch irseneer delkhiin deeer togtooson teneg zasaglaliig oorchilj baina. Akhiad uldsen ulsuud ni biye daagaasai gej..