2006-10-30

FREE-PRESS


Хил хязгааргүй сурвалжлагчид хэмээх Засгийн газрын бус байгууллагаас гаргасан сүүлийн илтгэлд хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хөндсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тарасан энэ илтгэл нь 2005 оны 9 сараас 2006 оны 9 сарыг хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ажиглалт хийсэн судалгааны дүн юм. Судалгаанд дэлхийн 168 орон хамрагджээ. Сэтгүүлчийн эрхийг хүлээн зөвшөөрч хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг орноор Финлянд улс тодорчээ. Үүний дараа Ирланд, Исланд, Нидерланд улс бичигдсэн байна. Энэ жагсаалтын 147-р ОХУ оржээ. Иран, Хятад, Бирма, Куба Турмени, Эритрия улсын нэр нэлээн доогуур харагдаж байна. Уг жагсаалтын хамгийн сүүлд Хойд Солонгос бичигджээ. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн онд Дани улс энэ жагсаалтын 1-р байранд бичигдэж байсан бол энэ удаа 19-р байр эзэлсэн байна. Данийн сонин хэвлэлээр Лалын шашны гэгээнтэн Мухаммедын шог хөрөг хэвлэгдсэний дараа тус улсын хэвлэлийн салбарт ажилладаг хүмүүст хаягласан заналхийлэл олон ирж байсан юм. Энэ нь Дани улс энэ жил 19-р байранд бичигдэхэд хүрсэн гэж шинжээчид тайлбарлаж байна. Жагсаалтын эхний дөрвөн байрыг эзэлсэн Финлянд, Ирланд, Исланд, Нидерланд улс 2005 оныилтгэлийн жагсаалтад ч бас дээгүүр байр эзэлж байсан юм. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэдэг гэж байнга тунхагладаг Франц улс 2005 онд 30-р байр эзэлж байсан бол энэ онд 35-р байранд оржээ. Өнгөрсөн намар франц сэтгүүлчид халдсан хэрэг нэг биш удаа гарсан, түүнчлэн Францын зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакцид хууль хяналтын байгууллагынхан үзлэг нэгжлэг хийсэн нь үүнд нөлөөлсөн бололтой. АНУ энэ жил 53-р байранд бичигджээ. Энэ нь өнгөрсөн оны жагсаалттай харьцуулах юм бол 9 нэгжээр доошилсон гэсэн үг. Одоогоос таван жилийн өмнө “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан жагсаалтанд АНУ 17-р байр эзэлж байсан юм. Хэвлэлийн эрх чөлөөг хааж боогдуулах үзэгдэл АНу-д газар авч байна гэж дүгнэлт хийж болохоор байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш терроризмтой хийж байгаа дайныг үгүйсгэсэн утга агуулагатай мэдээлэл түгээсэн сэтгүүлчийг хараа хяналтандаа авах үүрэг өгч байсантай холбоотой юм. Иракын эсрэг цэргийн ажиллагаа явуулсны дараа Жорж Буш хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад хандан эрх оронч байр сууринаас мэдээ мэдээлэл түгээхийг уриалж байсан юм. “Хэвлэлийн эрх чөлөөний байдал” илтгэлийн жагсаалтанд АНУ-ын рейтинг буурах болсон бас шалтгаан нь эх сурвалжаа сэтгүүлч нуухыг хориглосон заалтыг хуулинд оруулсан нь хувь нэмэр болсон байна. ОХУ өнгөрсөн онд 138-р байранд орж байсан бол энэ удаа 147-р байранд бичигджээ. 2006 оны оны 10 сарын 7 өдөр оросын сэтгүүлч эмэгтэй Анна Политковская захиалгат аллагын золиос болж бусдын гарт амь үрэгдсэн нь жагсаалтад доогуур байр эзлэхэд нь нөлөөлсөн байна. ТУХН орнууд ОХУ-ын араас бичигджээ. Тухайлбал Белорусь 151, Узбекистан 158, Турмени улс 167-р орсон байна. Хил хязгааргүй сэтгүүчид байгууллага уг жагсаалтыг гаргахдаа нийт 50 үзүүлэлтийг харгалзан үздэг байна. Үүнд албан үүргээ биелүүлж яваад амь үрэгдсэн сэтгүүлчид, албан ажилтай холбогдон хууль хяналтын байгууллагад дуудагдан байцаагдсан, шалгагдсан, түүнчлэн төр засаг, бусад сонирхолын бүлэглэлийн зүгээс учруулсан дарамт шахалт, цензурын байдал, төрийн эзэмшилийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тоо, сөрөг хүчний болон хараат бус чөлөөт нийтлэлийн бодлого явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тоо зэргийг харгалзан үздэг байна. Бас гадаадын хэвлэл радио, телевизийн нэвтрүүлгийг дахин дамжуулдаг эсэх, гадаадын сэтгүүлчдэд чөлөөтэй ажиллах бололцоо олгодог эсэх, гадаадын сэтгүүлчдэд виз өгсөн байдал, сэтгүүлчдэд бичихэд хориглосон сэдэв байдаг эсэхийг онцлон гол шалгуураа болгодог байна. Харин жагсаалтанд Монгол Улс маань хэддүгээр байр эзэлсэн бол доо?
Орчуулсан -MEDENEWS

No comments: