2007-03-17

Эгэл жирийн Итали эр - Проди


1939 оны 8 сарын 9 өдөр Италийн Скандиано хотод католик шашин шүтлэгтэй олон хүүхэдтэй нэгэн айлд шинэ хүн мэндэлжээ. Эцэг эх нь шинэ хүүдээ Романи Проди гэж нэрлэжээ. Романи Проди Миланы Католик их сургуулийн хууль зүйн тэнхимийг 1961 онд төгсжээ. Дараа нь Романи Проди Милан, Болонье, Лондон хотын эдийн засгийн дээд сургуулиудыг төгссөн байна. Бас АНУ-д хэсэг хугацаанд сурч байжээ. 1963-1964 онд Ломбардскийн дээд сургуулийн харъяа эдийн засаг, нийгмийн судалгааны хүрээлэнд ажилласан байна. 1963-1971 онд Болоны их сургуульд багшилсан байна. 1968 онд Стэнфордын хүрээлэнд судлаачаар ажиллажээ. 1971-1999 онуудад Болоны их сургуулийн аж үйлдвэрийн тэнхимд, 1973-1973 -1974 онд Трентын их сургуулийн эдийн засгийн тэнхимд ажиллаж байжээ. 1974 онд Харвардын их сургуульд урилгаар ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ 1974-1978 онуудад италийн “Ил Мулано” гэдэг хэвлэх үйлдвэрийн ерөнхийлөгчөөр, 1981 онд эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг “Номисма” зөвлөгөөний компанид ажиллаж байжээ. 1978-1979 онд Италийн аж үйлдвэрийн яамны сайдаар сонгогджээ.
1982-1989 онд Аж үйлдвэрийн өөрчлөн байгуулалтын хүрээлэнд гүйцэтгэх захиралын албан тушаал хашиж байв. 1993 онд энэ албан тушаалд дахин сонгогджээ. Гэтэл хүнсий үйлдвэрийг хувьчлах үед эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч баримт нотолгоо хангалтгүй гэдэг үндэслэлээр 1997 онд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
Романи Проди 1995 онд парламентын гишүүн болж “Олива” гэдэг зүүний эвсэлийг тэргүүлсэн байна. 1996 оны 5 сарын 17-оос 1998 оны 10 сар хүртэл Италийн ерөнхий сайдаар сонгогджээ. 1999 оны 5 сараас Европын хорооны даргын алба хашжээ. 1999 оны 3 сард Берлин хотод болсон Европын Холбооны чуулга уулзалтаар Романи Продиг Европын холбооны парламентын даргаар сонгожээ. Ингээд 2005 он дуустал Евро парламентыг даргалсан юм. 2006 оны 5 сарын 16-аас Итали улсын сайд нарын зөвлөлийн дарга болжээ. 2007 оны 2 сарын 21-нд засгийн газрын гадаад бодлогыг Италийн парламентын дээд танхим шүүмжилсэний дараа албан тушаалаасаа огцрох өргөдөлөө бичжээ. Гэсэн ч дараа нь түүнийг албан тушаалд нь буцааж томилсон юм. 2003 онд Романи Продигийн амь насанд халдах оролдлого гарч байв. 2003 оны 12 сарын 27-нд шуудангийн илгээмж дотор бөмбөг хийж Романи Продид явуулжээ. Илгээмжийг Проди биечлэн задалсан бөгөөд сохор азаар амьд үлджээ. Романи Проди Левений католик их сургуулийн хүндэт доктор. Эхнэр, 2 хүүтэй юм байна.



"Н" гэдэг үгийг хэлэх хориотой.


Нью-Йорк хотод ниггер гэдэг үгийг хэрэглэхийг албан ёсоор хоригложээ. Энэ шийдвэрийг тус хотын зөвлөл бүр 2 сарын 28-нд гаргасан юм байна. Ниггер гэдэг үг нь өнгөт, хар арьстануудыг гутаан доромжилсон үг мөн гэж хэл зүйчид албан ёсоор мэдэгджээ. Үүний дараа хотын эрх бхригчид оршин суугчдад хандан энэ үгийг хэрэглэхгүй байхыг уриалж тогтоол гаргасан байна. Нигер гэдэг үг хамгийн анх 1786 онд “Шинэ мэдээ” гэдэг америкийн сонин дээр гарч байжээ. Тухайн үед энэ үгийг африкаас хулгайлагдан ирж боолчлогдож байгаа хүмүүсийг ингэж нэрлэдэг байжээ. Харин одоо нигер гэдэг энэ үг нь 400 жилийн өмнөх түүхийн эмгэнэлтэй, аймшигт үеийг хар арьстануудад эргэн сануулдаг болоод байгаа юм. Нью-Йорк хотын хууль тогтоогчид энэ үгийг хэрэглэж байгаа иргэн эх орныхоо түүхийг хүндэтгэн үзэхгүй байгаа гэж ойлгогдох болно гэж нэмж хэлсэн байна. Энэ шийдвэрийг шүмжилэх хүмүүс ч бас гарч байна. Хар арьстан шог зураач Крис Рокийн хэлснээр хотын эрх баригчид ийм шалдир бульдар зүйлээр оролдож нийгэмд хурцаар тавигдаж байгаа асуудлаас олон нийтийн анхаарлыг сарниулах гэж оролдож байгаа юм байна. Одоо ихэнхи америкчууд хар арстангуудыг “афроамерикчууд”, “харууд” гэж нэрлэдэг юм. Гэхдээ “н” үсгээр эхэлсэн энэ үг хүмүүсийн амнаас үе үе гардаг. “Н” үсгээр эхэлсэн энэ үгийг хэрэглэхгүй байх, үгийн сангаас хасах хөдөлгөөн америкийн хэд хэдэн хотод гараад байгаа юм. Техам мужын Бразори хотын дарга “н” үсгээр эхэлсэн үг хэлсэн хүнийг 500 доллараар торгох санал гаргаж байсан юм. Нью-Йоркын эрх мэдэлтэнүүд хориотой үгийг хэлсэн хүнд ямар шийтгэл оноохоо хараахан шийдээгүй байгаа бололтой. Тэдний баталсан тогтоолд хариуцлага тооцох тухай үг өгүүлбэр алга байна.

Нууц намтар


БНАСАУ-ын лидер Ким Чен Ир 1942 оны 2 сарын 16-нд Пэктусан гэдэг партизаны хуаранд төрсөн гэж албан ёсны намтарт нь бичсэн байдаг. Харин албан бус намтараар бол тэр ОХУ-ын Хабаровск хотоос 70 км алсад байрлах Вятский гэдэг гацаанд төрсөн гэлцдэг. Эцэг Ким Ир Сен нь хүүдээ Юра гэдэг орос нэр хайрлажээ. Ким Чен Ир /Юрагийн/ бага нас Вятский гацаанд өнгөрчээ. Тухайн үед Ким Ир Сен Зөвлөлтийн Армийн 88-р бригадийн командлагч байжээ. 1945 оны 11 сард Ким Чен Ир гэр бүлийнхээ хамт Хойд Солонгосын Пхеньян хотод шилжин ирсэн байна. 1950-1953 оны солонгосын дайны үед эцэг эхийнхээ хамт Хятад рү дүрвэжээ. Дайн дууссаны дараа эх орондоо эргэн ирсэн байна. 1960-1964 оны 4 сар хүртэл Ким Ир Сены нэрэмжит Пхеньяний Их Сургуульд суржээ. Их сургуулиа дүүргээд эцгийнхээ аюулгүй байдлын албаны дарга болсон байна. 1961 онд БНАСАУ-ын хөдөлмөрийн намын гишүүн болж 1964 оноос намынхаа Төв Хорооны гишүүн болжээ. 1973 онд Хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1974 онд Ким Ир Сены албан ёсны залгамжлагч гэж зарлагдсан байна. 1980 онд болсон Хөдөлсөрийн намын 6-р хурлаар Төв Хорооны нарийн бичгийн дарга, намын цэргийн хорооны гишүүнээр сонгогджээ. 198/2 оноос БНАСАУ-ын Ардын Их Хурлын депутат болжээ. 1991 оны 12 сарын 24-нд Солонгосын ардын армийн ерөнхий командлагч болсон байна. 1992 оны 4 сарын 20-нд Ким Чен Ир маршал цол авчээ. 1993 оны 4 сараас БНАСАУ-ын батлан хамгаалах төрийн хорооны даргын албан тушаалд томилогджээ. 1997 онд Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. 1998 онд дахин БНАСАУ-ын батлан хамгаалах төрийн хорооны даргын суудалдаа эргэн иржээ. Ингэхдээ улс орны эдийнэ засаг, улс төр, нийгмийн халамж гээд бүх асуудлыг хариуцах болсон байна. Нэг үгээр хэлбэл эрх мэдэл нь нэмэгджээ. БНАСАУ-ын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус улсад ерөнхийлөгчийн албан тушаал гэж байдаггүй юм. Ким Чен Ир БНАСАУ-ын хоёр удаагийн баатар. Эх орныхоо болон гадаадын орнуудын 120 гаруй одон медальтай. Бас “Чучхе” онолын талаар онол арга зүйн олон бүтээл бичжээ. БНАСАУ-ын төрийн тэргүүний хувиар тэр ердөө 3 удаа хилийн чанадад зорчиж байжээ. 2000 оны 5 сард БНХАУ руу нууцаар 4 өдрийн айлчлал, 2001 оны 1 сард Хятад руу албан ёсоор 6 өдрийн айлчлал, 2001 оны сүүлээр ОХУ-ын Москва хот руу очиж байжээ. Үүнээс өмнө тэр эцэг Ким Ир Сенийг 1957, 1959 онуудад Зөвлөлт Холбоот Улс руу, 1965 онд Индонез руу, 1983 онд Хятад руу айлчлал хийхэд нь дагалдан явж байжээ. Тэр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд 3 хүүтэй гэж албан бус намтарт нь тэмдэглэсэн байдаг. Гэвч Хойд Солонгосын алыан ёсны эх сурвалжид түүний гэр бүлийн байдал, хувийн амьдралын талаар ганц ч үг байдаггүй юм.

Жон Кеннедигийн амь насанд халдсан шалтгаан юунд байв?







Өнгөрсөн 20-р зуунд болсон захиалгат аллагын дундаас хамгийн нууцлаг, хамгийн дуулиантай нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедигийн амь насын хороосон хэрэг юм. Кеннедиг алах ямар шалтгаан байв гэдэг асуултад яг таг хариулт одоо болтол алга байна. 1963 оны 11 сарын 22 өдөр АНУ-ын ерөнхийлөгч тэргүүн хатагтай нар задгай лимузин хөлөглөөд Даллас хотын төвөөр явж байсан юм. 1964 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэлээ хангахын тулд тэр Даллас хотод зочилжээ. Орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад мэргэн буудагч ерөнхийлөгчийн зүг гал нээжээ. Жон Кеннедигийн биед 2 сум зоогдсон байсны нэг нь яг толгойг нь оножээ. Ерөнхийлөгчийн амь насанд халдсаны дараа тэр даруй Парклендийн эмнэлэгт хүргэжээ. Харамсалтай нь Жон Кеннеди эмнэлэгт ч хүрч чадалгүй хорвоог орхижээ. Техас мужын амбан захирагч бас хүнд шархадсан бөгөөд түүний амь насыг эмч нар аварч чаджээ. 1936 оны 11 сарын 25-нд Жон Кеннедиг Арлингтоны Үндэсний оршуулгын газар нутаглуулжээ. 1963 оны 11 сарын 29-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон энэ хэргийг шалгах тусгай хороо байгуулжээ. Тус хороо нь Уоррены хороо гэдэг нэрээр олон нийтэд алдаршжээ. Энэ хорооны бүрэлдэхүүнд сенатын 6, конгрессын 6 гишүүн, Тагнуулын албаны шеф Ален Даллес, хожим ерөнхийлөгч болсон Жеральд Форд, түүнчлэн нөлөө бүхий 14 зөвлөгч, 20 өмгөөлөгч оржээ. Тус хорооны мэдэлд Холбооны мөрдөх товчооны 80 тагнуулч ажиллажээ. Тус хороо байгуулагдсанаасаа хойш яг 10 сарын дараа буюу 1964 оны 9 сарын 24 –нд ерөнхийлөгч Жонсонд 470 худас бүхий тайлангаа илгээжээ. Уг тайлан нь 26 боть бичиг баримт, гэрэл зураг зэрэг эд мөрийн баримтууд багтжээ. Жон Кеннедигийн амь насыг хороосон Ли Хари Освальд нь Беларуссийн нийслэл Минск хотод амьдарч байсан. Хэргийг ганцаараа үйлджээ гэж уг илтгэлд бичсэн байна. Жон Кеннедигийн амь насанд халдсан Освальд ч бас хэдхэн сарын дараа өөрөө захиалгат аллагын золиос болсон юм. Ли Хари Освальдыг цагдаагийн хэлтэсээс шорон руу авч явах үед сурвалжлагч нарын дундаас нэгэн шөнийн клубын эзэн Жек Руби гарч ирээд бууджээ. Освальдын үхлийг ч бас америкчууд телевизийн шууд нэвтрүүлгээр үзжээ.
Даллас хотод болсон эмгэнэлт хэргийн талаар маш олон хувилбар байдаг. Кеннедигийн амь насыг хорооход оросуудын гар оролцсон гэдэг хувилбар ч бий. Ингэж үзэх нэг шалтгаан нь Освальд Зөвлөлт Холбоот Улсын Беларуссийн өөртөө засах бүгд найрамдах орны нийслэл Минск хотод аж төрж байсанд оршиж байна.
Ер нь Кеннедигийн үхэл олон хүнд ашигтай байжээ гэдэг дүгнэлтийг албаны хүмүүс хийсэн байна.
Жон Кеннеди “Холбооны нөөц”-ийн мөнгөтэй холбоотой арга хэмжээ авч байжээ. Энэ нь хэсэг бүлэг хүмүүст огт таалагдаагүй юм байна.
2 дахь хувилбар ёсоор бол Жон Кеннеди зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай хэд хэдэн шийдвэр гаргаж байжээ. Бас Жон Кеннеди Вьетнамын асуудлыг хүч хэрэглэх шийдэхийн эсрэг байр суурьтай байсан юм. Жон Кеннедиг бас барсанаас хойш 3 өдрийн дараа Линдон Жонсон Кеннедигийн асуудлаар чухал шийлвэр гаргажээ. Вьетнамаас америкийн цэргийг гаргах тухай Кеннедигийг зарлигийг цуцалсан байна. Тэр 1964 онд ерөнхийлөгч болмогцоо Вьетнам дахь америк цэргүүдийн тоог огцом нэмжээ. Жон Кеннеди тагнуулын газрын дарга Аллен Даллес болон түүний хүрээний хүмүүсийг албан тушаалаас нь огцоруулж байжээ. Ийд энэ аллага тагнуулынхантай ч холбоотой байхыг үгүйсгэдэггүй байна. Хамгийн байж боломгүй гэмээр хувилбар ч бас бий. Тусгай албанд хүчин зүтгэж байсан Милтон Уильям Куперийн үзэж байгаагаар америкийн элитүүд харь гаригийнхантай холбоо тогтоосон тухай олж мэдээд, энэ тухай олон нийтэд зарлахаар завдаж байжээ.
Ерөнхийлөгчийг нэг хүн биш, хэд хэдэн хүн нэгэн зэрэг буудсан гэдэг таамаглал байдаг юм байна. Засгийн газар болон тусгай албаныхан үүнийг нуун дарагдуулсан гэж хэвлэлийнхэн бичдэг. Учир нь мэргэн буудагч хоромхон зуур хоёр удаа буудахдаа яг онож чадсан нь мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг татжээ. Уоррены хорооны илтгэлд Кеннедигийн зүг маш олон талаас нийт 6 удаа буудсан гэж бичсэн байдаг. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харвал америкчуудын 70 хувь нь Кеннеди хуйвалдааны золиос болсон гэж үздэг юм байна. Энэ аллагын нууц нь өнөөг хэр тайлагдаагүй. Яагаад гэвэл хэрэг үйлдсэн этгээд, хэргийн гэрчүүд, мөрдөн байцаалт явуулсан цагдаагийнхан бүгд цаг бусаар хорвоог орхисон юм.

Боинг 737-400 онгоцны тухай


Боинг 737 Иргэний агаарын тээвэрт ашигладаг хамгийн түгээмэл онгоц
Иргэний агаарын тээвэрт маш олон төрлийн онгоц үйлдвэрлэж байсан ч Боинг онгоцыг хамгийн найдвартайд тооцож нисэх компаниуд сонгодог байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр Боинг 737 загварын 4100 орчим агаарын хүлэг ашигладагдаж байгаа гэсэн статистик судалгаа байдаг. Энэ нь иргэний нисэхэд хэрэглэж байгаа нийт онгоцнуудын дөрөвний нэг хувийг эзэлдэг гэсэн үг. Боинг 737 онгоцыг дэлхийн 540 гаруй авиа компаниуд ашигладаг. Дэлхийн 190 орчитм орны 1200 гаруй хотод Боинг 737 нислэг үйлддэг. Боингийн хамгийн анхны загвар нь болох “BOING 737-100” 1968 онд бүтээгджээ. Үүнээс хойш Боинг 737-300, Боинг 737-400, Боинг 737-500 загварууд гарсан юм байна. 1998 оноос Next-Generation (Боинг 737-600, Боинг 737-700, Боинг 737-800 и Боинг 737-900ER) загварын онгоц үйлдвэрлэгдэж эхэлсэн гэнэ.
Боинг 737-400 онгоц нь ойрын болон дунд алслалын зайд нислэг үйлдэхэд зориулагджээ. Анхын Боинг 737-400 онгоцыг 1986 онд америкийн иргэний агаарын тээврийн “Пьемонт Эйрлайнз” компаний захиалгаар 55 ширхэгийг үйлдвэрлэж байжээ. Боинг 737-400 онгоцны далавчны урт нь 28,87 метр, нийт урт нь 36,4м, өндөр нь 11,13 метр, дээд хурд нь цагт 910 км, нэг удаа шатахуунаа цэнэглээд 5000 км замыг туулах чадвартай.
MEDENEWS 2007-03-16

Абрамовичын хүүхдүүд эцгээсээ ч баян


Их Британид амьдардаг Оросын бизнесмэн Чукоткийн амбан захирагч Роман Абрамович эхнэр Иринагаасаа салжээ. Хамгийн үнэтэй салалт гэж Их Британий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Тэд гэр бүлээ Орост цуцлуулсан гэж Роман Абрамовичийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Гэрлэлтээ цуцлуулах тухай зөвшилцөлд нь эдэ хөрөнгөө хэрхэн хуваах талаар ч дэлгэрэнгүй дурьдсан байна. Роман Абрамовичын эхнэр нь хөлбөмбөгийн “Челси” багийг өмчлөх санаархалгүй байгаа гэдэг нь одоогоор хэвлэлийнхэнд тодорхой болоод байгаа. Үүнээс өөр зүйл хэвлэлийнхэнд одоогоор ил тод биш байна. Их Британий хуульиар салсан эхнэр нөхөр эд хөрөнгөө яг эн тэнцүү хуваан авдаг. Гэтэл тэд ОХУ-д очиж гэрлэлтээ цуцлуулсан. Иймд хөрөнгө мөнгөө хэрхэн хуваасан нь олон хүний хувьд нууц үлджээ. Америкийн Форбс сэтгүүл Абрамовичыг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын 16-рт бичжээ. Албан ёсны бичиг баримтаар энэ жил 40 нас хүрсэн Абрамовичид юу ч байхгүй. Байшин, цамхаг, усан онгоц нь Их Британи, Францад бий. Хувьцаагаа тэр өөрийнхөө 5 хүүхдийн нэр дээр бичүүлжээ. Абрамовичын том ууган охин Анна нь 13, удаах хүү Аркадий нь 12 настай. Гуравдахь хүүхэд Соня нь 11 настай. 4 дэхь нь бас л охин. Нэрийг нь Арина гэдэг. Харин бага хүүг нь Илья гэдэг бөгөөд дөнгөж 3 ой хүрээд байгаа. Нэрээ хэлэхээс татгалзсан нэг эх сурвалж Абрамовичын ихэнхи эд хөрөнгө нь Кипрт бий гэж хэлжээ. Абрамович “траст” хэлбэрт эд хөрөнгөө шилжүүлсэн юм байна. Траст гэдэг нь тухайн эд хөрөнгө итгэмжлэгдсэн этгээдийн мэдэлд байдаг байхыг хэлдэг. Итгэмжлэгдсэн этгээд ашиг орлогоо бенефициар буюу эзэмшигчид шууд өгдөг гэнэ. Эд хөрөнгөө трастын хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд татвар авдаггүй юм байна. Роман Абрамовичын хүүхдүүд насанд хүрмэгцээ бенефициар болох юм байна. Бенефициаруудын нэрст Ирина, болон Абрамовичын нэр алга байна. Киприйн хууль дагуу итгэмжлэгдсэн этгээд, Киприйн засгийн газар, төв банк ч хөрөнгийн хэмжээг нийтэд зарлах эрхгүй юм байна. Баталгаатай эх сурвалжаасавсан мэдээгээр Абрамовичын нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Киприйн нэг иргэн байдаг гэнэ. Бас Лондон дахь офисынх нь туслагч Евгений Тененбаум Абрамовичын хүүхдүүдийн мөнгийг захирах үүрэг хүлээсэн юм байна. Тэр Абрамовичтай 1998 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Бас ОХУ-ын төрийн Думын гишүүн Ирина Панченко Абрамовичын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бас ажилладаг гэнэ. Ирина Панченко 1997 онд Абрамовичтой танилцаж байжээ. Роман Абрамович эхнэрээсээ салах гэж байгаа тухай анхны мэдээлэл 2006 оны 10 сард Их Британий хэвлэлээр гарч байсан юм. Эхнэр Ирина нь салах санаачлагаа анх гаргасан гэж хэвлэлийнхэн бичиж байлаа. Тухайн үед Абрамовичын хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээлэлийг няцааж, хүний хувийн амьдралд хөндлөнгөөс хошуу дүрэхгүй байхыг уриалж байлаа. Роман Абрамович 23 настай Дарья Жукова гэдэг орос бүсгүйтэй дотны харьцаатай гэдгийг олон хүн мэддэг. Гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байгаад дургүйцсэн Ирина салах өргөдөл гаргажээ. Роман Абрамовичын анхны эхнэр Ольга Лысова гэдэг эмэгтэй байсан юм. Тэр түүнтэй нэлээн хэдэн жил хамт амьдарсан юм. Абрамович Ольгад үнэн сэтгэлээсээ хайртай байсан юм. Абрамович бүр Ольгагийн охин Настяг үрчилжээ. Харамсалтай нь Ольга хүүхэд төрүүлэх боломжгүй байсан юм. Роман Абрамовичын эцэг эх нь маш эрт нас барсан юм байж. Өнөр өтгөн гэр бүл зохиох нь Абрамовичын мөрөөдөл байж. Ингээд тэд хоёр тийш болцгоов. Ольга Роман абрамович нар салахдаа хувааж аваад байх эд хөрөнгө гэх юмгүй байлаа. Тэр эхнэртээ нэр өөрөө байраа үлдээж өөрөө юу ч үгүй хоосон гуяа ганзаглаад явсан байна. Роман Абрамович анхны гэрлэлтийнхээ тухай дурсах тун дургүй байдаг. Ингээд Роман Абрамович Иринатай гэрлээд өнөр өтгөн, олон хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүлсэн юм. Роман Обрамовичын эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлүүд:
Вoeing 767 онгоц - 104 сая долларын үнэтэй
Бага оврын Боинг онгоц- 52 сая долларын үнэтэй.
Хоёр нисдэг тэрэг - нэг бүр нь 65 сая долларын үнэтэй.
Пуужин илрүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон Pelours загварын усан онгоц. Уг онгоц нисдэг тэрэг буулгаж, хөөргөх талбай, усан доогуур шумбагч хөлөгтэй. - 134 сая долларын үнэтэй.
Турк маягийн усан сан, бассейнтай Extasea загварын усан онгоц 134 сая долларын үнэтэй.
Хөлбөмбөгийн "Челси" баг - 261 сая долларын үнэтэй.
Францын "Де Ла Кро" хошуунд байдаг цайз. 30 сая долларын үнэтэй.
Лондон хотын Найтсбриж дүрэгт байдаг 6 давхар байшин – 51 сая доллар
Баруун Сассеск гүнлэгт байрладаг Файнинг-Хилл эдлэн газар. 440 акр газартай. – 33,6 сая долларын үнэтэй.
Лондон хотын Кенсингтон дүүрэгт 9000 метр талбайтай Пентхаус – 54 сая доллар.
Лондон хотын Белграви дүүрэгт 5 давхар асар – 20 сая доллар
Францын Сан Тропе дахь байшин 18 сая долларын үнэтэй.
Францын Каннд “Eden Rock” зочид буудал (260 өрөөтэй -1 тэрбум долларын үнэтэй. Москва хотын захад 15 сая долларын үнэтэй зуслангийн байр

2007-03-14

Уго Чавесыг намнах Бушын төлөвлөгөө

Латин Америк, тэр дундаа Мексик улстай тогтоосон харилцаа нь АНУ-ын хувьд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэж ноён Жорж Буш цагаан ордондоо Мексикийн төрийн тэргүүн Винсенте Фоксыг хүлээн авч уулзахдаа мэдэгджээ. Энэ өдөр бол 2001 оны 9 сарын 5 байсан юм. Үүнээс 4 хоногийн дараа Нью-Йорк хотод байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг Арабыналан хядагчидын халдлагын бай болж нурсан. Нью-Йорк хотод алан хядах ажиллагаа гарсаны дараа АНУ гол анхаарлаа Ойрхи Дорнод руу хандуулжээ. Афганистанд үүрлээд байгаа Аль-Каида бүлэглэлийг устгах, тус бүлэглэлийн тэргүүн Бен Ладеныг баривчлах, Оросуудын далд дэмжлэгтэй явагдаж байгаа Ираны цөмийн хөтөлбөрт хяналт тавих, хямдхан газрын тосны эх үүсвэртэй болох зорилгоор Саддам Хусейныг албан тушаалаас нь зайлуулах гээд ар араасаа хөвөрсөн олон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гээд Жорж Буш зав муутай байв. Энэ үед Өмнөд Америкийн орнуудтай харилцах асуудлаа хойш тавиад байсан юм. Гэтэл Латин Америкийн орнуудыг хараанаасаа гаргасан 6 жилийн хугацаанд тэнд олон зүйл өөрчлөгджээ. Коммунизмын үнэр ханхлах болсоныг Жорж Буш одоо л анзаарах сөхөөтэй болж байх шиг. Ингээд 2007 оныг Латин Америктай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох жил хэмээн зарлав. Бразил, Уругвай, Колумб, Гватемал, Мексик гээд 5 орноор Жорж Буш албан ёсны айлчлал хийж байна. 2007 оны 3 сарын 14 хүртэл Жорж Бушын Өмнөд Америкын орнуудад хийх айлчлал үргэлжилэх юм. Иж бүрэн түншийн харилцаа тогтоох гэж ирсэн ерөнхийлөгч Жорж Бушыг латин америкчууд халуун дотноор угтсангүй. Харин ч энэ нэг юм яах гэж ирж байгаа юм бэ гэлцэн хөөж туух нь холгүй байна. Америкийн төрийн тэргүүний айлчлал хийж байгаа улс орнуудад бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон тухай та телевиз, өдөр тутмын сонины “гадаад мэдээний” булангаас үзэж, харсан байх аа. Халтар царайт киногоор нь л анх монголчууд мэддэг болсон Венесуэль орны ерөнхийлөгч Уго Чавес америкийн эсрэг суртал ухуулгын ажлыг гол зохион байгуулагч нь. Түүнтэй эв санаа нэгтэй байгаагаа индиан гаралтай Боливийн ерөнхийлөгч, Гватемалийн улс төрчид илэрхийлээд байгаа.
АНУ засгийн газар өөрийн эдийн засгийн эрх ашигаа бодож өнгөрсөн 20-р зууны дунд үеэр Латин Америкийн 40 гаруй оронд цус асгаруулсан төрийн эргэлт зохион байгуулсан гэдгийг мартаж яасан ч болохгүй гэдэг үгийг тэд дэлхий даяар цуурайтуулж байна. АНУ Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй байхыг л хүсэж байна гэж жирийн латин америкчууд хэлж байгаа юм. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес АНУ-ын төрийн тэргүүнийг “амилсан чөтгөр” гэж нэрлэж байсан удаатай. Латин Америкийн орнуудын газрын тос, банк санхүү, ашигт малтмалын салбарт АНУ-ын хөрөнгө оруулалтыг шахан гаргахын тулд Уго Чавес тусгай төлөвлөгөө зохиогоод хэрэгжүүлээд эхэлчихсэн. Америкийн нөлөөнөөс Латин Америкийг хамгаалах гол бамбай болох үүргийг Венесуэль улс өөртөө хүлээжээ. Уго Чавес цаг үеэ сайн мэдэрдэг хүн бололтой. Эдийн засаг нь тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа Хятад улсад айлчилж бүх салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнээс гадна Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эх орондоо урьж хэд хэдэн гэрээ байгуулсан юм. Энэ нь АНУ-д тийм ч таатай байгаагүй нь ойлгомжтой. Уго Чавес америкийн эсрэг эвсэл байгуулах хөдөлгөөнийг тэргүүлж байна. Үүний хариуд Жорж Буш Уго Чавесыг намнах ямар төлөвлөгөө боловсруулж суугаа бол? АНУ, Латин Америкийн орнуудын харилцаа хурцатмал байгаа энэ үед тус бүс нутагт Хятад, Европын Холбоо, Орос, Иран гээд гуравдагч хүчнүүд байр сууриа бэхжүүлж байна.

РИА НОВОСТИ агентлагийн улс төрийн тоймч Владимир Симоновын нийтлэлийг товчлон хөрвүүлэв.
MEDENEWS 2007-03-13

АГИЙН БУРИАДЫГ ЗАЛГИСАН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ


Агийн Буриадыг өөртөө залгисан Оросын орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгуульд аль нам олон санал авсан бэ?
2006 оны 3 сарын 11 өдөр ОХУ-ын 14 бүс нутагт орон нутгийн сонгууль болж өнгөрсөн юм. ОХУ-ын сонгуулийн ерөнхий хорооны дарга Александр Вешняков өнгөрсөн амралтын өдөр болсон орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулсан байна. Санал хураалтад оролцсон нийт сонгогчидын 46 хувь нь Ерөнхийлөгч Владимир Путины талыг баримталдаг “Нэгдсэн Орос” намыг дэмжсэн байна. “Оросын Холбооны Улсын Коммунист нам”- 16, “Шудрага Орос”нам 11,7 хувийн санал авсан байна. Өмнөх сонгуульд ялагдал хүлээж байсан “Барууны хүч” нам олон санал авч чадаагүй ч энэ удаагийн сонгуулиар нийгэмд байр сууриа бэхжүүлж чадсан байна гэдгээ харууллаа гэж оросын улс төр судлаачид мэдэгдэж байна.

“Нэгдсэн Орос” нам лидер гэдгээ баталжээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос тараасан албан ёсны мэдээллээс харвал “Нэгдсэн Орос” нам 13 бүс нутагт олонхийн санал авч чаджээ. Орон нутгийн сонгууль болсон Омск мужын нийт сонгогчидийн 55 хувь, Орлов мужын 39, Самара мужын 33,8, Томс мужын 46,8, Тюмень мужын 65,6, Санкт-Петербург хотын 37,37 хувь нь “Нэгдсэн Орос” намд саналаа өгсөн байна. Дагестаны өөртөө засах оронд нийт санал хураалтад оролцсон иргэдийн 69 хувь нь тус намыг дэмжсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


“Шудрага Орос” нам Ставропольскийн хязгаарт рейтинг өндөртэй.
Шудрага Орос нам Ставрополтскийн хязгаарын сонгогчидын дийлэнхи олонхийн саналыг авчээ. Иймд энэ хязгаарын амбан захирагчаар Шудрага Орос намын тэргүүн Сергей Миронов томилогдох нь ойлгомужтой болоод байна. Сергей Миронов нь Монгол Улс дахь ОХУ-ын элчин Сайдын Яаманд 10 гаран жил ажилласан хүн гэдгийг та дуулж байсан биз ээ.
Коммунистууд байр суууриа бат хадгалж байна.
Одоогоос 4 жилийн өмнө болж байсан сонгуулийн дүнтэй харьцуулах юм бол энэ удаа ОХУ-ын Коммунист намын нэр хүнд 12,2 хувиар өссөн байна. Орон нутгийн сонгууль болсон бүс нутгуудаас 7 мужид нь тус нам сонгуульд авсан дэмжлэгээрээ 2-р байранд, үлдсэн 7 ммужид нь 3-р байранд оржээ. Оросын коммунистууд 90-ээд оноос хойш тасралтгүй ялагдал хүлээж цөөнх болж байсан. Харин одоо шархаа нөхөж эхэллээ гэж улёс төрийн сэтгүүлчид онцлон тэмдэглэж байгаа юм. Шудрага Орос нам, Коммунист намтай эвсэл байгуулж орон нутгийн хууль тогтоох байгуулагад ажиллах боломжтой гэж ноён Сергей Миронов мэдэгдэж байсан юм. Гэвч Коммунист намын тэргүүн Генадий Зюганов аль намтай эсвэл байгуулахгүй гэж хэлжээ. Зүүний чиг баримжаатай намын эрч хүчийг Мироновын талынхан ашиглах зорилгоор ийм санал тавьж байгаа юм гэж Генадий Зюганов өнгөрсөн даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. 2007 оны 12-р сард болох Орсын Төрийн ДУМ-ын сонгуулийн үеэр Шудрага Орос, Коммунист намын хооронд зүүний үзэл баримтлалтай хүмүүсийн саналыг хувааж авах ширүүн “тэмцэл” болно гэж туршлагатай улс төрч Сергей Марков айлджээ. Энэ эрхэмийн айлдсан төлөг биелэх эсэхийг ирэх 12-р сард хамтдаа харцгаая.
Жириновский ухралт хийв.
Этгээд сонин мэдэгдэл үе үе хийдэг Жириновкийн Либерал Ардчилсан нам энэ удаагийн Оросын орон нутгийн сонгуульд амжилт муутай оролцожээ. Либерал Ардчилсан нам нийт сонгогчидын 7 хувийн саналыг арай ядан авсан байна.
БУРИАД гэдэг нэр үүрд арчигдах уу?
За энэ Оросын орон нутгийн сонгуулийн дүн Монголчуудад ямар хүртээл байх вэ гэж та бодож болох юм. Гэтэл тийм биш юм. Монгол туургатан Буриад зон ОХУ-ын бүрэлдэхүүнд өөртөө засах мужын статустай багтдаг. Засаг захиргааны нэгжийн хувьд Буриадуудыг “орос ах нар” 3 хэсэг болгон хүчээр хуваажээ. Монголтой хил залгаж оршдог Оросын Чита мужыг Агийн буриадын өөртөө засах оронтой нэгтэх эсэх санал хураалт энэ удаагийн Оросын орон нутгийн сонгуулийн үеэр явагдсан юм. Ингэснээр Агийн Буриадын өөртөө засах орон, Чита муж нэгдэж 2010 оноос эхлэн Ар Байгалийн хязгаар нэртэй засаг захиргааны шинэ нэгж болох юм. Үүнээс өмнө Улаан-Үд нийслэлтай Буриадын бүгд найрамдах өөртөө засах орныг Иркутск мужтай нэгтгэх шийдвэрийг Оросын эрх баригчид гаргасан юм. Ийнхүү Орос орны газрын зураг дээрээс БУРИАД гэдэг нэр үүр арчигдах болж байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Оросуудын бэлэг энэ байжээ.

Материал подготовлен интернет-редакцией на основе информации Агентства РИА Новости и других источников
Энэ нийтлэлийг ОХУ-ын РИА НОВОСТИ агентлагийн интернэт редакци болон бусад эх сурвалжуудын гаргасан мэдээлэлд тулгуурлан бичив.
MEDENEWS 2007-03-13

2007-03-12

АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?


Интернэтээс Европын орнуудад ажилгүйдлийн түвшин ямар байгаа тухай мэдээлэл олж уншаад Монголд энэ асуудал хэр хэр байгаа бол гэж бодож үзлээ. Манай улсад хичнээн хүн ажилгүйчүүдийн эгнээнд харъяалагдаж байгаа бол гэж сонирхов. Гэтэл албан ёсны тоо баримт олдсонгүй. Сүүлдээ ч албан ёсны тоо баримтаар би яах ч юм билээ гэж бодов. Тэртээ өнгөрсөн зууны 60-аад оны дундуур Статистикийн ерөнхий газар, Жин хэмжүүрийн алба нэг байшинд хөршүүд болон нүүж орох үед эрдэмтэн Б.Ренчин гуай худалч, хулгайч хоёр нэг дор орчихлоо доо гэж ёжилж байжээ. Бас дэлхийн улс төрийн томоохон зүтгэлтэн “Нэг хүн нас барвал гашуудал, харин зуун хүн үхвэл статистик тоо” гэж хэлж байсан нь санаанд зурвасхийж орлоо. Ингээд хичнээн хүн монголд ажилгүй байна вэ гэдэг асуултын хариуг олох гэж зүтгэхээ болив. Одоо ад үзэгдээд байгаа “Социалист нийгэмд” Монгол оронд маань тоотой хэдэн их дээд сургууль байсан. Харин одоо тоо томшгүй олон их дээд сургууль ажиллаж байгаа. Их дээд сургуулийн тоогоо хүн амынхаа тоонд хуваах юм бол Монгол улс дэлхийд 1-р байранд орох нь гарцаагүй. Хамгийн гол нь хэр чанартай боловсрол олгож байгаа бол гэдэг нь эргэлзээтэй. Дээд боловсролын үнэмлэх өвөртөлсөн залуус “оюунлаг” байж чадаж байна уу? Ямар ч их дээд сургуулийн чансааг тогтоодог хамгийн шудрага шалгуур бол тухайн сургуулийг төгсөгчидийн хэдэн хувь ажил эрхэлж байгаагаар хэмжигддэг юм. Энэ бол нэгэнт тогтсон дэлхий нийтийн жишиг. Гадаадын их дээд сургуулиуд өөрийнхөө танилцуулгандаа тус сургуулийг төгсөгчидийн хэдэн хувь нь ажил эрхэлж байгааг заавал дурьдсан байдаг гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Жил бүрийн хавар “Хонхны баяр” нэртэй архидалт сургуульд болгонд болдог. “Хонхы баяр” хэмээх сайхан нэртэй боловч үнэн чанартаа лонхны баярын дараа монголын олон мянган залуус ажилгүйчүүдийн эгнээнд ордог байна. Ажил олгогч шинэ залуу боловсон хүчинд ямар шаардлага тавьдаг болохыг одоо сонирхоод үзье. Ямар үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулага, компаниуд дараах үндсэн нөхцөлийг ажилд орохоор ирсэн хүнд тавьдаг. Үүнд: 1-рт гадаад хэлний мэдлэг. 2-рт Компьютерийн өргөн хэрэглээний багц программ дээр ажиллах чадвартай байх, 3-рт эзэмшсэн мэргэжлээрээ бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, 4-рт харилцааны соёл, 5-рт багаар ажиллах чадвар, 6-рт богино хугацаанд шуурхай бүтээмжтэй ажилладаг байх. Энэ бол үндсэн шаардлагууд. Ажил мэргэжлийнхээ онцлогоос болоод өөр шаардлагууд ч байх магадлалтай гэдгийг та санаарай.
Өдөр тутмын сонин дээр гарсан ажилд авна гэсэн зарлалыг хальт гүйлгээд харахад ихэнхи аж ахуйн нэгжүүд 25-30 хүртэлх насны хүмүүсийг ажилд авна гэсэн байх юм. 25-аас доош насны, эсвэл 30-аас дээш насны хүмүүст өнөөдөр монголд ажилд ороход тийм ч амаргүй байх нь ээ. Гэхдээ мэргэжилдээ эзэн болж чаддаг, өөрийнхөө ур чадварыг таниулсан хэдэн ч насны хүнд ажил түвэггүй олдох нь ойлгомжтой. Монголд зөндөө олон их дээд сургууль байгаа ч сайн боловсон хүчин үнэхээр дутагдалтай байна. Ажилдаа эзэн болж шудрагаар ажиллах хүн ховор байна ш дээ гэдэг үг томоохон компаний хариуцлагатай албан тушаалтаны амнаас гарсан юм. Мэргэжил олгох сургуульд заалгаад арван хуруу шигээ мэддэг болчихсон байх ёстой наад захын зүйлийг шинээр ажилд орсон хүмүүс мэдэхгүй байх юм. Их дээд сургуульд эзэмшсэн байх ёстой мэдлэгийг бид шинэ ажилтандаа заах хэрэг гардаг гэж тэр шогширч байлаа. Эндээс өнөөдрийн Монголын их дээд сургуулиуд ямархуу боловсрол оюутанд өгч байгаа нь “ханхалж” байгаа биз. Монголдоо дээд боловсрол эзэмшсэн хүн бүрийг тааруухан мэдлэгтэй гэж хэлмэгдүүлж болохгүй л дээ. Эх орондоо дээд боловсрол эзэмшсэн ч хилийн чанад “тоогдож” овоо л монгол юм гэж үнэлэгдэж байгаа хуруу дарам хэдэн хүнийг би мэдэх юм байна.Гадаадад боловсрол эзэмшсэн монгол залуус олон байгаа. Тэдний ихэнхи нь тэндээ шингэчих гээд байдаг. Монголдоо ирээд мэргэжилээрээ ажиллах гэхээр авдаг цалин нь чамлалттай санагдаад байгаа нь нууц биш. Өртөг өндөртэй газар амьдардаг хүмүүсийн хувьд монголд авдаг сарын цалин нь ойр зуурын хэрэглээндээ зарцуулдаг л мөнгө нь. Тийм болохоор төрсөн нутаг, гэр орноо санаж бэтгэрч, хүний газар хөдөлмөр эрхэлж байгаа нь хэнд ч илэрхий.
Дээд боловсролтой их сургуулийн ширээнээс өндийгөөд удаагүй байгаа хүмүүсийн хувьд байдал нэг иймэрхүү. За тэгээд амьдралын гачигдалаар их сургуульд орж чадаагүй хэсэг нөхдүүдийн хувьд бол оюуны хөдөлмөр эрхлэх шанс бараг байхгүй. Монголд ийм хүмүүсийн ихэнхи нь “хөдөлмөрийн биржид” бүртгүүлдэг байна. Өнгөрсөн 2-р сард би ажлын шугамаар гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын албан тушаалтантай уулзаж байсан юм. Хөдөлмөрийн биржид ямар боловсролтой, хэдий хэрийн насны хүмүүс бүртгүүлдэг вэ? Бүртгүүлсэн хүн бүхэн ажилд орж чадаж байна уу? Ажил олгогчид ямар мэргэжлийн хүнийг илүү сонирхож байна вэ гээд би асуулаа.
Хөдөлмөрийн биржид дээд боловсролгүй, 18-45 насны хүмүүс ихэвчилэн ханддаг байна. Хөдөлмөрийн биржийнхэн ажил эрж байгаа иргэдэд ажлын байрны захиалгаа танилцуулдаг. Тогооч, жолооч, сантехникч, барилга, оёдолын үйлдвэр гээд голдуу л “хар бор” ажлын байр байдаг гэнэ. Гуймтгай мөртлөө голомтгой гэдгийн үлгэрээр хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн иргэд санал болгосон бэлэн ажлын байрыг голж шилнэ. Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд орсон зарим нэг нь сар ч болохгүй эргэж ирээд цалин ихтэй өөр ажил олоод өг гээд эргээд ирдэг байна.
Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар олж мэдсэн бүхнээ тантай хуваалцахад ийм байна. Эцэст нь шинээр ажилд орох гэж байгаа хүмүүст бяцхан зөвлөгөө өөрийн зүгээс өгье гэж бодлоо.
1.Ер нь шинээр ажилд орохоор аль ч албан газар ирэхэд “туршилтын хугацаа” гээч шалгуурыг даван туулна. Энэ хугацаанд ажил олгогч таныг тал цалингаар ажиллуулж магадгүй юм. Туршилтын хугацаа дууссаны дараа ажил олгогч таныг жинхэнэ ажилтанаа болгох эсэхээ шийднэ.
2. Аль ч албан газар ажилд орохоор зуны саруудад очиж уулзах нь илүү тохиромжтой байдаг гэнэ. Учир нь зуны улиралд үйлдвэр албан газруудын үндсэн ажилчид нь ээлжийн амралтаа авдаг. Энэ үед боловсон хүчний хэрэгцээ шаардлага гардаг. Яг энэ эгзэгтэй агшинд л гүйж очоод ажиллаад үзээрэй. Зуны 3 сард хэн болохоо таниулж, ур чадвараа гайхуулж чадах юм бол намар тухайн албан газрынхаа жинхэнэ ажилтан нь болчих бүрэн боломжтой.
3. Туршилтын хугацаа дууслаа. Таныг дарга нар нь “тоож” ажилд авахаар бол хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин мөнгөө нухацтай тохироорой. Үндсэн цалин хэд байхаас эхлээд илүү цагийн хөлс ямар байхыг лавлаарай. Зарим мэргэжлийн онцлогоос болоод баярын үеэр ч ажиллуулах тохиолдол гардаг. Хөдөлмөрийн хуулийн дагуу бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд ажиллах юм бол цалин хөлсийг ч ахиухан тооцдог юм.
4. За тэгээд та хэдэн настай, ямар ч боловсрол, мэргэжилтэй байхаас үл шалтгаалж эрхэлсэн ажилдаа л эзэн нь болж чадаж байвал цалин өндөр авах магадлал тэр хэрээр өснө.
5. Үнэхээр хичээнгүйлэн ажилаж байна гэдгээ дарга, даамалдаа харуулаарай. Дарга нарынхаа нүдэнд хэн нэгэнтэй шалдир булидар юм ярьж хөөрж байгаагаар харагдвал жаахан тоогүй. Офисын ажилчид интернэтэд холбогдсон компьютерийн ард суугаад мессенжердээд суучихдаг юм билээ. Үүнийг дарга мэдвэл таныг магтахгүй нь ойлгомжтой.
За тэгээд амжилт хүсье.
MEDE NEWS 2006-03-12

Ажил хийвэл ам тосдоно.


Сүүлийн үеийн судалгаанаас харвал зүүн Европын орнуудаас Литва, Эстони улсад ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа юм байна. Эдгээр орны таван иргэн тутмын нэг нь амжиргааны доод түвшингээс ч доогуур орлоготой амь зууж байна. Харин Чех, Швед улсад ядуурал бага байгаа юм байна. Сая нэр дурьдагсан орнуудын хүн амын 9 хүрэхгүй хувь нь нэн ядуу нөхцөлд аж төрж байгаа юм. Ер ньЕвропын орнуудын ядуу иргэд өөрсдийн амжиргааны түвшинг сайжруулахын тулд хурууны үзүүрээ ч хөдөлгөдөггүй бололтой. Тэд амжиргаагаа дээшлүүлэх гэж хичээл зүтгэл гаргадаггүй байна. Сүүлийн 10 жилд Европ тивд “сайн дурын ажилгүйдэл” гээч юм цэцэглэн хөгжиж байна. Тарчигхан амьдралтай Европчууд засгийн газраасаа олгодог нийгмийн халамжын мөнгөнд найдаж, ажил хөдөлмөр эрхлэх тухай бодохыг ч хүсдэггүй ажээ. Нэн ядуу иргэдийн 20 хувь нь идэвхитэй ажил хайж байгаа дүр эсгэдэг гэж энэ судалгааг хийсэн Европын Холбооны мэргэжилтэн сэтгүүлчид ярьсан байна. Одоо Европ даяар хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 10 хувь нь ажил хөдөлмөр хийхгүй, зөвхөн засгийн газраас өгдөг халамжын мөнгөөр гол зогоодог байна. Нийгмийн халамжын сангаас мөнгө горьдож суугаа иргэдийн тоогоороо Бельги, Польш улс тэргүүлж байна. Харин Кипр, Люксембургчууд нийгмийн халамжаас татгалзаж гар хумхилгүй хөдөлмөр эрхэлдэг, “ажилсаг” хүмүүс юм байна. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үгийг тэд яс махандаа шингэтэл ойлгосон бололтой.
MEDE NEWS 2007-3-12