2007-03-17

Нууц намтар


БНАСАУ-ын лидер Ким Чен Ир 1942 оны 2 сарын 16-нд Пэктусан гэдэг партизаны хуаранд төрсөн гэж албан ёсны намтарт нь бичсэн байдаг. Харин албан бус намтараар бол тэр ОХУ-ын Хабаровск хотоос 70 км алсад байрлах Вятский гэдэг гацаанд төрсөн гэлцдэг. Эцэг Ким Ир Сен нь хүүдээ Юра гэдэг орос нэр хайрлажээ. Ким Чен Ир /Юрагийн/ бага нас Вятский гацаанд өнгөрчээ. Тухайн үед Ким Ир Сен Зөвлөлтийн Армийн 88-р бригадийн командлагч байжээ. 1945 оны 11 сард Ким Чен Ир гэр бүлийнхээ хамт Хойд Солонгосын Пхеньян хотод шилжин ирсэн байна. 1950-1953 оны солонгосын дайны үед эцэг эхийнхээ хамт Хятад рү дүрвэжээ. Дайн дууссаны дараа эх орондоо эргэн ирсэн байна. 1960-1964 оны 4 сар хүртэл Ким Ир Сены нэрэмжит Пхеньяний Их Сургуульд суржээ. Их сургуулиа дүүргээд эцгийнхээ аюулгүй байдлын албаны дарга болсон байна. 1961 онд БНАСАУ-ын хөдөлмөрийн намын гишүүн болж 1964 оноос намынхаа Төв Хорооны гишүүн болжээ. 1973 онд Хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1974 онд Ким Ир Сены албан ёсны залгамжлагч гэж зарлагдсан байна. 1980 онд болсон Хөдөлсөрийн намын 6-р хурлаар Төв Хорооны нарийн бичгийн дарга, намын цэргийн хорооны гишүүнээр сонгогджээ. 198/2 оноос БНАСАУ-ын Ардын Их Хурлын депутат болжээ. 1991 оны 12 сарын 24-нд Солонгосын ардын армийн ерөнхий командлагч болсон байна. 1992 оны 4 сарын 20-нд Ким Чен Ир маршал цол авчээ. 1993 оны 4 сараас БНАСАУ-ын батлан хамгаалах төрийн хорооны даргын албан тушаалд томилогджээ. 1997 онд Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. 1998 онд дахин БНАСАУ-ын батлан хамгаалах төрийн хорооны даргын суудалдаа эргэн иржээ. Ингэхдээ улс орны эдийнэ засаг, улс төр, нийгмийн халамж гээд бүх асуудлыг хариуцах болсон байна. Нэг үгээр хэлбэл эрх мэдэл нь нэмэгджээ. БНАСАУ-ын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус улсад ерөнхийлөгчийн албан тушаал гэж байдаггүй юм. Ким Чен Ир БНАСАУ-ын хоёр удаагийн баатар. Эх орныхоо болон гадаадын орнуудын 120 гаруй одон медальтай. Бас “Чучхе” онолын талаар онол арга зүйн олон бүтээл бичжээ. БНАСАУ-ын төрийн тэргүүний хувиар тэр ердөө 3 удаа хилийн чанадад зорчиж байжээ. 2000 оны 5 сард БНХАУ руу нууцаар 4 өдрийн айлчлал, 2001 оны 1 сард Хятад руу албан ёсоор 6 өдрийн айлчлал, 2001 оны сүүлээр ОХУ-ын Москва хот руу очиж байжээ. Үүнээс өмнө тэр эцэг Ким Ир Сенийг 1957, 1959 онуудад Зөвлөлт Холбоот Улс руу, 1965 онд Индонез руу, 1983 онд Хятад руу айлчлал хийхэд нь дагалдан явж байжээ. Тэр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд 3 хүүтэй гэж албан бус намтарт нь тэмдэглэсэн байдаг. Гэвч Хойд Солонгосын алыан ёсны эх сурвалжид түүний гэр бүлийн байдал, хувийн амьдралын талаар ганц ч үг байдаггүй юм.

No comments: