2007-03-14

Уго Чавесыг намнах Бушын төлөвлөгөө

Латин Америк, тэр дундаа Мексик улстай тогтоосон харилцаа нь АНУ-ын хувьд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэж ноён Жорж Буш цагаан ордондоо Мексикийн төрийн тэргүүн Винсенте Фоксыг хүлээн авч уулзахдаа мэдэгджээ. Энэ өдөр бол 2001 оны 9 сарын 5 байсан юм. Үүнээс 4 хоногийн дараа Нью-Йорк хотод байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг Арабыналан хядагчидын халдлагын бай болж нурсан. Нью-Йорк хотод алан хядах ажиллагаа гарсаны дараа АНУ гол анхаарлаа Ойрхи Дорнод руу хандуулжээ. Афганистанд үүрлээд байгаа Аль-Каида бүлэглэлийг устгах, тус бүлэглэлийн тэргүүн Бен Ладеныг баривчлах, Оросуудын далд дэмжлэгтэй явагдаж байгаа Ираны цөмийн хөтөлбөрт хяналт тавих, хямдхан газрын тосны эх үүсвэртэй болох зорилгоор Саддам Хусейныг албан тушаалаас нь зайлуулах гээд ар араасаа хөвөрсөн олон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гээд Жорж Буш зав муутай байв. Энэ үед Өмнөд Америкийн орнуудтай харилцах асуудлаа хойш тавиад байсан юм. Гэтэл Латин Америкийн орнуудыг хараанаасаа гаргасан 6 жилийн хугацаанд тэнд олон зүйл өөрчлөгджээ. Коммунизмын үнэр ханхлах болсоныг Жорж Буш одоо л анзаарах сөхөөтэй болж байх шиг. Ингээд 2007 оныг Латин Америктай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох жил хэмээн зарлав. Бразил, Уругвай, Колумб, Гватемал, Мексик гээд 5 орноор Жорж Буш албан ёсны айлчлал хийж байна. 2007 оны 3 сарын 14 хүртэл Жорж Бушын Өмнөд Америкын орнуудад хийх айлчлал үргэлжилэх юм. Иж бүрэн түншийн харилцаа тогтоох гэж ирсэн ерөнхийлөгч Жорж Бушыг латин америкчууд халуун дотноор угтсангүй. Харин ч энэ нэг юм яах гэж ирж байгаа юм бэ гэлцэн хөөж туух нь холгүй байна. Америкийн төрийн тэргүүний айлчлал хийж байгаа улс орнуудад бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон тухай та телевиз, өдөр тутмын сонины “гадаад мэдээний” булангаас үзэж, харсан байх аа. Халтар царайт киногоор нь л анх монголчууд мэддэг болсон Венесуэль орны ерөнхийлөгч Уго Чавес америкийн эсрэг суртал ухуулгын ажлыг гол зохион байгуулагч нь. Түүнтэй эв санаа нэгтэй байгаагаа индиан гаралтай Боливийн ерөнхийлөгч, Гватемалийн улс төрчид илэрхийлээд байгаа.
АНУ засгийн газар өөрийн эдийн засгийн эрх ашигаа бодож өнгөрсөн 20-р зууны дунд үеэр Латин Америкийн 40 гаруй оронд цус асгаруулсан төрийн эргэлт зохион байгуулсан гэдгийг мартаж яасан ч болохгүй гэдэг үгийг тэд дэлхий даяар цуурайтуулж байна. АНУ Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй байхыг л хүсэж байна гэж жирийн латин америкчууд хэлж байгаа юм. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес АНУ-ын төрийн тэргүүнийг “амилсан чөтгөр” гэж нэрлэж байсан удаатай. Латин Америкийн орнуудын газрын тос, банк санхүү, ашигт малтмалын салбарт АНУ-ын хөрөнгө оруулалтыг шахан гаргахын тулд Уго Чавес тусгай төлөвлөгөө зохиогоод хэрэгжүүлээд эхэлчихсэн. Америкийн нөлөөнөөс Латин Америкийг хамгаалах гол бамбай болох үүргийг Венесуэль улс өөртөө хүлээжээ. Уго Чавес цаг үеэ сайн мэдэрдэг хүн бололтой. Эдийн засаг нь тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа Хятад улсад айлчилж бүх салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнээс гадна Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эх орондоо урьж хэд хэдэн гэрээ байгуулсан юм. Энэ нь АНУ-д тийм ч таатай байгаагүй нь ойлгомжтой. Уго Чавес америкийн эсрэг эвсэл байгуулах хөдөлгөөнийг тэргүүлж байна. Үүний хариуд Жорж Буш Уго Чавесыг намнах ямар төлөвлөгөө боловсруулж суугаа бол? АНУ, Латин Америкийн орнуудын харилцаа хурцатмал байгаа энэ үед тус бүс нутагт Хятад, Европын Холбоо, Орос, Иран гээд гуравдагч хүчнүүд байр сууриа бэхжүүлж байна.

РИА НОВОСТИ агентлагийн улс төрийн тоймч Владимир Симоновын нийтлэлийг товчлон хөрвүүлэв.
MEDENEWS 2007-03-13

No comments: