2007-03-12

АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?


Интернэтээс Европын орнуудад ажилгүйдлийн түвшин ямар байгаа тухай мэдээлэл олж уншаад Монголд энэ асуудал хэр хэр байгаа бол гэж бодож үзлээ. Манай улсад хичнээн хүн ажилгүйчүүдийн эгнээнд харъяалагдаж байгаа бол гэж сонирхов. Гэтэл албан ёсны тоо баримт олдсонгүй. Сүүлдээ ч албан ёсны тоо баримтаар би яах ч юм билээ гэж бодов. Тэртээ өнгөрсөн зууны 60-аад оны дундуур Статистикийн ерөнхий газар, Жин хэмжүүрийн алба нэг байшинд хөршүүд болон нүүж орох үед эрдэмтэн Б.Ренчин гуай худалч, хулгайч хоёр нэг дор орчихлоо доо гэж ёжилж байжээ. Бас дэлхийн улс төрийн томоохон зүтгэлтэн “Нэг хүн нас барвал гашуудал, харин зуун хүн үхвэл статистик тоо” гэж хэлж байсан нь санаанд зурвасхийж орлоо. Ингээд хичнээн хүн монголд ажилгүй байна вэ гэдэг асуултын хариуг олох гэж зүтгэхээ болив. Одоо ад үзэгдээд байгаа “Социалист нийгэмд” Монгол оронд маань тоотой хэдэн их дээд сургууль байсан. Харин одоо тоо томшгүй олон их дээд сургууль ажиллаж байгаа. Их дээд сургуулийн тоогоо хүн амынхаа тоонд хуваах юм бол Монгол улс дэлхийд 1-р байранд орох нь гарцаагүй. Хамгийн гол нь хэр чанартай боловсрол олгож байгаа бол гэдэг нь эргэлзээтэй. Дээд боловсролын үнэмлэх өвөртөлсөн залуус “оюунлаг” байж чадаж байна уу? Ямар ч их дээд сургуулийн чансааг тогтоодог хамгийн шудрага шалгуур бол тухайн сургуулийг төгсөгчидийн хэдэн хувь ажил эрхэлж байгаагаар хэмжигддэг юм. Энэ бол нэгэнт тогтсон дэлхий нийтийн жишиг. Гадаадын их дээд сургуулиуд өөрийнхөө танилцуулгандаа тус сургуулийг төгсөгчидийн хэдэн хувь нь ажил эрхэлж байгааг заавал дурьдсан байдаг гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Жил бүрийн хавар “Хонхны баяр” нэртэй архидалт сургуульд болгонд болдог. “Хонхы баяр” хэмээх сайхан нэртэй боловч үнэн чанартаа лонхны баярын дараа монголын олон мянган залуус ажилгүйчүүдийн эгнээнд ордог байна. Ажил олгогч шинэ залуу боловсон хүчинд ямар шаардлага тавьдаг болохыг одоо сонирхоод үзье. Ямар үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулага, компаниуд дараах үндсэн нөхцөлийг ажилд орохоор ирсэн хүнд тавьдаг. Үүнд: 1-рт гадаад хэлний мэдлэг. 2-рт Компьютерийн өргөн хэрэглээний багц программ дээр ажиллах чадвартай байх, 3-рт эзэмшсэн мэргэжлээрээ бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, 4-рт харилцааны соёл, 5-рт багаар ажиллах чадвар, 6-рт богино хугацаанд шуурхай бүтээмжтэй ажилладаг байх. Энэ бол үндсэн шаардлагууд. Ажил мэргэжлийнхээ онцлогоос болоод өөр шаардлагууд ч байх магадлалтай гэдгийг та санаарай.
Өдөр тутмын сонин дээр гарсан ажилд авна гэсэн зарлалыг хальт гүйлгээд харахад ихэнхи аж ахуйн нэгжүүд 25-30 хүртэлх насны хүмүүсийг ажилд авна гэсэн байх юм. 25-аас доош насны, эсвэл 30-аас дээш насны хүмүүст өнөөдөр монголд ажилд ороход тийм ч амаргүй байх нь ээ. Гэхдээ мэргэжилдээ эзэн болж чаддаг, өөрийнхөө ур чадварыг таниулсан хэдэн ч насны хүнд ажил түвэггүй олдох нь ойлгомжтой. Монголд зөндөө олон их дээд сургууль байгаа ч сайн боловсон хүчин үнэхээр дутагдалтай байна. Ажилдаа эзэн болж шудрагаар ажиллах хүн ховор байна ш дээ гэдэг үг томоохон компаний хариуцлагатай албан тушаалтаны амнаас гарсан юм. Мэргэжил олгох сургуульд заалгаад арван хуруу шигээ мэддэг болчихсон байх ёстой наад захын зүйлийг шинээр ажилд орсон хүмүүс мэдэхгүй байх юм. Их дээд сургуульд эзэмшсэн байх ёстой мэдлэгийг бид шинэ ажилтандаа заах хэрэг гардаг гэж тэр шогширч байлаа. Эндээс өнөөдрийн Монголын их дээд сургуулиуд ямархуу боловсрол оюутанд өгч байгаа нь “ханхалж” байгаа биз. Монголдоо дээд боловсрол эзэмшсэн хүн бүрийг тааруухан мэдлэгтэй гэж хэлмэгдүүлж болохгүй л дээ. Эх орондоо дээд боловсрол эзэмшсэн ч хилийн чанад “тоогдож” овоо л монгол юм гэж үнэлэгдэж байгаа хуруу дарам хэдэн хүнийг би мэдэх юм байна.Гадаадад боловсрол эзэмшсэн монгол залуус олон байгаа. Тэдний ихэнхи нь тэндээ шингэчих гээд байдаг. Монголдоо ирээд мэргэжилээрээ ажиллах гэхээр авдаг цалин нь чамлалттай санагдаад байгаа нь нууц биш. Өртөг өндөртэй газар амьдардаг хүмүүсийн хувьд монголд авдаг сарын цалин нь ойр зуурын хэрэглээндээ зарцуулдаг л мөнгө нь. Тийм болохоор төрсөн нутаг, гэр орноо санаж бэтгэрч, хүний газар хөдөлмөр эрхэлж байгаа нь хэнд ч илэрхий.
Дээд боловсролтой их сургуулийн ширээнээс өндийгөөд удаагүй байгаа хүмүүсийн хувьд байдал нэг иймэрхүү. За тэгээд амьдралын гачигдалаар их сургуульд орж чадаагүй хэсэг нөхдүүдийн хувьд бол оюуны хөдөлмөр эрхлэх шанс бараг байхгүй. Монголд ийм хүмүүсийн ихэнхи нь “хөдөлмөрийн биржид” бүртгүүлдэг байна. Өнгөрсөн 2-р сард би ажлын шугамаар гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын албан тушаалтантай уулзаж байсан юм. Хөдөлмөрийн биржид ямар боловсролтой, хэдий хэрийн насны хүмүүс бүртгүүлдэг вэ? Бүртгүүлсэн хүн бүхэн ажилд орж чадаж байна уу? Ажил олгогчид ямар мэргэжлийн хүнийг илүү сонирхож байна вэ гээд би асуулаа.
Хөдөлмөрийн биржид дээд боловсролгүй, 18-45 насны хүмүүс ихэвчилэн ханддаг байна. Хөдөлмөрийн биржийнхэн ажил эрж байгаа иргэдэд ажлын байрны захиалгаа танилцуулдаг. Тогооч, жолооч, сантехникч, барилга, оёдолын үйлдвэр гээд голдуу л “хар бор” ажлын байр байдаг гэнэ. Гуймтгай мөртлөө голомтгой гэдгийн үлгэрээр хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн иргэд санал болгосон бэлэн ажлын байрыг голж шилнэ. Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд орсон зарим нэг нь сар ч болохгүй эргэж ирээд цалин ихтэй өөр ажил олоод өг гээд эргээд ирдэг байна.
Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар олж мэдсэн бүхнээ тантай хуваалцахад ийм байна. Эцэст нь шинээр ажилд орох гэж байгаа хүмүүст бяцхан зөвлөгөө өөрийн зүгээс өгье гэж бодлоо.
1.Ер нь шинээр ажилд орохоор аль ч албан газар ирэхэд “туршилтын хугацаа” гээч шалгуурыг даван туулна. Энэ хугацаанд ажил олгогч таныг тал цалингаар ажиллуулж магадгүй юм. Туршилтын хугацаа дууссаны дараа ажил олгогч таныг жинхэнэ ажилтанаа болгох эсэхээ шийднэ.
2. Аль ч албан газар ажилд орохоор зуны саруудад очиж уулзах нь илүү тохиромжтой байдаг гэнэ. Учир нь зуны улиралд үйлдвэр албан газруудын үндсэн ажилчид нь ээлжийн амралтаа авдаг. Энэ үед боловсон хүчний хэрэгцээ шаардлага гардаг. Яг энэ эгзэгтэй агшинд л гүйж очоод ажиллаад үзээрэй. Зуны 3 сард хэн болохоо таниулж, ур чадвараа гайхуулж чадах юм бол намар тухайн албан газрынхаа жинхэнэ ажилтан нь болчих бүрэн боломжтой.
3. Туршилтын хугацаа дууслаа. Таныг дарга нар нь “тоож” ажилд авахаар бол хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин мөнгөө нухацтай тохироорой. Үндсэн цалин хэд байхаас эхлээд илүү цагийн хөлс ямар байхыг лавлаарай. Зарим мэргэжлийн онцлогоос болоод баярын үеэр ч ажиллуулах тохиолдол гардаг. Хөдөлмөрийн хуулийн дагуу бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд ажиллах юм бол цалин хөлсийг ч ахиухан тооцдог юм.
4. За тэгээд та хэдэн настай, ямар ч боловсрол, мэргэжилтэй байхаас үл шалтгаалж эрхэлсэн ажилдаа л эзэн нь болж чадаж байвал цалин өндөр авах магадлал тэр хэрээр өснө.
5. Үнэхээр хичээнгүйлэн ажилаж байна гэдгээ дарга, даамалдаа харуулаарай. Дарга нарынхаа нүдэнд хэн нэгэнтэй шалдир булидар юм ярьж хөөрж байгаагаар харагдвал жаахан тоогүй. Офисын ажилчид интернэтэд холбогдсон компьютерийн ард суугаад мессенжердээд суучихдаг юм билээ. Үүнийг дарга мэдвэл таныг магтахгүй нь ойлгомжтой.
За тэгээд амжилт хүсье.
MEDE NEWS 2006-03-12

1 comment:

Anonymous said...

Shine togsoj bgaa humuust ih heregtei zuil bichsen bna. Bi ajild orood nileen udaj bgaa l daa. Deer ni nemej helehed: Anh chamaig ajild orohod humuus neeh toohgui bgaa yum shig jijig sajig zuil hiilgene. Ul toomsorlood l bna daa er ni. Sariin daraagaas l uchiraa olno. Ene hugatsaand shantarch l bolohgui. Guriigeed l hiih estoi yum aa tsagt ni hiigeed l bai. Hicheel zutgel hezee ch hooson baidaggui gedeg shu de.