2006-11-02

ОРОС АМЕРИКИЙН УРАЛДААНЫ ЗОЛИОС БОЛСОН СОЛОНГОС ОРОН



Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 10 сарын дундуур цөмийн зэвсэг туршиж олон улсын хамтын нийгэмлэгийг ШОК-онд оруулсан. Албан ёсны нэрэндээ “Ардчилсан” гэдэг үгийг оруулсан боловч дэлхий дээр үлдсэн цөөн хэдэн КОММУНИСТ” дэглэмтэй орны нэг юм. Ингэхэд БНАСАУ хэрхэн бий болов гэдэг асуудалыг эхлээд авч үзье. Дэлхийн 2-р дайны сүүлээр 1945 онд Зөвлөлт буюу одоогоор Оросын Улаан Арми, АНУ-ын зэвсэгт хүчний цэргүүд Солонгосын хойгыг Японы түрэмгийлэгчидээс чөлөөлсөн юм. Газар зүйн хэллэгээр бол 38-р өргөрөгөөс өмнөх нутгийг АНУ-ын зэвсэгт хүчний цэргүүд, түүнээс хойд хэсгийн газар нутгийг Зөвлөлтийн цэргүүд хяналтандаа авчээ. Ийнхүү Солонгос улс хоёр хэсэгт хуваагдах эхлэл тавигдсан гэж хэлж болно. Солонгосын хойд хэсэгт амьдарч байгаа ард иргэдийг Зөвлөлтийн Коммунист намын дэмжлэгийг хүлээсэн хүмүүс удирдах болов. Энгийн үгээр бол Оросууд Хойд Солонгост коммунист дэглэмийг хүчээр тулгаад өгсөн хэрэг. Харин энэ үед Солонгосын өмнөд хэсэгт АНУ-ын дэмжлэгийг хүлээсэн цэргийн албан тушаалтанууд засгийн эрхийг авчээ. Дэлхийн 2-р дайны дараа 1950-аад оноос эхлээд Зөвлөлт Орос, АНУ-ын хооронд “хүйтэн дайн” гэж нэрлэгдсэн “уралдаан” эхэлсэн бөгөөд Солонгос орон “хүйтэн дайны” золиос болжээ. Орос Америк хоёр их гүрний дэлхийд давамгай байр суурьтай байх гэсэн “энэ уралдаан” даамжирч дэлхий ертөнцийг үзэл сурталын үүднээс нь хоёр хуваагдахад хүргэсэн байна. 1950 онд Хойд Солонгосын Удирдагч Ким Ир Сен Москва хотод хүрэлцэн иржээ. Ким Ир Сен тухайн үеийн Оросын удирдлагуудтай уулзаж Солонгос орныг нэгтгэх зорилгоор цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэ төлөвлөгөөг Хятадын коммунист удирдагч Мао Зэ Дун бас дэмжсэн юм. Геополитикийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Зүүн Өмнөд Азид бүхэлд нь коммунист дэглэм тогтоох нь Оросуудад чухал байв. Учир нь Оросуудын хувьд “хүйтэн дайны” гол зорилого нь АНУ-ыг ганцаардуулж аль болох олон орныг коммунист дэглэмтэй болгоход оршиж байв. Ингээд 1950 оны 6 сарын 25 өглөө Хойд Солонгосын арми Өмнөд Солонгос руу давшиж цэргийн ажиллагаагаа эхэллээ. Хойд Солонгосын цэргүүд 3 хоногийн дараа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотыг эзэлжээ. Солонгосын Хойгийг бүрэн эзэлж, Солонгос орныг нэгтгэж, КОММУНИСТ дэглэм тогтооход ялимгүй жаахан хугацаа хэрэгтэй байлаа. Гэтэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл хуралдаж Өмнөд Солонгост туслах зорилгоор Олон Улсын цэргийн багийг илгээх шийдвэр гаргажээ. Геополитикийн үүднээс Өмнөд Солонгост тогтоосон Ардчилсан дэглэмээ алдах нь АНУ-д хохиролтой байх нь мэдээж. Тиймээс ч тэд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийг ятгаж олон улсын цэргийн хүч илгээх шийдвэрийг яаравчлан гаргуулжээ. Олон улсын цэргийн хүч гээд байх юм үнэндээ байсангүй. АНУ Өмнөд Солонгос руу цэрэг нэмж илгээх эрхтэй гэдгээ олон улсын түвшинд баталгаажуулсан хэрэг юм. Ингээд 1952 оны 9-р сард АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгост туслах нэрийдлээр иржээ. Тэд Ардчилсан дэглэмийг Зүүн Хойд Азид тогтоон барихын тулд Хойд Солонгосчуудын зүг гал нээв. Солонгосын дайны эхний үе буюу 1950 оны 6 сараас 8 сар хүртэлх хугацаанд амжилт Коммунист үзэл сурталд нэвт автсан Хойд Солонгосчуудын талд байсан бол АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгост ирсэнээр байдал өөрчлөгдөж Өмнөд Солонгосчуудын талд амжилт ирлээ. Тэд Хойд Солонгосчуудыг 38-р өргөрөг хүртэл ухрааж чадав. Түүгээр ч үл барам Өмнөд Солонгос, Америкийн цэргүүд 38-р өргөрөгийг давж Хойд Солонгосын нутаг руу давшив. Энэ удаа Америкчууд Солонгосын Хойгийг бүхэлд нь эзэлж “Ардчилсан дэглэм” тогтоох зорилт тавьжээ. Ингээд Америк, Өмнөд Солонгосын цэргүүдийн давшилтын улмаас Хойд Солонгос бүхэлдээ сүйрлийн байдалд оржээ. Яг энэ эгзэгтэй мөчид Хятадын удирдагч Мао Зэ Дун Хойд Солонгосын коммунистуудыг аврах ажилд ханцуй шамлан оржээ. Хятад орон даяар АНУ-ын түрэмгийлэлд автсан Хойд Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнөв. Сайн дураараа Хойд Солонгост очих залуусыг бүртгэж эхэлжээ. Мэдээж сайн дураараа дайнд явах ХЯТАД хүн байсангүй. Сайн дураараа Хойд Солонгос руу явах цэргийн бүлэг гэдэг нэрийн доор Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэргүүдийг тийш нь хүчээр илгээж эхэллээ. Хойд Солонгосын ирээдүйн төлөө Хятад залуус сайн дураараа явж байна гэдэг суртал ухуулага Хятад даяар цуурайтав. Мэдээж энэ нь бодит байдалд огт нийцэхгүй гэдгийг та ойлгосон биз дээ. Хятад цэргүүдийг хүчээр Хойд Солонгос руу явуулсан юм чинь. Хятадууд суртал ухуулгаа үнэмшилтэй болгох үүднээс “ухаантай удирдагч” Мао Зэ Дуны ганц хүүг Хойд Солонгос руу явуулав. Мао Зэ Дуны хүү Хойд Солонгост амь үрэгджээ. Хятадын цэргүүд Хойд Солонгосын талд байлдсанаар америкийн цэргүүдийг ухрааж 38-р өргөрөгийн цаана гаргаж чадав. Хятадын сайн дурынханд Оросын агаарын нисэх хүчнийхэн дэмжлэг үзүүлжээ. Ингээд 1953 оны 6 сарын 27 өдөр Хойд болон Өмнөд Солонгосын тал дайн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан байна. Дайны гал зогсоох гэрээний дагуу Хойд болон Өмнөд Солонгосын хилийн бүсэд 4 км үргэлжилсэн цэрэггүй бүс бий болгожээ. Гэрээний энэ заалт хэрэгжсэнээр Өмнөд Солонгосын газар нутаг дайны өмнөх үеийнхээс 3900 км-ээр нэмэгджээ. Америкчууд энэ гэрээг Өмнөд Солонгост ашигтай байдлаар хийсэн гэсэн үг. Харин Хойд Солонгосын газар нутаг 3900 км-ээр багассан байна. Гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор Чехословак, Польш, Швейцарь, Швед улс төлөөлөгчөө илгээжээ. Нийт 37 сар үргэлжилсэн энэ дайнд АНУ 18 тэрбум доллар зарцуулжээ. Хятад улс нэг сая цэргээ энэ дайнд “сайн дурын баг” нэрийн доор илгээсэн байна. Харин Өмнөд Солонгосын 1 сая иргэн амь үрэгджээ. Хойд Солонгосын 200 мянган цэрэг энэ дайнд оролцжээ. Хүйтэн дайны улмаас хоёр хэсэгт хуваагдсан Солонгосын хойгийн асуудал өнөө хэр шийдэгдээгүй байна. Өмнөд Солонгос буюу Бүгд Найрамдах Солонгос Улс, Хойд Солонгос буюу Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагчидын аль аль нь хэзээ нэгэн цагт нэгдэнэ гэдэг бодол өвөртөлсөөр байгаа. Гэвч үзэл суртал, Орос Америкийн хооронд үргэлжилсэн уралдааны уршигаар нэг үндэстэн хоёр хуваагдсан хэвээр байна. Солонгосын хойгийн асуудал хэрхэн бий болсоныг ул үндэсээр нь авч үзлээ. Дайны дараа юу болсон бэ?
Дайны дараа Өмнөд Солонгос буюу БНСУ нь америкийн дэмжлэгтэйгээр улс орноо өөд нь татжээ. Өмнөд Солонгос америкчуудын тулгасан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэв. Ингэснийхээ үр дүнд өнөөдөр хөгжлийн түвшингээрээ дэлхийд дээгүүр байр эзэлж байна. Харин Хойд Солонос буюу БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен “Чучхе” гэдэг нэртэй нийгэм эдийн засгийн онол зохион хэрэгжүүлж эхэлжээ. Чучхе онол дагуу Хойд Солонгос хэрэгцээтэй бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг зорилт тавьжээ. Зөвлөл Орос улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр томоохон үйлдвэр байгуулсан байна. Гэвч 1980-аад оноос эхэлсэн коммунист системийн хямрал Хойд Солонгост нөлөөлжээ. Дотоодын хэрэглээний бүх бараагаа үйлдвэрлэх боломжгүй болсон тул гадаадаас худалдан авсан бараа бүтээгдэхүүний шошгыг нь солиод зах зээлдээ нийлүүлдэг болжээ. 1990 оноос хойш Орос улс Хойд Солонгос хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлсэнгүй. Дотороо бужигнаантай байсан тул Оросууд Хойд Солонгосыг гаргуунд нь гаргав. Дэлхийд хамгийн анх коммунист дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн Орос орон ардчилсан дэглэм рүү шилжин оров. Гэвч Хойд Солонгос байр сууриа өөрчилсөнгүй. Чучхе онолоо хэрэгжүүлсээр байлаа. 1993 онд Хойд Солонгост ган дараа нь үер болж тус улсын хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ сүйрсэн байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосчууд бүсээ чангалж эхлэв. Хүн амд картын системээр хүнсний бараа олгож, бензин шатахуун хэмнэх үүднээс нийтийн тээвэрийн автобус, трамвайг зөвхөн өглөө 6 цаг, оройн 20 цагт л явуулдаг болгов. 1990 оноос хойш Америкийн эрх баригчид Хойл Солонгост хандан ардчилсан дэглэмд шилжихийг удаа дараалан уриалсан боловч энэ саналыг нь хүлээн авахаас татгалзсан байна. Хойд Солонгосын төрийн мэдлийн радио сонин телевиз нь Их удирдагчын суу алдарыг магтах, АНУ тэргүүтэй капиталист орныг муулахад гол анхаарлаа хандуулдаг байна. Америкийн эсрэг суртал ухуулгын нэг хэсэг нь АНУ гэдэг мангаа хэдийд ч манай улс руу довтолж болзошгүй гэдэг утга санаа. Иймд бид эх орноо найдвартай хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэдэг сурталчилгаа үргэлж цуурайтна. Үүний дагуу цөмийн хөтөлбөр боловсруулж атомын бөмбөгийн гол түүхий эд “уран” олборлож боловсруулж эхэлсэн байна.
Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зарласны дараа Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Хойд Солонгост үзүүлж байсан хүнсний тусламжаа зогсоожээ. Ким Чен Ир саяхан санасандаа хүрсэн бөгөөд юутай ч цөмийн зэвсэг туршиж дэлхий дахинд сүр хүчээ гайхуулсан юм. Солонгосын асуудлыг бий болгосон Америк Орос хоёр одоо байдлыг хяналтнаасаа алдаж эхлээд байна.

Тайландын кино урлагт нэгэн шинэ урсгал хүч түрэн орж байгаа гэнэ. Сүүлийн үед бүтээгдэж байгаа Тайландын уран сайхны кинонуудын ихэнхи гол баатарууд трансвестит, транссексуал хүмүүс гэнэ. Тэдний амьдралыг харуулсан киног Тайландчуудыг байлдан дагуулж байгаагаас гадна гадаадын иргэдийн ч анхаарлыг татах болжээ. Саяхан Германы Берлин хотод болсон кино наадамд Тайландын уран сайхны хоёр киног үзүүлжээ. Германы үзэгчид Тайландын уран сайхны “Төмөр муужгайн адал явдал”, “Гайхалтай зодоонч” гэдэг киног үзжээ. “Гайхалтай зодоонч” киног бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд мэс заслын аргаар хүйсээ солиулсан тамирчин Нунг Тум гэдэг залуугийн амьдралын тухай өгүүлдэг байна. Энэ киног бүтээсэн найруулагч Экичай Уэронгтон БИ БИ СИ телевизэд өгсөн ярилцлагадаа Нунг Тума бол өөрөө өөрийнхөөрөө байдаг эрэлхэг хүний дүр гэж хэлсэн байна. Нунг Тума нь тай боксоор багаасаа хичээллэсэн бөгөөд байнга эмэгтэйчүүдээр хүрээлүүлсээр эцэст нь хүйсээ солиулахаар шийддэг байна. Хүний дотоод сэтгэл зүй гадаад орчинтойгоо хэрхэн зөрчилдөж байгааг энэ киногоор харуулахыг хичээсэн гэж найруулагч нь онцлон тэмдэглэж байна. Тайландын нийгэм транссеексуал хүмүүст тэвчээртэй ханддаг гэж хэлж болно. Ижил сэдэвтэй олон арван киноноос “Гайхалтай зодоонч”, “Төсөр муужгайн адал явдал” гэдэг хоёр киног Берлины кино наадамд оролцуулахаар Тайчууд шийдсэн юм байна. Тайландын “Бангкок пост” сонинд бичсэнээр энэ жил бүтээгдсэн 50 орчим киноны тав зургаа нь трансвестит хүмүүсийн тухай өгүүлдэг байна. “Төмөр муужгайн адал явдал” киноны гол дүр нь өдрийн цагаар дэлгүүрт ажилладаг залуу гэнэ. Тэрээр шөнө болмогц эмэгтэй хүний хувцас өмсөж өндөр өсгийтэй туфли углаад кикбоксын аваргын дүр эсгэдэг гэнэ. Ийм сэдвийн кинонууд Тайландад их амжилт олж байгаа шалтгаан нь буддын шашны уламжлалт бус бэлгийн чиг баримжааны тухай тайлбартай нягт холбоотой гэж “Төмөр муужгайн адал явдал” киноны найруулагч Майкл Шаованасай ярьж байна. Буддын шашинд ижил хүйстэн болон трансвестит хүмүүсийн хувь тавиланг гутаан доромжилж гадуурхахыг хориглосон байдаг ажээ.
BBC NEWS

Сансрын жуулчин


2007 оны 3 сарын 9 өдөр Microsoft компаний Word, Excel программын зохион бүтээх, шинэчлэх салбарыг хариуцан ажилладаг унгар гаралтай 58 настай тэрбумтан Чарльз Симони сансарт нисэх гэж байна. Хэрэв нислэг амжилттай болох юм бол тэрээр манай гарагийн 450 дахь сансрын нисэгч, дэлхийн 5 дахь сансрын жуулчин болох юм. Чарльз Симони Оросын “Союз” пуужинг хөлөглөн сансарт аялана. Ч. Симони АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд ирэх оны хавар Казакстан улсын Байконур дахь сансрын буудлаас 15 дахь Олон улсын сансрын багийн хоёр гишүүний хамт нисэх юм байна. Ч. Симони сансарт нисэхийн тулд 20 сая долларыг урьдчилан төлсөн гэнэ. Сансрын жуулчлалыг Space Adventures компани зохион байгуулж байгаа юм. Чарльз Симонигийн нислэг 9 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд түүний хөлөглөсөн Союз сансрын пуужин Дэлхийн 160 удаа тойрох юм. Энэ нь 6,5 сая км газар туулж байна гэсэн үг юм. Ч. Симони одоо сансарт ажиллаж байгаа 14-р олон улсын сансрын багийн гишүүдтэй хамт эх дэлхийдээ эргэж ирнэ. Симони эх дэлхийд газардахад ердөө 2 цагийн хугацаа зарцуулна. Сансарт нисэх болсон шалтгаанаа Симони тайлбарлахдаа
-Би 3 зорилт өмнөө тавьж байна. 1-рт иргэний сансрын нислэгийн хөгжилд хувь нэмэр оррулах, 2-рт дэлхийн тойрог замд байгаа сансрын станцид шинжилгээ судалгааны ажил хийх, 3-рт хүүхдүүдийг сансрын уудмыг шинжлэн судлах үйлсэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлэлтэй болгоно гэж BBC-д ярьжээ. Тэрээр эдгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд интернэтэд
www.charlesinspace.com сайт нээжээ. Чарльз Симони олон улсын сансрын станцид номын сан нээх бодолтой байгаа гэнэ. Иймд тэрээр сансарт нисэхдээ зохиолч Гётегийн “Фауст”, Роберт Хенлейний “Сар-догшин амраг” гэдэг хоёр ном авч явна.
Чарльз Симони нь өмнөх сансрын жуулчидыг бодвол илүү чадварлаг байж болох талтай гэнэ. Учир нь тэр онгоц жолоодох эрхтэй бөгөөдамьдарлынхаа 2 мянган цагийг онгоцоор нисэх өнгөрүүлжээ. Гэсэн ч тэрээр сансарт нисэхийн тулд биен хүчний болон техникийн тусгай хичээл заалгаж байгаа юм. Чарльз Симон одоо орос хэл сурч байгаа бөгөөд Союз сансрын хөлгийн эд анги, тоног төхөөрөмжийн талаар мэргэжлтнүүдээр хичээл заалгаж байна. Сансарт нисэхийн тулд тэр илүү олон шинэ мэдлэг олж авч байгаадаа их олзуурхаж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн анхны сансрын жуулчин нь АНУ-ын иргэн Деннис Тито. Түүний дараа өмнөд африк гаралтай Марк Шатллворт сансарт жуулчилсан. Харин өнгөрсөн жил бас л АНУ-ын иргэн Грег Олсен сансарт ниссэн юм. 2006 оны 9 сард Ираны иргэн Анюша Ансари гэдэг бүсгүй сансарт ниссэн. Тэрээр хамгийн анхны эмэгтэй сансрын жуулчин гэдэг тодотголтой. Сансрын нислэгийг зохион байгуулж байгаа Space Adventures компаний төлөөлөгчийн хэлснээр бид олон хүний мөрөөдлийг биелүүлж эхэллээ. Цаашид сансрын жуулчлалыг үйлчилгээний салбар болгон хөгжүүлэх бодолтой байна гэж мэдэгдэж байна.

2006-11-01

Цагаан хэрэм



Цагаан хэрэмийн зарим нэгэн хэсэгт үдэшлэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг Хятадын эрх баригчид хориглосон шийдвэр гаргасан байна. Түүхийн дурсгалт энэ байгууламжын бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж тус орны өндөр албан тушаалын хүн BBC –д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүнчлэн цагаан хэрмийн ханан дээр будаг шохойгоор зурах, сараачих, унадаг дугуйгаар явахыг хориглосон байна. Хэрэв энэ шийдвэрийг зөрчих юм бол 500 мянган юань буюу ойролцоогоор 62500 долларын торгууль төлөх юм. Хойд зүгийн нүүдэлчин омгийн довтолгооноос хамгаалж барьсан Хятадын цагаан хэрэм нь Хятад угсаатануудын суурьшиж байсан газар нутгийн хязгаар юм. Цагаан хэрэм хятад угсаатан, хойд зүгийн нүүдэлчидийг тусгаарлаж байсан “хилийн зурвас” гэвэл алдаа болохгүй. 6400 км урт цагаан хэрэмийн ердөө 10 км газрыг жуулчид болон амрагчидад зориулан нээлттэй бүс гэдэг статус олгосон юм байна. Өөрөөр хэлбэл хойд хятадын Бадалина хотын харалдаах цагаан хэрмийн 10 км зурвас газар нь олон нийтэд нээлттэй бүс юм. Цагаан хэрмийн нээлттэй бүсэд сүүлийн үед тогтмол шөнийн шоу зохиогдох болжээ. Түүнчлэн жуулчид цагаан хэрмийн хэлтэрхий шавар шохойг дурсгал болгон авах нь ихэсссэн байна. China Daily сонинд бичсэнээр өнгөрсөн жил зохиогдсон шөнийн шоуны үеэр зарим нэг хүмүүс цагаан хэрэм рүү шээж, хэрэмийн хана дагуу явган суугаад согтууруулах ундаа хэрэглэж байжээ. Олон зууны нүүрийг элээсэн цагаан хэрэмийн зарим нэг хэсэг нь механик элэгдэлд орж эвдэрч байгаа гэнэ. Иймд Хятадын эрх баригчид цагаан хэрмийг хамгаалах санд мөнгө хандивлахыг уриалж байна. Орчуулсан MEDENEWS

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс хаана байдаг вэ?




Их Британий ерөнхий боловсролын сургуулийн таван сурагч бүрийн нэг нь дэлхийн улстөрийн газрын зураг дээрээс төрөлх Их Британи орноо олж чадахгүй байна. National Geographic сэтгүүлийн хүүхдэд зориулан гаргадаг албаны захиалгаар судалгаа хийсэн мэргэжилтнүүд энэ дүгнэлтийг хийжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн гуравны нэг нь АНУ-ыг газрын зураг дээрээс олж заажээ. Тэр ч бүү хэл судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх нь амвдарч байгаа хот нь Нэгдсэн Вант Улсын нийслэл гэдгийг огт мэддэггүй байжээ. Уг судалгаанд 6-14 насны нэг мянга орчим хүүхэд хамрагдсан юм. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 86 хувь нь Ирак улсыг газрын зураг дээрээс олж чадаагүй байна. Гэтэл хамгийн гайхалтай нь судалгаанд хамрагдагсадын 10 хувь нь дэлхийн ганц ч тивийг нэрлэж чадаагүй ажээ. Охидыг бодвол хөвгүүд газар зүйн мэдлэг арай илүү гэдгээ харуулжээ. Шотландын дунд сургуулийн сурагчдын 67 хувь нь газрын зураг дээрээс олохыг даалгасан ихэнхи улс орнуудыг түвэггүй олж байжээ. Судалгааны дүнд сэтгэл дундуур байгаагаа Букингемийн их сургуулийн боловсрол хөдөлмөр эрхлэлтийн судалгааны төвийн захирал профессор Алан Смитрс нуухгүй байна. Тэрбээр энэ судалгааны дүн түүнийг “алмайруулсан” гэж онцлон тэмдэглэжээ. Дэлхий ямархуу харагддаг тухай ойлголтгүй өсөж байгаа хүн ирээдүйд хэрхэн амьдрах болж байна гэж тэр цөхрөнгүйгээр хэлж байна. Их Британид газар зүйн хичээлийг 5-14 насны бүх хүүхэд үзэх ёстой байдаг гэнэ. “National Geographic Kids” сэтгүүлийн редакц хүүхдүүдийн газар зүйн мэдлэг доогуур байгаад анхаарлаа хандуул болсон гэж үзэж байна. “National Geographic Kids” сэтгүүлийн хийж байгаа дүгнэлтийг байгаль судлаач Дэвид Беллами хүлээн зөвшөөрч санал нэгтэй байгаага илэрхийлж байна. Түүний үгээр бол газар зүйн хичээл нь хүүхдийн сонирхолыг татсан маш хөгжилтэй сонирхолтой хэлбэрээр явагдах ёстой гэнэ. Газар зүйн мэдлэгтэй хүн бусад улс орэны зан заншил, ёс суртахууныг илүү сайн ойлгодог гэж Дэвид Беллами хэлж байна.
Харин Их Британий ерөнхий боловсролын сургуулийн багш нар арай өөр байр суурьтай байна. Тэд энэ судалгааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бодит байдлаас хөндий гэж хэлжээ. Английн багши нарын ҮЭ-ний ерөнхий нарийн бичгийн дарга Крис Китис энэ бүх худал хуурмаг статистик тоо нь английн боловсролын системийг муулах сонирхолтой хүмүүсийн явуулж байгаа ажиллагаа гэж хэлжээ. Эдгээр хүмүүсийн хэн нь худлаа яриад байна? Бодит хариулт одоогоор алга байна.

Шилэн CD 833$


Японы инженер Суенори Фукуи дэлхийд анх удаа шилээр компакт диск зохион бүтээснээ зарласан байна. Японы өдөр тутмын “Mainichi Daily News.”сонинд бичсэнээр шинэ компакт диск нь бусад дискийг бодвол илүү удаан хугацаагаар найдвартай хадгалах давуу талтай юм байна. Шилэн компакт дискэн дээр бичигдсэн дуу авианы чанар илүү сайн байдаг нь нотлогджээ. Чанар сайтай шилэн диск нэг ширхэг нь 833 долларын үнэтэй юм байна. Чанар дагаж үнэ гэдэг болохоор аргагүй ч үгүй биз. Гэхдээ хэдэн шилийн дараа үнэ нь буурах магадлалтай байгаа ажээ. Шинээр худалдаанд гарч байгаа ямар ч бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг гэдэгтэй та санал нийлнэ биз ээ. Дэлхийн хамгийн анхны шилэн дискэн дээр суут хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бахын бүтээлийг бичсэн гэж Японы “Mainichi Daily News” сонин мэдээлсэнийг оросын мэдээллийн “Лента” агентлаг уламжилжээ. Орчуулсан MEDENEWS

2006-10-30

10 сарын 24 Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрсөн өдөр


Дэлхий дахинд эв найрамдалыг сахиулах, улс үндэстнүүдийн хоорондын хаирцааг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг дэлхийн хамгийн том байгууллагын түүх 1945 оны 10 сарын 24-оос эхэлдэг юм. Дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оны 6 сарын 26 өдөр АНУ-ын Сан-Франциско хотод 51 орны төлөөлөгчид НҮБ-ын дүрмийг баталжээ. Тус байгууллагын дүрмийн оршилд “Хойч үеэ дайны аюулаас сэргийлье ” гэж бичсэн байдаг. НҮБ-ийн зорилого
1. Олон улсын аюулгүй байдлыг хангаж энх тайвныг сахиулах 2. Түрэмгийлэлийг зогсоох 3. Дэлхий дахинд учирч байгаа аюул заналхийллийг арилгах 4. Олон улсын маргааныг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх 5. Тэгш эрхтэйгээр харилцан бие биенээ хүндэтгэн үндэстэн хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх 6. Нийгэм, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх 7. хэл, соёл, нас, хүйс, арьс, шашин, яс үндсээр ялгаварлах үзлийг арилгаж хүний эрхийг хамгаалах.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм нь 1945 оны 10 сарын 24 өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. 1948 оноос эхлэн энэ өдрийг НҮБ-ын өдөр гэж Дэлхий даяар тэмдэглэж иржээ. Одоогийн байдлаар НҮБ-д 190 гаруй гишүүн орон бий. НҮБ нь маш олон тооны салбар байгууллагуудтай.
Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Нийгэм Эдийн засгийн Зөвлөл, Олон улсын шүүх, ЮНЕСКО, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Олон улсын валютын сан гэх мэт. Түүнчлэн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг биеэ даасан байгууллагууд НҮБ-аас тодорхой хэмжээгээр хамааралтай ажилладаг юм.
Орчуулсан MEDENEWS

FREE-PRESS


Хил хязгааргүй сурвалжлагчид хэмээх Засгийн газрын бус байгууллагаас гаргасан сүүлийн илтгэлд хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хөндсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тарасан энэ илтгэл нь 2005 оны 9 сараас 2006 оны 9 сарыг хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ажиглалт хийсэн судалгааны дүн юм. Судалгаанд дэлхийн 168 орон хамрагджээ. Сэтгүүлчийн эрхийг хүлээн зөвшөөрч хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг орноор Финлянд улс тодорчээ. Үүний дараа Ирланд, Исланд, Нидерланд улс бичигдсэн байна. Энэ жагсаалтын 147-р ОХУ оржээ. Иран, Хятад, Бирма, Куба Турмени, Эритрия улсын нэр нэлээн доогуур харагдаж байна. Уг жагсаалтын хамгийн сүүлд Хойд Солонгос бичигджээ. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн онд Дани улс энэ жагсаалтын 1-р байранд бичигдэж байсан бол энэ удаа 19-р байр эзэлсэн байна. Данийн сонин хэвлэлээр Лалын шашны гэгээнтэн Мухаммедын шог хөрөг хэвлэгдсэний дараа тус улсын хэвлэлийн салбарт ажилладаг хүмүүст хаягласан заналхийлэл олон ирж байсан юм. Энэ нь Дани улс энэ жил 19-р байранд бичигдэхэд хүрсэн гэж шинжээчид тайлбарлаж байна. Жагсаалтын эхний дөрвөн байрыг эзэлсэн Финлянд, Ирланд, Исланд, Нидерланд улс 2005 оныилтгэлийн жагсаалтад ч бас дээгүүр байр эзэлж байсан юм. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэдэг гэж байнга тунхагладаг Франц улс 2005 онд 30-р байр эзэлж байсан бол энэ онд 35-р байранд оржээ. Өнгөрсөн намар франц сэтгүүлчид халдсан хэрэг нэг биш удаа гарсан, түүнчлэн Францын зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакцид хууль хяналтын байгууллагынхан үзлэг нэгжлэг хийсэн нь үүнд нөлөөлсөн бололтой. АНУ энэ жил 53-р байранд бичигджээ. Энэ нь өнгөрсөн оны жагсаалттай харьцуулах юм бол 9 нэгжээр доошилсон гэсэн үг. Одоогоос таван жилийн өмнө “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан жагсаалтанд АНУ 17-р байр эзэлж байсан юм. Хэвлэлийн эрх чөлөөг хааж боогдуулах үзэгдэл АНу-д газар авч байна гэж дүгнэлт хийж болохоор байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш терроризмтой хийж байгаа дайныг үгүйсгэсэн утга агуулагатай мэдээлэл түгээсэн сэтгүүлчийг хараа хяналтандаа авах үүрэг өгч байсантай холбоотой юм. Иракын эсрэг цэргийн ажиллагаа явуулсны дараа Жорж Буш хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад хандан эрх оронч байр сууринаас мэдээ мэдээлэл түгээхийг уриалж байсан юм. “Хэвлэлийн эрх чөлөөний байдал” илтгэлийн жагсаалтанд АНУ-ын рейтинг буурах болсон бас шалтгаан нь эх сурвалжаа сэтгүүлч нуухыг хориглосон заалтыг хуулинд оруулсан нь хувь нэмэр болсон байна. ОХУ өнгөрсөн онд 138-р байранд орж байсан бол энэ удаа 147-р байранд бичигджээ. 2006 оны оны 10 сарын 7 өдөр оросын сэтгүүлч эмэгтэй Анна Политковская захиалгат аллагын золиос болж бусдын гарт амь үрэгдсэн нь жагсаалтад доогуур байр эзлэхэд нь нөлөөлсөн байна. ТУХН орнууд ОХУ-ын араас бичигджээ. Тухайлбал Белорусь 151, Узбекистан 158, Турмени улс 167-р орсон байна. Хил хязгааргүй сэтгүүчид байгууллага уг жагсаалтыг гаргахдаа нийт 50 үзүүлэлтийг харгалзан үздэг байна. Үүнд албан үүргээ биелүүлж яваад амь үрэгдсэн сэтгүүлчид, албан ажилтай холбогдон хууль хяналтын байгууллагад дуудагдан байцаагдсан, шалгагдсан, түүнчлэн төр засаг, бусад сонирхолын бүлэглэлийн зүгээс учруулсан дарамт шахалт, цензурын байдал, төрийн эзэмшилийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тоо, сөрөг хүчний болон хараат бус чөлөөт нийтлэлийн бодлого явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тоо зэргийг харгалзан үздэг байна. Бас гадаадын хэвлэл радио, телевизийн нэвтрүүлгийг дахин дамжуулдаг эсэх, гадаадын сэтгүүлчдэд чөлөөтэй ажиллах бололцоо олгодог эсэх, гадаадын сэтгүүлчдэд виз өгсөн байдал, сэтгүүлчдэд бичихэд хориглосон сэдэв байдаг эсэхийг онцлон гол шалгуураа болгодог байна. Харин жагсаалтанд Монгол Улс маань хэддүгээр байр эзэлсэн бол доо?
Орчуулсан -MEDENEWS

Монголын эрх баригчид Чингис хаандаа зориулан сая сая төгрөг зарцуулж байна.
Монголын өдөр тутмын Өнөөдөр сонинд тус улсын Засгийн газар “Чингис хаан” уран сайхны киног бүтээж байгаа уран бүтээлчдэд 411 мянган доллар буюу ойролцоогоор 480 сая төгрөг гаргахад бэлэн байна гэж бичсэнийг Оросын “Лента” мэдээллийн алба интернэт дэхь сайтдаа бичжээ. Чингис хаан киноны найруулагч Эрдэнэбулганы байгаагаар бол уг киног бүтээхэд 1,7 сая доллар шаардлагатай гэнэ. Гэхдээ Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна гэж ярьсан байна. Чингис хааны тухай киног монголчуудаас гадна Оросын кино найруулагч Сергей Бодров аугаа байлдан дагуулагчын тухай кино бүтээж байгаа бол Монгол Японы киночид бас Чингис хааны дүрийг хальсанд буулгаж байгаа гэнэ.

2006-10-16


Хэрвээ та Шанхай хотод очоод Чэнь Зе гэдэг нэртэй бүсгүйтэй уулзах гэж байгаа бол санаад оромгүй бэрхшээлтэй тулгарч магадгүй гэж Бээжин хот дахь Их Британий BBC телевизийн сэтгүүлч анхааруулж байна. Албан ёсны тоо баримтаар зөвхөн Шанхай хотод Чэнь гэдэг овогтой Зе гэдэг нэртэй 3397 эмэгтэй амьдарч байгаа гэнэ. Чэнь гэдэг бол хятадад түгээмэл тархсан овог. Зе гэдэг нь цэвэр ариун гэсэн утгатай үг юм байна. Овог нэр ижил хүмүүс олон байх нь шуудангийн алба, банкны үйлчилгээнд ихээхэн түвэг учруулдаг гэнэ. Шанхай хотын нэгэн компанид ажилладаг Чэнь Зе гэдэг бүсгүйд ижил нэртэй өөр нэгэн бүсгүйд хаягласан захидал байнга ирдэг байна. Тэрээр Шанхай Дэйли сонинд ярилцлага өгөхдөө: Андуурагдаад ирсэн захидалыг миний ажилдаг офисын дээд давхарт алба хаадаг жинхэнэ эзэнд нь би байнга хүргэж өгдөг гэж ярьсан байна. Түүнчлэн Жан Минь гэдэг овог нэртэй 3751 хүн Шанхай хотод аж төрдөг. Жан гэдэг бол Шанхайд маш их түгээмэл овог. Минь гэдэг бол овжин сэргэлэн ухаантай гэдэг утга илэрхийлдэг ханз үсэг юм байна. Ижил овог нэртэй хүн олон байх нь нийгийн тулгамдсан асуудал яах аргаггүй мөн. Хятадын засгийн газар шинээр төрсөн хүүхэддээ содон нэр өгөхийг уриалдаг боловчэцг эхчүүд уламжлал болсон нэр хүүхэддээ сонгодог байна. Хятадад 700 гаруй овог угсааны нэр бүтргэлтэй байдаг боловч идийлэнхи олонх нь түгээмэл 20 орчим овогийн хүмүүс ажээ. Сонирхуулахад нийслэл Бээжин хотод 1,5 сая Ван овогтон байдаг гэнэ.

Орчуулсан MEDENEWS 2006-10-16

Хятадын тэргүүн баячуудын нэрсийн жагсаалт гаржээ. Энэ жагсаалтыг эмэгтэй хүн тэргүүлсэн байна. Хятадад тэрбум доллараас дээш давсан хөрөнгөтэй хүмүүсийн тоо сүүлийн нэг жилд 2 дахин нэмэгджээ. Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг Их Британий иргэн Рупэрт Хугверф гаргасан байна. Түүний үзэж байгаагаар сав баглаа боодол үйлдвэрлэдэг Nine Dragons Paper Company компаний захирал Жан Инь 3,5 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар тэр эмэгтэй Хятадын хамгийн баян хүн юм байна. Хятадын томоохон корпорацийн захиралын албыг эрэгтэй хүн хашдаг. Тэр ч байтугай Хятадын улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь асар бага байдаг юм. Хятадын Коммунист намын Төв хороонд нэг ч эмэгтэй байнгийн гишүүн байхгүй. Олон улсын шинжээчид Хятад улсад хүйсийн тэгш бус харьцаа их байгааг онцлон тэмдэглэж байсан юм. Гэтэл Хятадын хамгийн баян чинээлэг хүнээр ажил хэрэгч бүсгүй тодорсон нь олон хүнийг алмайруулж байна. Хятадын удирдагч Мао Зе Дун “Тэнгэрийн хагасыг эмэгтэйчүүд түшдэг” гэдэг одоо бол афоризм болсон үг хэлж байжээ. Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг 1999 оноос хойш жил бүр гаргаж байгаа Рупэрт Хугверф
Хятадад бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсээр байна гэж онцлон тэмдэглэжээ. Хатагтай Жан Инь 1985 онд Гонкогт /шинэ нэрээр Сянган/ амьдарч байхдаа бизнесээ эхэлсэн байна. Жань Инь Хайлузян мужид төрсөн бөгөөд 1985 аас 1990 онд Гонконгт дараа нь 1990 оноос АНУ-ын Лос Анжелос хотод амьдрах болжээ. Одоогоос хоёр жилийн өмнө Хятадад ердөө 3 хан тэрбумтан байсан бол одоо энэ тоо 15 болж нэмэгдсэн байна. Хятадын эдийн засаг хөгжиж байгаа ч баян хоосны ялгаа нэмэгдсээр байгаа юм. Хятадын удирдагч Ху Жин Тао хөрөнгө чинээний эрс ялгааг багасгахын тулд чадах бүхнээ хийнэ . Ажилчидын цалингийн түвшин нь зах зээлтэйгээ зохицсон байх ёстойг гээд нийгэмд шудрага ёс тогтооход төр анхаарлаа хандуулах үүрэгтэй гэж хэлсэн байна.
Орчуулсан MEDE-NEWS 2006-10-16

Таймс сонин энэ санал асуулгадаа 4 мянган эрдэмтэн, мянга орчим аспирант, оюутаныг хамруулжээ. Эрдэм шинжилгээний судалгаа хийхэд тааламжтай нөхцөл бүрдүүлсэн их дээд сургуулийг нэрлэхийг хүссэн байна. Дараа нь уг сургуулийн нийт оюутнуудын тоог тэнхимийн тоотой нь харьцуулсан байна. Түүнчлэн гадаад оюутнуудын тоог нь харгалзан үзжээ. Дэлхийн хамгийн шилдэг их 100 их сургуулийн жагсаалтын нэгдүгээр байранд Америкийн Массачусетс мужын Гарвардын их сургууль оржээ. Дараа нь Их Британий Кембрижийн их сургууль, 3-р байранд Оксфордын их сургуулийн нэр бичигдсэн байна. Англо-Саксоны ертөнцөөс гадна дэлхийн хамгийн сайн их сургуулийн тоонд Хятадын Бээжингийн их сургууль орсон байна. Бээжингийн их сургууль 14-р байр эзэлжээ. Түүнчлэн Токиогийн их сургууль, Сингапурын их сургуулиуд жагсаалтын эхний 25-д багтсан байна. Францын Парисын их сургууль 18-рт, Швейцарийн Холбооны улсын Технологийн дээд сургууль 24-р байранд оржээ. Германы хамгийн шилдэг сургуулиар Гейдельбергийн их сургууль 58-рт бичигдсэн бол Оросын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль 93-р байранд орсон байна. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд Дани, Өмнөд Солонгос, Ирланд, Мексик, Австри улсын тус бүр нэг сургууль багтжээ. Дэлхийн шилдэг 100 сургуулийн тоонд АНУ-ын 33 их дээд сургууль, Их Британий 15, Австрал, Голландын 7, Франц, Швейцарийн 5 их сургууль багтжээ. Сянган, Ядон, Канад, Герман улсаас тус бүр 3 сургууль энэ жагсаалтанд багтсан байх юм. Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад, Энэтхэг улсаас ердөө тус бүр 2 сургууль энэ жагсаалтанд бичигджээ. Түүнчлэн Сингапур, Шинэ Зеланд, Бельгээс тус бүр 2 сургууль шилдэг гэдэг тодотголыг авсан байна. АНУ-ын их дээд сургуулиудад шилдэг гэж бахархах бас нэг шалтгаан байгаа. Учир нь 1983 оноос хойш анх удаа энэ жил анагаах ухаан, хими, физикийн салбарын Нобелийн шагналыг америкийн иргэд хүртсэн билээ.
Орчуулсан MEDENEWS 2006-10-16

Лондон хотын агаарын бохирдолын хэмжээг тогтоох шинэ төсөл хэрэгжинэ.


Английн агаарын бохирдолыг хэмжих төсөлд сайн дураараа оролцох хүсэлтэй хүмүүст тусгай хэмжигч багаж тарааж өгөх гэж байна. Түүнчлэн ийм хэмжигчийг автобусанд суурилуулах юм байна. Их Британий тээврийн яам, байгалийн шинжлэх ухааныг судлах хүрээлэнгийн зөвлөл хамтран энэ төсөлд зориулж 4,1 сая фунт стерлинг буюу 8 сая доллар зарцуулах юм. Төсөлд оролцогчид тээврийн хэрэгсэлийг биш явган явахыг илүд үздэг хүмүүс байх ёстой гэнэ. Тэдэнд зориулан халаасанд багтах хэмжээтэй авсаархан хэмжигч багаж үйлдвэрлэсэн бол нийтийн тээврийн автобусанд гуталын хайрцагны дайтай овор хэмжээтэй тусгай төхөөрөмж суурилуулах юм байна. Хэмжигч багаж нь 24 цагийн турш агаарын бохирдолын хэмжээг мэдээллийн төв рүү дамжуулах бөгөөд дараа нь хүлээн авсан мэдээлэлд мэргэжилтнүүд задлан шинжилгээ хийх юм байна. Судалгааны ажилыг Кембриж, Лестер, Гейтсхедын Их сургуулийн эрдэмтэн багш нар гардан хийнэ. Энэ төсөл хэрэгжснээр хүрээлэн байгаа орчин, агаарын бохирдолын хэмжээг үнэн бодитоор тогтоож чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Орчуулсан MEDENEWS 2206-10-16

13

Хэрвээ та анзаарсан бол 2006 оны 10 сарын 13 өдөр баасан гарагт таарчээ. 2006-10-13 гэдэг энэ тоог тус бүрээр нь хооронд нь нэмэх юм бол хариу нь 13 гарч байгаа юм. 2+0+0+6+1+0+1+3=13 Баасан гарагт 13 өдөр таарсан өдөр 2006 онд 2 дахь удаагаа тохиож байгаа энэ. Өнгөрсөн 1-р сарын 13 өдөр баасан гарагт тохиож байлаа. 2+0+0+6+1+1+3=13. Ийм тохиолдол тун ховор байдаг юм. Үүнээс өмнө 1520 оны 1 сарын 13 өдөр баасан гарагт таарч эдгээр тоонуудын нийлбэр нь бас 13 болж байв. Дараагийн удаа 2011 онд ийм өдөр тохиох болно. Нэг жилд хоёр удаа 13-ний өдөр баасан гарагт таарч, цифрүүдийн нийлбэр нь 13 гарах тохиолдол 2051 онд тохионо. Европчууд 13-ийн тоо, баасан гарагаас эмээдэг бол япончууд 4-ийн тоонд дургүй хүмүүс. Монголчууд хоёр, долоогийн тооноос цээрлэдэг. Мягмар гарагт /хоёр дахь өдөр/ барагтай л бол хүмүүс үсээ засуулж бусдад мөнгө зээлдүүлж буян үйлдэхгүй шүү. Дордохын долоо гээд ийм тоо ширхэгтэй зүйлээс татгалзах нь бий. Харин монголчууд 3-ийн тоонд илүү дуртай байдаг гэнэ. Эрийн гурван наадам, ертөнцийн гурав гээд ахуй амьдралд нь гуравын тоо оролцсон зүйлс олон бий. Францын хаан Наполеон 13-ийн тооноос их цэрвэдэг байжээ. Тэрээр энэ өдөр ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлсхийдэг байв. Үнэн худал нь бүү мэд. Гэхдээ Гетё энэ өдөр орноосоо ч босдоггүй байсан гэнэ. Хөгжмийн зохиолч Арнольд Шенберг 13 тооноос айдаг байсан бөгөөд бараг энэ айдсаасаа болж үхсэн гэж хэлж болно. Тэрээр энэ өдөр орноосоо босоогүй бөгөөд хөнжилдөө толгойгоо шургуулаад хэвтсэн юм байх. Эхнэр нь орой 23 цаг 45 минутын үед өрөөнд орж ирээд одоо 15 минутын дараа шинэ өдөр эхлэх нь гэж хэлэхээр орж иржээ. –Хонгор минь 15 минутын дараа чи айх хэрэггүй болно гэж хэлтэл тэрбээр хөнжилөөсөө гараа цухуйлгаад
-Ашгүй дээ гэж хэлчихээд л амьсгал хураажээ. Тэрээр шөнийн 00 цаг болохоос 13 минутын өмнө нас барсан гэнэ.
Чухам энэ өдрөөс айхад нь юу нөлөөлдөг байна? Баасан гарагт 13 өдөрөөс айх айдас хаанаас бий болов? Дундад зууны үед ид шидтэнүүдийн хараал хийхэд 12 эмэгтэй оролцдог бөгөөд 13 дахь нь муу ерийн сүнс болон хувирдаг гэдэг цуу яриа их тархжээ. 13-нийн баас ан гарагаас айдаг болоход нь 14-р зуунд болсон нэг үйл явдал гол нөлөө үзүүлсэн байж болох талтай юм байна. Тухайн үед Европын хамгийн баян хүчирхэг байгууллагын нэг “Таплиерийн Одон” –гийн гишүүд 1307 оны 4 сарын 13 баасан гарагт баривчлагдан шоронд оржээ. Дараа нь тэднийг түүдэг галд шатааж алсан байна. Энэ үйл явдлын дараа тэдний тухай олон цуу яриа домог мэт тархжээ. Зохиолч, сэтгэл судлаач, философч Анна Кирьянова
-15-р зуунаас эхлэн 13-ний баасан гарагт аянд гарсан усан онгоцнууд эргэж ирдэггүй байжээ. Лондоны даатгалын компаний архивыг судлаж байгаад үүнийг ажиглаж мэдсэн гэж ярьж байна. Аймшигийн кино бүтээгчид ч бас 13-ийн тоог уран бүтээлдээ их ашиглаж иржээ. 13-ийн тоонос айх нь цэвэр сүсэг бишрэл гэж хэлж байгаа ч энэ өдөр олон тооны осол гамшиг тохиолдож байсан нь үнэн баримт юм. Их британий эрүүлийг хамгаалах яамны доктор Алекс Скэнлон 13-ний өдөр бусад өдрүүдээс илүү олон тооны хүн эмнэлэгт хэвтдэг гэж ярьж байна. Үүнийг ч цагдаа нар бас нотолжээ. Арван гурван муу өдөр тул ямар нэгэн золгүй явдал тохиолдож магадгүй гэсэн бодол сүсэг бишрэлтэй хүмүүст байдаг. Энэ нь тухайн хүнийг тайван бус болгож золгүй явдалд өртөхөд нь нөлөөлдөг байна. Компьютерийн зарим нэгэн вирус 13-ний өдөр идэвхиждэг байна. 1988 оны 5 сарын 13 өдөр Jerusalem нэртэй вирус олон компьютерийг ажиллаагаанаас гаргажээ. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө НҮБ шинэ он тоолол зохиох уралдаан зарласан юм. Учир нь одоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч албан ёсоор хэрэглэж байгаа Григорийн он тоолол нь сарын эхний өдөр нь долоо хоногийн ямар ч гарагт таарч болдогтой холбоотой юм. Одоо дэлхий нийтээр хэрглэж байгаа он тооллын оронд сар бүр нь 4 долоо хоногтой, улирал бүр нь нэмэлт нэг долоо хоногтой он тооллыг санал болгожээ. Уг он тоолол ёсоор өвөл зун, хавар, намрын улирал нь нэмэлт долоо хоногоос эхлэж байх гэнэ. Улирал бүр нь 91, нэг жил нь 364 хоногтой байх юм байна. Түүнчлэн баасан гараг нь сар бүрийн 5,12,26 өдөр таарч байх юм байна.
Америкчууд 13-ийн тооноос үхэлцэгээ хагартал айдаг. Тэнд өндөр байшинд 13-р давхар гэж байхгүй. Бас нисэх компаниудад 13-р рейс гэсэн чиглэл байхгүй. Онгоцон дотор 13-р эгнээний суудлыг та хайгаад ч олохгүй. Америкийн Нью-Иорк хотын "Уолдорф-Астория” зочид буудал л ганцаараа 13-р давхартай. 20-р зууны дундуур АНУ-ын сансрын уудмыг судлан шинжлэх төвийнхөн 13-ийн тооны балагийг үзжээ. Сар руу хөөргөх “Аполлон” хөлөг 13 гэсэн дугаар авчээ. Уг хөлөг 4 сарын 13 өдөр 13 цаг 13 минутад 39-р хөөрөх талбайгаас хөөрсөн юм. 13-ийг 3-р үржүүлэх юм бол 39 гарч байгаа биз. Ингээд “Аполлон” хөлөгт хүчил төрөгчийн сав нь дэлбэрсэн юм. Гэвч 13-ийн тоог сайн гэж үздэг хүмүүс байдаг гэнэ. Католик шашинтнууд 13-ийг тоог ихэд дээдэлдэг.
Орчуулсан MEDE-NEWS 2006-10-15

Хоёр Герман хэрхэн нэгдсэн бэ?

10-р сарын 3 өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улс үндэсний баяраа тэмдэглэдэг. 1990 онд үзэл суртлын улмаас хоёр хэсэгт хуваагдсан герман улс нэгдсэн юм. 1990 оны 8 сарын 31 өдөр Холбооны Герман улсын дотоод хэргийн сайд Вольфганг Шойбле Ардчилсан Герман улсын ерөнхий сайдын дэргэдэх парламентын нарийн бичгийн дарга Гюнтер Краузе нэгдэх гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний дараа АНУ, Их Британи, Орос улс, Францын төлөөлөгчид хоёр Германы нэгдэх үйл явцыг дэмжинэ гэдэгт тунхаглалд гарын үсэг зурсан байна. Зүүн баруун Герман 1990 оны 10 сарын 3 өдөр албан ёсоор нэгдсэн юм. Энэ өдрийн шөнийн 00.00 цагаас Ардчилсан Герман улс өөрийн тусгаар тогтнолоо цуцалж Холбооны Бүгд Найрамдах Герман улсын бүрэлдэхүүнд орсон байна. Гэрээнд тусгасны дагуу нэгдсэн Германы нийслэл нь Берлин хот байна гэж заажээ. Иймээс Ардчилсан Германчууд дотоод болон гадаад бодлогоо баруун Германчуудад даатгажээ.
Дэлхийн миссийн тэмцээний тухай
2006 оны дэлхийн миссийн тэмцээнд Чех бүсгүй түрүүлсэн гэдгийг та дуулсан из дээ. Хамгийн анхны дэлхийн миссийн тэмцээн хэдэн онд зохиогдож байсныг та сонирхож байна уу? Тэгвэл энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 1951 онд Лондон хотын Мекка зарлал сурталчилгааны агентлагийн ажилтан Эрик Морли бүжгийн танхимын сурталчилгаанд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд гоо бүсгүйн уралдаан зохион байгуулахыг санаачилжээ. 1951 онд анхны Дэлхийн миссийн титэмийг Швед бүсгүй Кики Хааконсон авч байжээ. Тэрээр нэг мянган фунт стерлинг бэлнээр авч байсан гэнэ. Эхний тэмцээн амжилттай болсны дараа Эрик Морли эхнэрийн хамт дэлхийн гоо бүсгүйн уралдааныг зохион байгуулах фирм байгуулсан байна. Гоо бүсгүйн тэмцээнийг жил бүр Лондон хотод зохион байгуулж BBC телевиз шууд дамжуулж байв. Эрик Морли 2000 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ Дэлхийн миссийг зохион байгуулах хороог тэргүүлж байв. Харин одоо энэ албан тушаалыг түүний бэлбэсэн гэргий Жулия хашиж байна. Дэлхийн миссийн тэмцээнийг сайшаагчид байхад эрсэргүүцдэг хүмүүс ч байс байжээ. Одоо Дэлхийн миссийн тэмцээнийг дэлхийн 70 гаруй оронд шууд дамжуулан ТВ-ээр үзүүлдэг. 1988 оноос эхлэн BBC телевиз дэлхийн миссийн тэмцээнийг шууд дамжуулахаас татгалзсан шийдвэр гаргасан байна. Учир нь 1988 оноос өмнө зохиогдсон дэлхийн миссийн тэмцээний үеэр уг үйл ажиллагааг эсэргүүцэгчид шүүгч рүү хуурай гурил, өндөг, бэх цацаж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 1992-1995 онуудад дэлхийн миссийн тэмцээн Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохион байгуулагдсан бөгөөд одоо бараг жил бүр дэлхийн өөр өөр хотуудад энэ уралдааныг зохион байгуудах болжээ.1996 онд Дэлхийн миссийн тэмцээнийг Энэтхэгийн Бангалор хотод, 1997-1998 онд Сейшелийн аралд, 1999, 2000 онд Лондон хотод зохиогджээ. 2000 онд Африкийн Нигер улсад дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулаар завдаж байсан ч тэнд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж зохион байгуулагчид Лондон хотод тэмцээнээ явуулжээ. Тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийг ирсэн өдөр цагаар нь нарийн бүтргэж авдаг байна. Бүсгүйчүүдийг хамгаалалтад авч гадны хүмүүстэй уулзахыг хориглодог. Тэмцээн эхлэхээс 2-3 өдрийн өмнө family-party зохиодог бөгөөд энд оролцогч бүсгүйчүүдийн гэр бүлийнхэн, дотны найзууд нь оролцдог байна.

Трамвай

Саяхан монголд айлчилсан Чехийн ерөнхийлөгч Буянт-Ухаа, одоо бол Чингис хаан нисэх буудалаас /их сүртэй сонсогдож байна аа/ хотын төв хүртэл трамвайны шугам барьж Улаанбаатар хотод бэлэглэх санал тавьсан гэж 25-р суваг телевизийн мэдээгээр ярьж байхыг сонслоо. Одоо байгаа троллейбусны паркаа шинэчлэж чадаагүй байж бас трамвайны шугамаар ч яах юм билээ гэдэг бодол төрлөө. Цахилгаан тээвэр компаний инженерүүд нөөц бололцоогоо ашиглаад монголдоо троллейбус угсарсан байна лээ. Хувийн хэвшлийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс энэ монгол троллейбусанд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж би хүсэж байна. Чехууд монголд трамвай бэлэглэхээр шийдсэн бол одоо яая гэхэв. Бэлгийн мориний шүдийг тоолдоггүй гэдэг болохоор. Тэгээд ч монголчууд үнэгүй юманд нугасгүй хүмүүс шүү дээ. Чехүүд монголд трамвай бэлэглэнэ гэдгийг дуулаад трамвайны тухай мэдээлэл хайлаа. Ингээд олсон зүйлээ уншигчидтайгаа хуваалцахар шийдлээ. Трамвай гээч нийтийн тээврийн хэрэгсэл цаг хугацааны эрхээр үеэ өнгөрөөж байгаа юм байна. Цахилгаанаар ажилдаг. Бас галт тэрэг шиг төмөр замаар явна. Хурдны хувьд троллейбуснаасаа ч муу. Трамвайны ажиллах зарчмыг 1828 онд Оросын эрдэмтэн Якоби, Чикалев, Лочинов, Яблочков нар хамтран боловсруулсан юм байна. Дараа нь эрдэмтэн Ф. Пироцский эдгээр хүмүүсийн боловсруулсан зарчмыг судлаад анх удаа туршилт хийжээ. 1880 онд Оросын Санкт-Петербург хотын төмөр замаар анхны трамвайны вагон явжээ. Үүнээс 10 жилийн Оросууд трамвайг нийтийн тэврийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн байна. Киев хотод /Одоогийн Укрианы нийслэл/ трамвайны үйлдвэр байгуулагдаж зорчигч тээврийн зориулалттай тусгай цувааг угсарч эхэлжээ. Киев хотын төв гудамжинд 1,5 км урттай төмөр зам тавьжээ. Ингэж трамвай нийтийн тээврийн хэрэгсэл болжээ. Тухайн үедээ хамгийн дэвшилтэт технологи байсан тул трамвайны шугамыг 1896 онд Доод Новгород, 1898 онд Витебке, Курск, Екатеринослав хотууд нээжээ. Москва хотод 1899 оноос трамвайны үйлчилгээ эхэлсэн байна. 1907 оны 9 сарын 29 өдөр Санкт-Петербург хотод трамвайны шугам ашиглалтад оржээ. Тухайн үед тус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд морин тэрэг зонхилох үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Морин тэрэгний эзэд трамвайны үйлчилгээ нээгдсэнд эрс эсэргүүцэж байжээ. Трамвай олон жилийн түүхтэй нийтийн тээврийн хэрэгсэл юм байна.

1912 онд сүйрсэн Титаник хөлөг онгоцонд хэрэглэж байсан аврах хантаазыг Их Британид болсон дуудлага худалдаанд оруулж 43 мянган фунт стерлингээр борлуулжээ. BBC телевизийн мэдээллэж байгаагаар дуудлага худалдааг Уилтшир гүнлэгт зохион байгуулсан с Henry Aldridge & Son компани домогт Титаник усан онгоцтой холбоотой 360 нэр төрлийн барааг санал болгожээ. Дуудлага худалдаанд оруулсан эд зүйлүүдийн дотор зорчигчидын биедээ авч явсан хувийн эд зүйлс, Титаник хөлөг онгоцыг эзэмшигч"White Star Line" компаниас америкийн сенат руу илгээсэн цахилгаан мэдээ хүртэл байгаа гэнэ. Уг цахилгаан мэдээнд бүх зорчигчид аврагдсан бөгөөд хөлөг онгоц аюулгүй газар хүрсэн гэж бичжээ. Титаник хөлөг сүйрсэн тухай мэдээлэл нотлогдсоны дараа "White Star Line" компани ийм утгатай цахилгаан мэдээ явуулаагүй гэж мэдэгдэж байсан юм. Титаник хөлөг онгоцонд америкийн сенатын гишүүний охин, хүргэн нь зорчиж явсан юм. Титаник хөлгийн зорчигчдын хэрэглэж байсан аврах хантаазыг худалдан авах хүсэлтэй хүмүүс олон бйсан гэнэ. Учир нь бүрэн бүтэн үлдсэн Титаникийн аврах хантааз 7 ширхэг л байдаг юм байна. Их Британид дуудлага худалдаагаар борлуулсан аврах хантаазыг АНУ-ын Техас мужын Мемфисе, Флорида мужын Орланда хотын музейн үзмэр болж байжээ. Дуудлага худалдаа амжилттай болсон бөгөөд зохион байгуулагч компаний тооцоолж байсанаас илүү үнэд хүрсэн байна. Henry Aldridge & Son компани нь Титаник хөлгөөс олдсон эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарах ажлыг зохион байгуулдаг юм байна. Энэ оны 4 –р сард Титаник хөлгийн зорчигч Хелен Черрчиль Кэндийгийн авч явсан төрсөн ээжийнх нь хөрөг зурагтай энгэрийн тэмдэгийг 58 мянган фунт стерлингээр зарж байсан юм байна.
Орчуулсан MEDENEWS 2006-10-14

10-р сарын 3-8 өдрүүдэд Германы Франкфурт Майне хотод 58- дахь удаагийн номын баяр зохион байгуулагдсан юм. Энэ жилийн номын баярт дэлхийн 111 орны 7 мянга гаруй хэвлэлийн газар оролцсон байна. Оролцогчид 400 мянга орчим нэр төрлийн ном дэлгэн үзүүлсжээ. 10 сарын 3-аас 6 өдрүүдэд номын баярт зөвхөн мэргэжилтнүүд оролцсон бол 7, 8 өдрүүдэд хүссэн хүн бүрт номын баяр үүд хаалгаа нээжээ. Энэ өдрүүдэд дэлхийн 1000 орчим зохиолч уншигчидтайгаа нүүр тулан уулзсан байна. Уламжлал ёсоор номын баярт оролцож байгаа нэг орон номын зах ажиллуулдаг юм. Энэ жил Энэтхэг улс номын зах ажиллуулах эрх авчээ. Орчин үеийн энэтхэгийн уран зохиолын төлөөлөл болгон Викрам Сетх, Амитав Гхош, Амит Чаудхури зэрэг зохиолчидын уран бүтээлийг сурталчилсан байна. Германд Дорно дахины уран зохиол тэр дундаа энэтхэгийн уран зохиолыг сонирхох болжээ. Энэтнхэг улс Франкфуртын номын баярт хоёр дахь удаагаа урилгаар оролцож байгаа юм. Урьд өмнө нь нэг орныг хоёр удаа уриж байсан түүх байгаагүй юм. Энэтхэгт 200 гаруй хэл 5000 орчим нутгийн аялгуу байдаг. Эдгээрээс зөвхөн 24 хэлээр нь л ном хэвлэгдэн гарчээ. Энэтхэгийн төлөөлөгчид Франкфуртын номын баярт дэлгэн үзүүлэх номондоо их анхаарал хандуулжээ. Тэд маш олон жанрын ном сонгон Франкфуртад авчирсан байна.

Халаасны хулгайчид гар утас хулгайлж чадахгүй.



Эзэн нь гар утасаа хулгайд алдсан тухайгаа мэдэгдмэгц REMOTE XT гэдэг нэртэй гар утасанд суулгасан программ ажиллаж дуут додио өгч, утасны дэлгэц дээр “Энэ утас хулгайлагдсан” гэдэг бичиг гарч ирэх гэнэ. Түүнчлэн утсанд сануулсан бүх мэдээлэл / мессеж, санамжинд хадгалсан утасны дугаарууд, зураг, дуу хөгжим/ автоматаар устгагдах юм байна. Урт гартнууд гар утас хулгайлахаа болино гэдэгт итгэж байна гэж Их Британий цагдаагийн газрын үүрэн холбооны салбарын гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан үзэж байна. Сүүлийн үед Их Британид гар утасны хулгай ихсэж байгаа гэнэ. Үүрэн холбооны операторууд хулгайлагдсан утасны SIM card-ыг ажиллагаагүй болгодог үйлчилгээг санал болгож байгаа боловч сард 10 фунт стерлинг буюу 20 долларын үнэтэй энэ үйлчилгээнээс ихэнхи хүмүүс татгалздаг байна.